1-17 дугаар бүлэгт байгаа өрхүүдийн хүүхдийн мөнгө шууд олгогдоно
ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнэ
2015.11.30

1-17 дугаар бүлэгт байгаа өрхүүдийн хүүхдийн мөнгө шууд олгогдоно

Эдийн засгаас хямралаас үүдэн ирэх оноос хүүхдийн мөнгийг ялгавартайгаар олгож эхэлнэ гэх мэдээлэл цацагдаад байгаа. Энэ онд хүүхдийн мөнгөнд 256 тэрбум төгрөг төсөвлөж байсан бол саяхан батлагдсан 2016 оны төсөвт 144 тэрбумыг хүүхдийн мөнгөнд зориулахаар болжээ. 

Улсын хэмжээнд 0-18 насны 978 мянга орчим хүүхэд байдаг. Дээрх батлагдсан төсвөөр бол 978 мянган хүүхдийн 60 орчим хувь хүүхдийн мөнгө авахаар болоод байна. Тэгвэл айл өрхүүдийг хэрхэн ангилж хүүхдийн мөнгийг олгох болсон талаар ХАХНХЯ-ны сайд С.Эрдэнээс тодрууллаа. 

-Хүний хөгжил сангаас Хүүхдийн мөнгөнд төсөвлөсөн мөнгийг 40 гаруй хувиар бууруулж, 144 тэрбумаар баталсан. Тэгэхээр нэлээд олон айл хүүхдийн мөнгө авч чадахгүй болох нь ээ? 

-Нийгмийн халамж үйлчилгээг зорилтот бүлэг рүү чиглүүлж, оновчтой зөв бодлого болгон хэрэгжүүлье гэдэг зүйл яриад байгаа. Хэн нэгнийг ялгаварласан зүйл байхгүй. Ер нь төрөөс үзүүлж байгаа аливаа халамж үйлчилгээний бодлогыг хэрэгтэй хүнд нь өгье л дөө. Хэрэггүй хүнд өгч яах гээд байгаа юм, мөнгөний гарз шүү дээ. 

Ер нь өмнөх жилүүдэд дандаа л хавтгайрсан халамжийг үзүүлж ирсэн. Бололцоотой айлын хүүхдүүдэд сарын 20 мянган төгрөг өглөө ч яалаа, байлаа ч яалаа. Бололцоотой айл хүүхдээ 20 мянгатай мянгагүй аваад явчихна. Гэтэл хүнд амьдралтай айлуудад хүүхдийн 20 мянга бол маш чухал байгаа. Амьдралд нь ч нэмэр болж байгаа. 

-Тухайн өрхийн амьдралд 20 мянган төгрөг хэрэгтэй, хэрэггүй яаж ялгах вэ. 760 мянга гаруй өрхийн хэд нь ирэх онд хүүхдийн мөнгө авах вэ?  

-Бүх айл өрхийг 20 категорит хуваасан байгаа. Эхний буюу нэн ядуу таван категори, арай гайгүйвтэр тав, түүний дараагийн буюу дундаж айл өрхүүдэд эд хүүхдийн мөнгө олгоно. 

Хамгийн сүүлийн гурав, өөрөөр хэлбэл чинээлэг гэж хэлж болох гурван бүлгийг чөлөөлөөд 1-17 дахь хэсэгт хүүхдийн мөнгийг олгох юм. Эхний 17 бүлэгт нийт хүүхдийн 83 хувь хамрагдаж байгаа. 

-Иргэд өөрийгөө аль бүлэгт хамрагдаж байгааг яаж мэдэх вэ. Тухайлбал 17, 18 хоёрын алинд нь хамрагдаж байгаагаа мэдэхгүй байж болох юм? 

-Дүүргүүдийн Халамж үйлчилгээний хэлтсээсээ шүүлгээд мэдэж болно. Угаасаа бүх дүүрэг, аймгийн Халамж үйлчилгээний хэлтэст айл өрхүүдийн амжиргааны түвшний баталгаат мэдээлэл бий.  

Тэгээд ч хүүхдийн мөнгийг дансаар олгож байгаа. Олгогдох хүүхдийн мөнгө шууд дансанд нь орно.Дансанд нь мөнгө орохгүй бол хасагдсан гэсэн үг. Дахиж очоод бүртгүүлээд байх шаардлагагүй.

Хэрвээ хасагдсан байвал яагаад хасагдав гэдгээ лавлаж болох юм. Мөн өргөдөл гомдол гаргаад түүнийгээ шийдүүлж болно. Хууль нь нээлттэй байгаа. 1-17 дугаар бүлэгт байгаа айл өрхүүдийн хүүхдийн мөнгө ямар ч асуудалгүй олгогдоно гэж ойлгож болно.