“Монгол, Японы бизнес форум” түүчээлэв
2015.08.27

“Монгол, Японы бизнес форум” түүчээлэв

Монгол Улсын Засгийн газар, Японы эдийн засгийн холбоо /Кэйданрэн/ хамтран “Монгол, Японы бизнес форум”-ыг өнгөрсөн онд амжилттай зохион байгуулсан билээ. Үүний түүчээ болгож энэ өдрүүдэд тус форум манай улсад болж байна.

Энэхүү форумд манай талаас Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эрчим хүчний сайд Д.Зоригт, Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал болон бусад төлөөлөгч оролцсон юм. Харин Японы талаас Японы эдийн засгийн холбоо (Кэйданрэн)-гийн ерөнхийлөгч С.Сакакибари, дэд ерөнхийлөгч, “Тоёота” корпорацийн ТУЗ-ийн дарга Т.Учияамада, зөвлөхүүдийн танхимын дарга “Шимизу” корпорацийн ерөнхийлөгч Ё.Мияамото болон бусад төлөөлөгч оролцлоо. Форумыг нээж Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн үг хэлсэн юм. Тэрбээр “Хоёр оронд байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг бодит ажил хэрэг болгох үйлст бизнесийн байгууллага, хүмүүсийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй” гэдгийг онцлов. Цаашлаад “Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Токио хотноо зохион байгуулсан Монгол, Японы бизнес форумын үеэр хэлсэн “Хамтарч судлая, хамтарч үйлдвэрлэе, хамтарч борлуулъя” гэсэн уриаг тодотгосон юм. Харин түүний дараа Японы эдийн засгийн холбоо

(Кэйданрэн)-гийн ерөнхийлөгч С.Сакакибари үг хэлэв. Тэрбээр “Манай холбоонд дэлхийд нөлөө бүхий Японы 1329 компани, үндэсний үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын төрөлжсөн 109, орон нуггийн 47 холбоог эгнээндээ нэгтгэсэн, Улсдаа байх гурван том холбооны нэг юм. Анх байгуулахдаа эдийн засгийн хөгжил, хүн ардын аж амьдралыг дээшлүүлэхэд хувь нэмрээ оруулах зорилготой байсан. Харин өнөөдөр хүрээгээ тэлж өөр улс орны хэмжээнд үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Японы Засгийн газраас Азийн дэд бүтцийг дэмжиж, ирэх таван жилд 110 тэрбум ам.долларын санхүүжилт хийхээр болсон.” гэж хэлэв.

Тэднийг үг хэлж дууссаны дараа форумын илтгэл тавих үйл ажиллагаа эхэллээ. Эхний илтгэлийг Монголбанкны ерөнхийлөгч Н.Золжаргал “Монгол Улсын макро эдийн засгийн төлөв байдал, хандлага” сэдвээр тавьж, оролцож буй зочдын дунд хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэ удаа тавигдсан илтгэлүүдээс хамгийн их анхаарал татсан нь Эрчим хүчний сайд Д.Зоригтын “Монгол Улсын эрчим хүчний салбарын бодлого, хуулийн шинэчлэл” байсан юм. Түүний илтгэлийн гол санаа нь эрчим хүчний найдвартай эх үүсвэрийг бий болгохын тулд Монголын төр, засгаас хийж хэрэгжүүлж байгаа ажил, Шүрэн, Эгийн голын усан цахилгаан станц зэргийг түшиглэж эрчим хүч үйлдвэрлэх боломжийн талаар тусгасан байв.

Форумын төгсгөлд талууд Монгол, Японы эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг  түшиглэн Японы хөрөнгө оруулалт, “ноу-хау" нэвтрүүлэх, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ Япон болон гуравдагч зах зээлд нийлүүлэх, улмаар бүс нутгийн үйлдвэрлэлийн сүлжээ, эдийн засгийн холбоонд нэгдэх боломж асар их бий гэдгийг тодотгож, Японы туршлагыг Монголын хөрсөнд буулгах санал солилцсонд байлаа.

Хамтран ажиллах боломж бүрдэхийг үгүйсгэхгүй 

Энэ үеэр Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэнгээс зарим зүйлийг тодрууллаа. 

Хоёр дахь удаагаа болж буй “ Монгол Японы эдийн засгийн форум”-ын үр дүнг хэрхэн төсөөлөв?

-Японы тал 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй манай улсад хоёр өдрийн турш харилцан туршлага солилцох, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөтгөх, шинэ гарц хайх сэдвийн хүрээнд чууллаа. Энэ удаагийн форумаар олон үр дүн хүлээж байна. Тухайлбал, тус улсын томоохон корпорацийн төлөөлөл ирсэн Тэдэнтэй уулзаж бүтээгдэхүүн, үйлчилгээ өөрийн улсын хөрсөнд буулгаж болсон бүтээгдэхүүн үйлчилгээг судлах, харилцан санал солилцсоны дүнд хамтран ажиллах боломж бүрдэхийг үгүйсгэхгүй. Тус улс ч мөн ийм сонирхолтой байгаагаа уламжилсан.

-Талууд харилцан илтгэл тавьж, санал солилцлоо. Японы олон корпорацийг эгнээндээ нэгггэсэн өргөн бүрэлдэхүүнтэй баг ирж. Манай талаас ч тэргүүлэгч гэж нэрлэж болохоор баялаг бүтээгчид ирсэн харагдана ?

-Дотоодын баялаг бүтээгчдийг гадныхан харилцан туршлага солилцуулах нь форумын бас нэг зорилго. Энэ нь тэр бүр олдоод байдаг боломж биш.

-Форумын үр дүн удалгүй гарна гэж байхгүй. Гэхдээ "Тоёота”-гийн сэлбэг хэрэгслийн үйлдвэр дотоодод байгуулагдахыг  үгүйсгэхгүй гэдгийг хэлж байсан. Үнэхээр тийм боломж бий юу?

-Томоохон корпорацийн төлөөлөл ирсэн байна. Харилцан санал солилцсон. Үр дүн гарах байх.