УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо хуваарилах тогтоолын төслийг дэмжлээ
УИХ-ын гишүүн А.Бакей
2016.05.12

УИХ-ын сонгуулийн тойрог байгуулах, мандатын тоо хуваарилах тогтоолын төслийг дэмжлээ

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр /2016.05.12/ 11 цаг 38 минутаас 78.9 хувийн ирцтэй хуралдаж, “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ.

Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаас Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн байна гэж дүгнэснийг Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөх нь зүйтэй хэмээн үзэж, Улсын Их Хурлын тогтоол баталсан.

Ингээд Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хууль тогтоомжид өөрчлөлт оруулах тухай төслүүдийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэж дэмжсэнийг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн Пүрэв гарагийн нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж баталсан.

Мөн уг хуулийн төсөл батлагдсантай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн санал авах өдрийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 09 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах, түүнчлэн Монгол Улсын Их Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн тойрог байгуулах, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай Улсын Их Хурлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 11 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэж баталсан юм.

Иймээс Сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжийн төслүүд батлагдсантай холбогдуулан “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулжээ.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Ч.Содномцэрэн энэ талаар гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог тогтоохдоо Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсэгт заасан хүн амын тоо, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн хуваарийг харгалзах зарчмыг баримтлан, энэ талаарх саналаа Улсын Их Хуралд хүргүүлсэн тухайгаа дурдав.

Уг тогтоолын төсөлд Сонгуулийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.6 дахь хэсгийг үндэслэн Улсын Их Хурлын сонгуулийн 76 дугаар тойрог байгуулж, Улсын Их Хурлын сонгуулийн тойргийн нутаг дэвсгэр, дугаар, төв, мандатын тоог хавсралтаар батлахаар тусгажээ. Тогтоолын хавсралтад тусгаснаар Улсын Их Хурлын сонгуулийн 76 мандатын 48-ыг нь аймгуудад, 28-ыг нь нийслэлд хуваарилах юм байна. Ингэхдээ Булган, Говь-Алтай, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймгууд тус бүр 1, Дорнод, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс аймгууд тус бүр 2, Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Дархан-Уул, Орхон аймгууд тус бүр 3 мандаттай. Харин нийслэлийн тойргуудын тухайд Сүхбаатар дүүрэг 3, Баянгол, Хан-Уул, Чингэлтэй дүүргүүд тус бүр 4, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүд тус бүр 6, Багануур, Налайх, Багахангай дүүргүүд нийлж 1 мандаттай байхаар тусгасан байна. Тогтоолын төсөлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн М.Энхболд, С.Бямбацогт, Ц.Дашдорж, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Оюунхорол, Д.Лүндээжанцан, Ё.Отгонбаяр, Я.Содбаатар, Сү.Батболд, Н.Алтанхуяг, О.Содбилэг, Б.Гарамгайбаатар, Ж.Батсуурь нар Сонгуулийн ерөнхий хорооны даргаас асуулт асууж тодруулсан юм. Ингээд тогтоолын төсөлтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулав.

Тухайлбал, Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нийслэлийн Баянзүрх, Чингэлтэй дүүргийн мандатаас тус бүр нэгийг хасаж Говь-Алтай, Дундговь аймгийн мандатын тоог тус бүр нэгээр нэмэх санал гаргасан боловч олонхын дэмжлэг авсангүй. Мөн Улсын Их Хурлын гишүүн Ё.Отгонбаяр Хэнтий аймгийн мандатаас нэгийг хасаж Булган аймгийн мандатыг нэгээр нэмэгдүүлэх, Улсын Их Хурлын гишүүн Ц.Дашдорж Хэнтий аймгийн мандатыг нэгээр цөөрүүлж Говь-Алтай аймгийн мандатын тоог нэгээр нэмэх санал гаргасан нь дэмжигдсэнгүй.

Харин Улсын Их Хурлын гишүүн Н.Алтанхуяг, Г.Батхүү, Н.Батбаяр, Р.Гончигдорж, Х.Тэмүүжин нар Сүхбаатар аймгийн мандатын тоог нэгээр цөөрүүлж, Увс аймгийн мандатын тоог нэгээр нэмж гурав болгон тойргийн нутаг дэвсгэрийн хуваарьт зарим өөрчлөлт оруулах санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжив. Мөн нийслэлийн Хан-Уул сонгуулийн тойрогт Багахангай дүүргийг, Чингэлтэй дүүргийн сонгуулийн тойрогт Налайх дүүргийг нэгтгэж тойргуудын мандатын тоог хэвээр үлдээх, түүнчлэн Багануур дүүргийг Сүхбаатар дүүргийн сонгуулийн тойрогт нэгтгэж мандатын тоог нэгээр нэмж 4 болгох санал дэмжигдлээ. Түүнчлэн зарим тойргийн нутаг дэвсгэрийн хуваарийг өөрчлөх саналыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжсэн юм.

Байнгын хорооны хуралдааны төгсгөлд Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт тогтоолын төслийн хэлэлцүүлэгтэй холбогдуулан тус намын бүлэг ажлын тав хоногийн завсарлага авах хүсэлт гаргасан юм. Харин байнгын хорооны дарга А.Бакей Сонгуулийн тухай хуулийн холбогдох заалтыг хэрэгжүүлэх хуулийн хугацаа тулаад байгааг сануулаад Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн шинэ зохицуулалтын дагуу МАН-ын бүлэгт завсарлага өгөх боломжгүйг мэдэгдэв.

Ингээд “Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж батлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь дэмжлээ.

Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгээс тус байнгын хороонд харьяалагддаг гишүүд хуралдааныг орхиж гарсан учраас ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн М.Батчимэгийн саналаар байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөөд байсан Засгийн газрын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг түр хойшлуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.