Мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 3777 хүн идэвхтэй хяналтад байна
Хөдөлмөрийн яамнаас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй”- н сарын аяны нээлт өнгөрсөн баасан гаригт боллоо.
Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн дөрөвдүгээр сарын 28- ныг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг уламжлалын дагуу манай улс зургаа дахь жилдээ энэ аяныг зохион байгуулж байна. Энэ жил “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийг сайжруулъя” уриан дор улс даяар кампанит ажил өрнүүлэхээр Хөдөлмөрийн яам, харьяа төвүүд, МҮЭ-ийн холбоо болон аймаг, нийслэл, дүүргийн Хөдөлмөрийн газар, хэлтэс Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв зэрэг холбогдох байгууллагууд хэлэлцүүлэг өрнүүллээ. Сарын аяны нээлтэд Хөдөлмөрийн сайд Г.Баярсайхан оролцож хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн чиглэлээр төрөөс барьж буй бодлогоо товч танилцууллаа.
Тэрээр “Ажлын байрны хөдөлмөрийн эрүүл мэндийн асуудал манай улсад төдийгүй дэлхий дахинд анхаарал татаж байна. Хөдөлмөрийн яам өнгөрсөн онд ХАБЭА- н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх дүрэм, аж ахуйн нэгж, байгууллагад ХАБЭА-н зөвлөл, нэгж, ажилтан ажиллуулах норматив батлах тухай болон ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх журмыг шинэчлэн батлах зэргээр хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, олон улсын түвшинд нийцүүлэхэд чиглэсэн ажлуудыг хийлээ. Энэ онд ажлын байрны хөдөлмөрийн эрүүл ахуйн доргион, шуугиан, гэрэлтүүлгийн стандартыг шинэчлэн боловсруулж, батлуулах ажлыг хийж байна. Энэ ньстандартын хэм хэмжээ, шаардлага хангасан ажлын байщш хэмжилт судалгаа хийх, дүгнэлт гаргахад ач холбогдолтой юм” хэмээсэн юм.
Сарын аяны хүрээнд үйлдвэрлэлийн ослыг бууруулах, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны соёлыг сайжруулах зэрэг олон хэлбэрийн арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ. Өнгөрсөн онд 383 үйлдвэрлэлийн осол бүртгэгдэж, 48 хүн амь насаа алдаж, 25 хүн тахир дутуу болж, 325 хүн хөдөлмөрийн чадвараа түр алдсан байна. Уул уурхай, барилга, зам тээвэр, боловсрол, эрүүл мэндийн салбарт үйлдвэрлэлийн осол хамгийн их байгаа аж. Мөн мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас 3777 хүн идэвхтэй хяналтад байгааг хэлэлцүүлгийн үеэр хэлж байлаа. Тиймээс ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлийн үнэлгээ хийх байгууллагуудыг чадавхижуулах, өрсөлдөөн бий болгох, тэтгэвэрт хөнгөлөлтэй нөхцөлөөр гаргах ажил мэргэжлийн жагсаалтыг шинэчилж, нэмэлт өөрчлөлт оруулах, эрүүл аюулгүй ажлын байрыг бий болгоход ажил олгогчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлэх зэрэг асуудлыг хэлэлцүүлэгт оролцогчид хөндөж байсан юм.
“Ажилчид нэг жил бүр эрүүл мэндийн үзлэгт хамрагдах ёстой. Мөн үйлдвэрлэгчид хоргүй нөхцөлд ажиллуулах ёстой. Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ хийхэд уул уурхай, барилга, арьс ширний үйлдвэрүүд хамгийн доогуур үнэлгээтэй гардаг. Тоосжилт, дуу чимээнээс эхлээд ажлын байрны стандарт мөрдөхгүй байгаа газруудад зургаан сарын даалгавар өгч, техник технологийг шинэчлэх зэргээр хяналт тавьж ажилладаг. Үйлдвэрлэл явуулдаг 18000 байгууллагаас 8000 нь шаардлага хангадаг. Мэргэжлээс шалтгаалах өвчин судлалын эмнэлэг улсын хэмжээнд ганцхан байдаг нь ачаалалтай. Өнгөрсөн онд 24000 хүн хандсан байна” гэдгийг Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн эрүүл мэнд судлалын төвийн захирал Д.Мягмарсүх ярилаа.