Хөдөлмөрийн сайдын онцгой санаачилга
Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан
2015.11.09

Хөдөлмөрийн сайдын онцгой санаачилга

За ямар онцгой санаачилга гаргав гэж сонирхож байгаа бол хэлээд өгье. Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан ажлаа авсныхаа дараахан хэд хэдэн мэргэжлийн боловсрол, сургалтын төвөөр орж танилцсан.

Мөн хэд хэдэн даалгавар өгсний нэг нь Монгол-Солонгосын политехник коллежид автомашины кузов засварын анги нээх тухай байсан юм. Энэ санаачилгыг л хувьдаа онцгой гэж дүгнээд байгаа хэрэг. Юугаараа онцгой вэ гэж үү. Өнөөдөр Монголд автомашины кузов засвар тал дээр Вьетнамчууд бүрэн  ноёрхож байгаа. Цөөхөн монгол ажилчидтай засварын газар байгаа ч иргэд Вьетнам засварын газрыг сонгодог нь үнэн.

Мэдээж чанар нөлөөлдөг байх. Нөгөө талаар монголчууд дунд гадныхнаас илүү чанартай хийдэг хүмүүс байгаа ч манайхан өөрсдөө тоохгүй байх тал бий. Энэ том зах зээлийг бид өөрсдөө эзэлбэл хэчнээн хүн ажилтай, орлоготой байж чадах билээ. Тиймээс кузов засварын ангитай болно гэдэг үнэхээр онцгой хэрэг билээ. Энэ зөвхөн санаачилга ч биш аль хэдийнэ ажил хэрэг болсон юм. Энэ сарын 3-нд Монгол-Солонгосын политехник коллежид кузов засварын ангийн нээлт болсон.

Авто кузов засварчны анхны ангид суралцахаар 25 залуу бүртгүүлсэн юм билээ. Тэгэхээр тун удахгуй 25 засварчин зах зээл дээр гарч, Вьетнамчуудтай өрсөлдөх нь. Тиймээс өнгөрсөн “Долоо хоногийн дуулиант нөхөр”-өөр Хөдөлмөрийн сайд Г.Баярсайханыг онцоллоо. Тэр үнэхээр Хөдөлмөрийн сайд хүний хийх ёстой ажлыг хийж, санаачиллаа. Хөдөлмөрийн сайд хүний олж харах ёстой зүйлийг олж харж чадсан. Тийм байхад овоодоо гэхгүй бол хэзээ урам өгөх билээ.

Өнөөдөр улсын хэмжээнд 700 гаруй мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байгаа. Түүний 400 гаруй мянга нь Улаанбаатар хотод чихэлдэж байна. Энэ тоо жилээр биш сараар нэмэгдэж байгаа шүүдээ. Дээрээс нь өдөрт хэдэн авто осол гардаг билээ. 50, 60-аар тоологдоно. Багаар авч үзэхэд. Тэр болгоныг биш юм аа гэхэд ядаж л 50 хувийг нь зайлшгүй засах шаардлагатай гэж үзвэл хэр хэмжээний эрэлт байгаа нь ойлгомжтой.

Тийм болохоор бид кузов засварчдаа бэлтгэх цаг аль хэдийнэ болчихсон. Хөдөлмөрийн сайд зөвхөн кузов засварын анги нээгээдзогсохгүй Хөдөлмөрийн яамнаас монгол ажилтантай авто кузов засварын газрыг бодлогоор дэмжиж, энэ чиглэлээр Аж үйлдвэрийн яамны жижиг дунд үйлдвэрийн газар, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран ажиллахаар төлөвлөж байгаа юм билээ.

Үүнийгээ л ажил хэрэг болгоод, монгол ажилтантай кузов засварын төвүүдийг ихээр нээх хэрэгтэй байна. Хийх ч байх. Тэгээд ч Монгол-Солонгосын политехник коллеж кузов засварчин бэлтгэхдээ мэргэжлийн баг ажиллуулж байгаа юм билээ. Дээрээс нь дадлагыг авто завсарын үйлчилгээ эрхэлдэг томоохон аж ахуйн нэгжүүдийг түшиглэн явуулж, улмаар төгсөгчдийг ажлын байраар хангах боломжтой болж буй гэнэ.

Эхний санаачилгыг “Дельта авто сервис”, “Монгол хьюндай” зэрэг компани гаргаж, суралцагчдыг дадиага хийлгэх, ажлын байраар хангах чиглэлд хамтарч ажиллахаар болсон төдийгүй сургууль болон суралцагч, аж ахуйн нэгж, дүүргүүдийн Хөдөлмөрийн хэлтэстэй дөрвөлсөн гэрээг байгууллаа.

Үүн дээрээсээ нэмээд, болж өгвөл Вьетнамаас багш авчирдаг бол бүр сайхан хэрэг, тийм үү. Тэдний биднээс илүү гараад байгаа нууц нь юу вэ гэдгийг яаж ийж байгаад мэдэхэд илүүдэхгүй. Тэгээд хэдэн жилийн дараа манайхан өөрсдөө хэнээс ч дутахгүй кузов засварчидтай болчихвол аятай. Үүнтэй холбогдуулаад Вьетнамаас орж ирж байгаа засварчдын урсгалыг тодорхой хэмжээнд хязгаарласан ч болно. Энэ мэтээр төрөөс зохицуулалт хийгээд явбал манайхан дотооддоо мөнгөө хадгалаад, гадагш нь урсгахгүй байж болохоор байна.