Мянганы сорилтын гэрээгээр асуулга тавив
2012.03.09

Мянганы сорилтын гэрээгээр асуулга тавив

УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Г.Баярсайхан, Ц.Сэдванчиг, З.Энхболд нар Мянганы сорилтын гэрээний хэрэгжилтийн талаар Ерөнхий сайд С.Батболдод асуулга тавилаа.
Дээрх гишүүд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн долдугаар зүйлийн 1-ийн 13 дахь заалтыг үндэслэн Ерөнхий сайдад дараах асуулгыг тавьсан байна. Мянганы сорилтын гэрээг анх 2007 онд баталсан боловч тодорхой  шалтгаанаар хойшилж, гэрээнд оруулах нэмэлт өөрчлөлтийг УИХ-аар 2010 оны нэгдүгээр сарын 28-ны өдөр баталсан. Уг гэрээгээр төслүүдийг дараах байдлаар санхүүжүүлэхээр шийдвэрлэснийг эрхэм гишүүд  асуулгадаа сануулсан байна.

  1. Чойр-Сайншанд чиглэлийн 176,4 км. урт авто зам, Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км. урт авто зам зэргийг шинээр барих, Нийслэлийн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэлх 17,5 км. урт авто замыг шинэчлэн засварлах, түүнчлэн 260 урт метр Баянзүрхийн гүүрийг шинээр барих зорилго бүхий “Авто зам” төсөлд нийт 79,7 сая ам.долларын санхүүжилт:
  2. Эрчим хүчинд хэмнэлттэй шинэ бүтээгдэхүүн, технологи болон Салхины эрчим хүчний үйлдвэрлэлийг дэмжих Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах зорилго бүхий “Цэвэр агаар” төсөлд нийт 47,2 сая ам.долларын санхүүжилт:
  3. Бусад төслүүдийн хамрах хүрээг өргөтгөж, зориулалтыг нь тус тус шинэчлэн, төслүүдийн санхүүжилтийг дараахь байдлаар нэмэгдүүлнэ: “Хот орчмын бэлчээрийн менежмент” төсөл 28,1 сая ам.доллар (өмнө нь 23,1 сая), “Мэргэжлийн боловсрол” төсөл 47,6 сая ам.доллар (өмнө нь 25,5 сая) болон  “Эрүүл мэнд” төсөлд 39,1 сая ам.доллар (өмнө нь 17 сая) төгрөг гэсэн санхүүжилтийг төлөвлөөд байжээ.
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг салбарын сайд, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны удирдлагатай хамтарч ажиллан Улиастайн уулзвараас Баянзүрхийн товчоо хүртэлх 3,4 км авто замыг шинээр барих, нийслэлийн Баянзүрхийн товчооноос Налайх хүртэл 17,5 км авто замыг шинэчлэн засварлах бүтээн байгуулалтын ажлыг оруулжээ. Гэтэл гэрээ батлагдсанаас хойш хоёр жил гаруй хугацаа өнгөрсөн ч уг ажлын гүйцэтгэгчийг уралдаант шалгаруулалтаар шалгаруулаагүй байгаа гэсэн мэдээлэл байгааг эрхэм гишүүн асуулгадаа дурдсан байна.

“Шалтгаан нь төслийн нэгжийн ажилтан хувийн ашиг сонирхлын үүднээс хандаж холбогдох хууль, тогтоомжийг зөрчсөн гэсэн албан бус мэдээлэл байдаг.

Монгол Улсын Үндсэн хуульд Ерөнхий сайд, Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хариуцна гэж заасан байдаг.

Парламент дахь цөөнхийн үндсэн үүрэг бол олон нийтийн эрх ашгийн үүднээс эрх баригчдын үйл ажиллагаа болон хуулийн хэрэгжилтэд хяналт тавих, хууль зөрчигчдөд улс төрийн хариуцлага тооцох явдал юм. Энэ нь хуулийн хэрэгжилтийн ард улс, нийт иргэд, тухайн салбарын ажиллагсадын эрх ашиг байдагтай холбоотой.

Тиймээс парламент дахь цөөнх бол хуулийг өгүүлбэрээр байтугай үгээр зөрчүүлэхгүй байх үүрэгтэй. 2012 оны болон 2011 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулиар 2,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт бүхий бүтээн байгуулалтын ажил хийгдэхээр болсон.

Иймд Мянганы сорилтын гэрээг хэрэгжүүлэхэд гарсан, хууль зөрчсөн увайгүй үйлдлийг төсвийн тухай хуулийг хэрэгжүүлэхдээ давтан гаргуулахгүй байхад анхаарч ажиллахыг энэ дашрамд Танаас хүсье. Мянганы сорилтын гэрээг үр дүнтэй, хугацаандаа хэрэгжүүлэх, хугацааны хоцрогдлыг арилгаж заасан хугацаанд нь хэрэгжүүлэх, хууль зөрчигчидтэй хариуцлага тооцох, төслийг үр дүнтэй хэрэгжүүлж дуусгахын тулд олон улсын түвшинд хэрэгжилтийн явцын болон үр дүнгийн үнэлгээ хийх, төслийн хэрэгжилтийн үр дүнгээс манай улсын нийгэм эдийн засгийн амьдралд үзүүлж буй нөлөө, үр өгөөжийг тооцон, олон нийтэд таниулан сурталчилах талаархи мэдээллийг ирүүлэхийг хүсье.

Уг  асуулгын хариуг УИХ-ын тухай хуулийн 33.3,33.4-д зааснаар   ирүүлж, УИХ-ын  нэгдсэн хуралдаанд сонсгохыг Танаас хүсье” гэж нэр бүхий гишүүд Ерөнхий сайдад хандсан асуулгадаа дурджээ.
Эх сурвалж
Vip76.mn
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.