НББХ-ны дарга Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа
2024.09.13

НББХ-ны дарга Л.Энхнасан БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан манай улсад айлчлал хийж буй Бүгд Найрамдах Социалист Вьетнам Улсын Үндэсний Ассамблейн залуу төлөөлөгчдийн бүлгийн дэд дарга Чинь Суан Ан тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2024.09.13) хүлээн авч уулзлаа.

Монгол, Вьетнам Улсууд түүх, оюун санаа, өв соёл, уламжлалын гүнзгий хэлхээ холбоотой бөгөөд 1954 оны 11 дүгээр сарын 17-нд дипломат харилцаа тогтоосноос хойшх 70 жилийн хугацаанд хоёр талын найрамдалт, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа бүхий л салбарт амжилттай өргөжин хөгжсөнийг Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга Л.Энхнасан онцлоод, үүний дотор парламент хоорондын харилцаа ихээхэн үр дүнтэй өрнөж, зохих түвшинд хүрээд байгаад сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Тэрбээр, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн дүн, эмэгтэй гишүүдийн тухай болон Нийгмийн бодлогын байнгын хорооны талаар тодорхой танилцуулж, Монгол Улсын гадаад бодлогод Зүүн өмнөд Азийн улс орнуудтай хөгжүүлж буй харилцаа чухал байр суурь эзэлдгийг дурдан, цаашид олон талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна гэлээ.

БНСВУ-ын Үндэсний Ассамблейн гишүүн Чинь Суан Ан Монголын парламентын үйл ажиллагаанд амжилт хүсээд, Үндэсний Ассамблейн 124 гишүүнтэй залуу төлөөлөгчдийн бүлэг, 151 гишүүн бүхий эмэгтэй төлөөлөгчдийн бүлгийг танилцуулан, Нийгмийн бодлогын хорооны даргын мэндчилгээг уламжлав. Хоёр улсын харилцааны хөгжилд хууль тогтоох байгууллагуудын хоорондын хамтын ажиллагаа ихээхэн чухал болохыг тэрбээр онцолж, нэн тэргүүнд нийгмийн салбарын эрх зүйн шинэчлэлийн талаар харилцан туршлага судлах, Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээрүүдийн хэрэгжилтийг идэвхжүүлэх, Монгол Улсад ажиллаж, амьдарч байгаа вьетнам иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.

Уулзалтад Монгол Улсын Их Хурлын гишүүн С.Эрдэнэбат, БНСВУ-аас манай улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Нгуен Дуан Тань, тус улсын Үндэсний Ассамблейн Нийгмийн бодлогын хорооны байнгын гишүүн Ло Ти Виет Ха, Хууль зүйн хорооны байнгын гишүүн Нгуен Зань Ду, Санхүү, төсвийн хорооны орон тооны гишүүн Нгуен Тань Чунг, Залуу төлөөлөгчдийн бүлгийн гишүүн Нгуен Хьу Тонг, Ро Чам Х’Пик, Нанг Со Ви, Куанг Ти Нгует нар оролцлоо.