МҮЭХ-ноос “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг МАХН-д гардууллаа
МҮЭ-ийн холбооноос Улсын Их Хурлын 2016 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвсэл, нэр дэвшигчдэд хүргүүлэх “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг боловсруулжээ.
Уг бичиг баримтыг хамгийн эхэнд МАХН-нд өнөөдөр гардуулан өглөө.
МҮЭ-ийн холбоо нь баялаг бүтээгч-хөдөлмөр эрхлэгчдийнхээ олонхыг төлөөлдөг иргэний нийгмийн томоохон байгууллагын хувьд улс орны улс төр, эдийн засаг, нийгэм, иргэдийнхээ хөдөлмөр, аж байдлын өнөөгийн нөхцөл байдлыг харгалзан 2016 оны УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүдэд хандаж дараах “Хөдөлмөрчдийн нийгмийн захиалга” баримт бичгийг гаргажээ. Энэхүү нийгмийн захиалгад санал болгосон асуудлуудыг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө тусган хэрэгжүүлэх улс төрийн нам, эвслүүдтэй цаашид хамтран ажиллах юм байна.
- Иргэддээ үйлчлэх үүргээ хариуцлагатай биелүүлдэг цомхон чадварлаг, тогтвортой төрийн бий болгох,
- Монгол Улсын Үндсэн хуулийн 5 дугаар зүйлд заасан“Төр нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдал.аж ахуйн бүх хэвшлийн болон хүн амын нийгмийн хөгжлийг хангах зорилгод нийцүүлэн эдийн засгийг зохицуулна”гэсэн заалтыг тууштай баримталж, Үндэсний эдийн засгийг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх хөтөлбөрийг боловсруулан монгол хүний амьдралын чанарыг богино хугацаанд дээшлүүлэхэд чиглэсэн эдийн засаг,нийгмийн хөгжлийн цогц бодлого хэрэгжүүлж дараах асуудлыг нэн тэргүүнд авч үзэх.
- Зохистой хөдөлмөрийн үзэл баримтлалыг тууштай хэрэгжүүлж бүтээмжтэй, тогтвортой, чанартай ажлын байрыг буй болгох замаар эрүүл аюулгүй, ажилтан хүн өөрийн төдийгүй гэр бүлийнхээ амжиргааг хангахуйц цалин орлоготой, амьдралын аливаа эрсдлээс бүрэн хамгаалагдсан, нийгмийн түншлэл, ажилтан, үйлдвэрчний эвлэлийн эрх хангагдсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг хөгжүүлэх,
- МҮЭ-үүд нийгмийн хурц асуудлууд болох ядуурал, ажилгүйдэл, эдийн засаг, нийгмийн тэгш бус байдал, эдгээрээс үүдэлтэй баян хоосны ялгааг арилгах, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн даатгал, халамж зэрэг төрийн үйлчилгээ хомсдох, хүртээмж нь багасах явдлаас урьдчилан сэргийлэх чадамжтай нийгмийн баримжаатай төрийн бодлогын төлөө байна. Тиймээс ядуу хэсгийн амьжиргааг дээш татахын тулд өдөрт найман мянган төгрөгөөс доош орлого бүхий хүнийг нэн бага орлоготойд тооцож ийм айл, өрх, хувь хүнд олгох тэтгэмж тусламжийн хэмжээг нэмэгдүүлэх бодлого хэрэгжүүлэх,
- Олон улсын түвшний хууль, конвенцоор хүлээн зөвшөөрөгдсөн Үйлдвэрчний эвлэлийн үндсэн эрхүүд болох чөлөөтөй эвлэлдэн нэгдэж ҮЭ байгуулах, төр, ажил олгогчтой хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, ажил хаях эрхийг хүлээн зөвшөөрч нийгмийн түншлэлийн зарчмаар хамтран ажиллах зэрэг олон салбарыг хамарсан шаардлагуудыг хүргүүлж байгаа ажээ.