Су.Батболд: ИТХ намын биш, иргэдийг төлөөлсөн байгууллага байх ёстой
2012.08.29

Су.Батболд: ИТХ намын биш, иргэдийг төлөөлсөн байгууллага байх ёстой

УИХ-ын гишүүн Су.БАТБОЛДТОЙ ярилцлаа. Тэрээр Орон нутгийн хурлын сонгуулийн хуулийн төслөөр МАН-аас байгуулсан ажлын хэсгийн ахлагч юм.

Орон нутгийн хурлын сонгуулийн хуулиар МАН танаар ахлуулсан ажлын хэсэг байгуулсан гэсэн. Ямар нэгэн шийдэлд хүрсэн үү?

-Өмнөх УИХ-ын бүрэн эрхийн хугацаанд Д.Лүндээжанцан гишүүний өргөн барьсан хуулийн төсөл бий. Тэр төслийг бид дэмжиж байгаа. Харин Төрийн байгуулалтын байнгын хороо тэр хуулийн төслийг дахин хэлэлцэхгүй гээд шинэ төсөл өргөн барьсан байна лээ. МАН тэр өргөн барьсан хуулийн төсөлтэй зарчмын хувьд хэд хэдэн үндэслэлээр санал нийлэхгүй. Саналаа хэлнэ гэж бодож байгаа.

-Өргөн барьсан төслөөр бол сонгуулийг холимог тогтолцоогоор явуулъя гэж байгаа. Сая болсон УИХ, бас НИТХ-ын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулсан шүүдээ?

-УИХ-ын сонгууль, орон нутгийн сонгууль хоёр адилхан явах ёстой гэж яриад байгаа. Тийм юм байхгүй. Энэ хоёр сонгууль чинь өөр. УИХ-ын сонгууль бол улс төрийн намуудын идэвхтэй оролцоонд тулгуурлаж явдаг. Харин орон нутгийн ИТХ-ын сонгууль бол орон нутгийн эрх барих, бодлого шийдвэр гаргах иргэдийн төлөөллийн байгууллагыг сонгох сонгууль. Тэгэхээр зарчмын хувьд өөр сонгууль. НИТХ-ын сонгуулийн хууль бол биднийг шахаж, хавчиж, элдэв болж байж л батлуулсан хууль. АН-ынхан хүчээр түрж, үгүй бол шантаажилж л хууль батлуулдаг улс. НИТХ-ын сонгуулийн хууль бол яг тэр арга барилаар батлагдсан хууль. Одоо бол аймаг, сум, дүүргийн ИТХ-ыг сонгох сонгуулийг Үндсэн хуулийн зарчимд нийцүүлж явуулах ёстой.

-Үндсэн хуулийн зарчим гэдэг нь...?

-Үндсэн хуулийн зарчмаар бол ИТХ нь иргэдээс бүрдсэн байх юм. Улс төрөөс харьцангуй ангид байх ёстой гэсэн зарчим үйлчилж байгаа. Орон нутгийн эрх хэмжээний асуудлыг бие даан шийдвэрлэдэг байгууллагыг байгуулж өгөх учиртай юм. Түүнээс Улаанбаатарт байрлалтай намуудын төлөөлөл орон нутагт очиж ажил амьдралыг нь зохицуулдаг, оролцдог тогтолцоог багасгах хэрэгтэй. Тиймээс бид УИХ-ын сонгуулийн хуулийн зарчмыг баримтлах шаардлагагүй гэж үзэж байгаа. Ер нь бол мажоритар тогтолцоогоор явуулах ёстой гэж үзсэн.

Бид өмнөх УИХ-ын хугацаанд, бүр АН-ын зарим гишүүд хүртэл улс төрийн намуудын оролцоог аль болох багасгая гэж байсан. Гэтэл ИТХ-д жагсаалтаар намуудын төлөөлөгчийг суулгах гэж байгаа нь хэт улстөржсөн байдал руу түлхэж оруулна. Уг нь иргэд оролцох бололцоог хангасан хуулийн төсөл байх учиртай. Энэ нь намуудын төлөөлөл нэр дэвшүүлэх ч иргэд хэн гэдэг хүнийг сонгохоо мэддэг байх ёстой. Манай орон нутгийн сонгогч цөөхөн. Тиймээс суманд хэнийг, аймагт хэнийг сонгох вэ гэдгээ өөрсдөө мэдээд шийдэх эрхийг ард иргэдэд өгөх хэрэгтэй. Улс төрийн намуудыг хэтэрхий их дөвийлгөх шаардлагагүй.

-Өргөн барьсан төслөөр бол аймаг бүрийн ИТХ-ын тоо харилцан адилгүй байх юм билээ. Зөв үү?

-ИТХ-ын төлөөлөгчийн тоог тогтоохдоо хүн амын тоо, засаг захиргааны нэгжийн тоог баримтлах нь зөв. Мажоритар систем дээр ч тоог тэгж тогтоож болно.

-Мажоритар нь ямар байх вэ. Олон мандаттай байх уу, нэг тойрог нэг мандат байх уу?

-Хамгийн тохиромжтой нь нэг тойрог нэг мандат. Болохгүй бол олон мандаттай нэг тойрог байж болно. Хамгийн гол зарчим бол ИТХ намын биш, иргэдийн төлөөллийн байгууллага байх ёстой.

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.