Г.Баярсайхан Абилимпийн шагналтнуудад хүндэтгэл үзүүлэв
Олон улсад мэргэжилтэй ажилчдын олимп хэмээн хүлээн зөвшөөрөгдсөн Абилимп буюу хөгжлийн бэршээлтэй иргэдийн мэргэжлийн ур чадварын тэмцээн энэ сарын 23-28-нд Францын Бордо хотноо болсон.
Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн нэр хүндтэй энэ тэмцээнд анх удаа оролцсон Монголын баг гурван мөнгөн медаль, нэг тусгай байрын шагналтай өнөөдөр эх орондоо ирлээ.
Эх орныхоо нэрийг дэлхийн тавцанд мандуулж, монгол мэргэжилтнүүдийн ур ухааныг гайхуулаад ирсэн Монголын абилимпийн багийнхныг Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан хүлээн авч хүндэтгэл үзүүлсэн юм. Абилимпид манай улс 11 мэргэжлээр оролцсон бөгөөд тэднээс хог хаягдал дахин ашиглах төрөлд оролцсон МТИҮХ-ны ажилтан Б.Болормаа, арьсан урлалын төрөлд оролцсон урлаач Т.Мөнхтуул, мотоцикл угсрах төрөлд өрсөлдсөн автын механикч Г.Шижир-Эрдэнэ нар мөнгөн медаль, Ч.Тунгалагтуяа уран зургаар тусгай байр эзэлсэн байна. Хөдөлмөрийн сайдын тушаалаар мөнгөн медалийн эзэн болсон Б.Болормаа, Т.Мөнхтуул, Г.Шижир-Эрдэнэ нарыг Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгээр, тусгай байр эзэлсэн Ч.Тунгалагтуяаг Хөдөлмөрийн яамны жуух бичгээр шагнасныг Г.Баярсайхан сайд гардуулж өглөө. Мөн Монголын Абилимпийн багийн ахлагч Т.Цэдэнбалд Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан цол тэмдгийг Төрйин нарйин бичгийн дарга Ю.Идэрцогт гардуулсан юм.
Бордо хотноо болсон уг тэмцээнд дэлхийн 37 орны 700 гаруй хөгжлийн бэрхшээлтэй иргэн 50 мэргэжлээр ур чадвараа сорьсон. Оролцогчдоос гадна шүүгч, үзэгч, дэмжигч гээд нийтдээ 80 мянга гаруй хүн цугласан дэлхийн хэмжээний энэ тэмцээнд Монголын баг хог хаягдал дахин ашиглах, уран зураг, оёдол, арьсан урлал, компьютер угсрах, вэб сайт, системийн удирдлага, нарийн боов, хоол хийх, вааран эдлэл, модон сийлбэр, мотоцикл угсрах гэсэн 11 мэргэжлээр өрсөлдсөн юм. Багийн гишүүдийн хоёр нь тулгуур эрхтэний, найм нь сонсголын, нэг нь харааны бэрхшээлтэй ч эзэмшсэн мэргэжил, ур чадвараараа бусдыгаа манлайлсан уран гартнууд билээ.
Дэлхийн тавцанд анх удаа эх орноо төлөөлөх алтан гартай мэргэжилтнүүдийг өнгөрсөн арваннэгдүгээр сард зохион байгуулсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн ур чадвар-2015” тэмцээнээс тодруулсан бөгөөд тэдний тэмцээнд оролцох зардлыг Хөдөлмөрийн яам хариуцан санхүүгийн дэмжлэг үзүүлсэн юм.