Я.Содбаатар: Нэг төсөвтэй болсноор парламентын гадуур урсах мөнгөний урсгалыг хаасан
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.11.22

Я.Содбаатар: Нэг төсөвтэй болсноор парламентын гадуур урсах мөнгөний урсгалыг хаасан

 УИХ-ын гишүүн Я.СОДБААТАРТАЙ ярилцлаа.

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах, тогтворжуулах хөтөлбөрийг УИХ- аар хэлэлцэж байна. Богино хугацаанд эдийн засгийг сэргээх хөтөлбөр атлаа ерөнхий байна гэх шүүмжлэл бий. Та ажлын хэсгийг ахалж байгаа шүү дээ. Эдийн засгийг тогтворжуулахын тулд хэрхэн ажиллах шаардлагатай вэ?

Эдийн засгийг тогтворжуулахын тулд бид гурван чиглэлээр тодорхой арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, тодорхой хөтөлбөр гаргаж, бодлогыг нь засах хэрэгтэй. Тухайлбал, мөнгөний болон төсвийн бодлогод ямар алдаа байна. Бид экспортыг дэмжсэн эдийн засгийн бодлого явуулахын тулд яах ёстой, эдийн засгийг хэрхэн төрөлжүүлэх гэх мэт бодлогын алдааг засах ёстой. Энэ чиглэлээр л хууль эрх зүйн болон зохион байгуулалтын арга хэмжээг авах шаардлагатай байна.

Мөн төрийн өмчит компанийн тоо сүүлийн үед ихэд олширч, ашиггүй ажиллаж байгаа нь бас санаа зовоож байна. Тиймээс төрийн өмчит компаниудын ашигт ажиллагааг сайжруулах, бүтэц зохион байгуулалтыг өөрчлөх асуудал яригдана. Хоёрдугаарт, бодит эдийн засаг руу чиглэсэн ямар арга хэмжээ авах вэ гэдгийг анхаарна. Тухайлбал, олон жил ярьсан төсөл хөтөлбөрийг хэрхэн хөдөлгөх юм. Үүнд, Оюутолгойн далд уурхайн төсөл, Тавантолгой, газрын тосны боловсруулах үйлдвэрийн төсөл байна.

Мөн хөдөө аж ахуй, дэд бүтэц, эрчим хүчний салбарын томоохон төслүүдийг хэрэгжүүлэх асуудлыг энэ хөтөлбөрийн хүрээнд ярилцаж байна. Эдгээрийн хөрөнгийн эх үүсвэр, эргээд шалгуур үзүүлэлт нь тодорхой байх ёстой гэдэгт анхаарлаа хандуулж байна. Гуравдугаарт, шинээр эдийн засгийг солонгоруулах, олон тулгуурт болгох хүрээнд эдийн засгийн бусад салбараа хэрхэн дэмжих вэ.

Тухайлбал, аялал жуулчлалын салбарыг дэмжихийн тулд Морин уралдааны болон Казиногийн тухай хуулийг оруулан ирж, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд ямар арга хэмжээ авах, хөдөө аж ахуйг хөгжүүлэхээр боловсруулах үйлдвэрүүд, энэ салбарт шинэ техник, технологи нэвтрүүлэхэд ямар хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, ямар төслүүдийг дэмжих вэ гэдгийг ажлын хэсэг хэлэлцэж байна.

Цогцоор нь аваад үзвэл, энэ нь Монгол Улсын нийгэм эдийн засгийн өнөөгийн хүнд нөхцөл байдлаас яаж зөв гарах вэ. Нэг үгээр, хямралыг боломж болгож гарах ийм гарц олохоор хэлэлцэж байна. Засгийн газар тодорхой бодлогыг дэвшүүлсэн. УИХ дээр ажлын хэсэг байгуулж үүнийг тойрсон асуудлыг ярьж байна. 

-Хөтөлбөрийг баталснаар ямар тодорхой үр дүн гарах вэ?

Ер нь хөтөлбөр батлагдсанаар гадна талдаа гарах хамгийн чухал үр дүн бол нийгэмд итгэл төрүүлэх явдал. Өнөөдөр гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, манай харилцдаг олон улсын байгууллагуудын хувьд Монгол Улс итгэлгүй түнш болчихоод байгаа юм.

Өөрөөр хэлбэл, ярьсан хэлсэндээ байдаггүй, асуудлаа шийддэггүй, тодорхойгүй, хууль эрх зүй нь ойр ойрхон өөрчлөгддөг зэрэг тогтворгүй байдал нь итгэлгүй түнш болгож байна. Монгол Улсад орж ирдэг гадаадын хөрөнгө оруулалт жилдээ дөрвөн тэрбумд хүрч байсан бол өнөөдөр 100 сая ам.доллар ч хүрэхгүй болсон.

Эдийн засгийн өсөлт 17.5 хувь байсан бол өнөөдөр нэг хувьтай байна. Тиймээс хамгийн түрүүнд хөрөнгө оруулагч, харилцагч байгууллагуудын итгэлийг сэргээхэд тодорхой алхам хийх шаардлагатай. Нийгэмд ялангуяа зах зээлд бид зөв мессеж хүргэх ёстой. Тэр утгаараа гишүүд хөтөлбөрийг нэлээд чамбай, олон талаас нь харж батлах байх гэж бодож байна.

-Казино, бооцоот морин уралдааны төв байгуулна гэж байна. Гэтэл хуулийг нь батлаагүй төслийг жагсаалтад оруулах нь тохиромжгүй юм биш үү?

Хөтөлбөрт казиногийн хууль, эрх зүйн орчинг бий болгох асуудал орж ирсэн. Казиногийн хуулийн асуудал бол АН-ын Засгийн газрын үед өргөн барьсан хууль. Тэгэхээр энэ хуулийн хүрээнд явах байх.

-Яамдаас санал авч байгаа гэсэн. Ямар санал ирж байна вэ?

Хямралыг даван туулах хөтөлбөртэй холбогдуулан эдийн засгийн гол яамдад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэх гэж байгаа бодлого, үйл ажиллагаа, түүний дотор төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн талаар ярилцаж байна. Ямар эх үүсвэрээр хэрэгжүүлэх юм. Тэр төсөл хөтөлбөр хэрэгжсэнээрээ нийгэм эдийн засагт ямар нөлөөлөл үзүүлэх, хэр хэмжээний валютын урсгал бий болох вэ гэдэг асуудлыг ч сонсч байна.

-УИХ-аар ирэх оны төсвийг баталсан. 2.4 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталлаа. Энэ төсөв ямаршуу болсон гэж та үзэж байна вэ? 

Ирэх оны төсөвт хэд хэдэн онцлог байгаа гэж би харж байна. Нэгдүгээрт, төсвийнхөө үзүүлэлтийг сайжруулах, бодлогыг нь цэгцлэх чиглэл рүү алхам хийсэн. Өмнө нь тойргийн, тодорхой салбарын эрх ашгийг оруулдаг байсан бол энэ удаагийн төсөвт дээрх асуудлыг хойш нь тавьж, бодлогоо сайжруулахад түлхүү анхаарсан. Анх удаа төсвийн үзүүлэлтүүд УИХ-д орж ирснийхээ дараа сайжирлаа.

Хоёрдугаарт, бодлогын алдаануудаа засах чиглэлээр тодорхой шийдвэрүүд гарсан. Гуравдугаарт, нэгдсэн нэг төсөвтэй болж, цаашдаа Монгол Улсын төсөв, парламентын гадуур ямар нэг хөрөнгө, мөнгө урсахгүй болсон. Дөрөвдүгээрт, бид олон жил үргэлжилсэн барилга байгууламжийг дуусгах, мөн хариуцлагын асуудлыг төсөв хэлэлцэх үеэр ярилцаж байгаа. Эдгээрийн үр дүнд төсвийн хэрэгжилт, төсвийн сахилга батыг сайжруулах чиглэлд бодит дэвшил гарах байх.

-Монгол Улс Хятадаас зээл авахаар ярьж байна. Гэтэл Хятадын тал манайхаас юу хүсч байна вэ ?

Монгол Улсын нийгэм эдийн засгийн хямралын нэг үндсэн шалтгаан нь өр, зээлийн асуудал. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд манай улс энэ талаар нэлээд том алдаа гаргасан. Өнөөдөр эдийн засагт хамгийн их хүндрэл бий болгож байгаа зүйл бол өр, зээлийн зөв менежмент хийхгүй байгаа явдал юм.

Тэгэхээр 4.1-10.8 хувийн хүүтэй, 3-10 жилийн богино хугацаатай арилжааны зориулалттай авсан зээлүүдээ хоёр хувиас ихгүй хүүтэй, 20 жилээс дээш хугацаатай урт хугацааны хөнгөлөлттэй зээлээр сольж өөрчлөх нь эргээд Монгол Улсын эдийн засагт ойрын жилүүдэд ирж байгаа дарамтыг багасгах, цаашилбал төлбөрийн тэнцэл, зээлжих зэрэглэл, бусад рейтингээ өсгөхөд чухал алхам болно.

Тиймээс энэ чиглэлээр зөвхөн Хятад улстай бус Япон, ОХУ зэрэг бусад оронтой гэрээ хэлэлцээр, яриа хэлцлүүд хийж байна. Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банк, Европын сэргээн босголтын банк гээд олон улсын санхүүгийн байгууллагуудтай гэрээ хэлэлцээр хийж байгаа. Одоогоор хараахан эцсийн шийдэлд хүрээгүй байна. Харин Хятад, Энэтхэг улсаас тус бүр нэг тэрбум ам.долларын зээл авах асуудал өмнөх парламентын үед шийдэгдсэн.

Үүнийг ажил хэрэг болгох ерөнхий хэлэлцээрүүд явсан. Одоо үүнийг бодит ажил болгож хэрэгжүүлэх асуудал Засгийн газрын өмнө тулгарч байна. Хятад улс одоогоор манайхаас нэг тэрбум ам.долларын зээлд ямар нэгэн зүйл хүсээгүй. Харин манай талаас зээлийнхээ 15 хувьтай тэнцэх хувийг Монгол Улс гаргадгийг хөнгөлж өгөөч гэж хүссэн. Үүнийг судлаад ойрын хугацаанд хариу өгөх байх.

-Гаднаас авах зээлийг өмнөх өрөө төлөхөд зарцуулна гэх юм. Ер нь өөр юунд зарцуулахаар төлөвлөж байгаа юм бол?

Бид гаднаас хоёроос ихгүй хувийн хүүтэй, 20-оос дээш жилийн хугацаатай зээл авч зарим өр зээлдээ менежмент хийх шаардлага бий. Нөгөө талдаа бодит эдийн засаг руу чиглэсэн төслүүдээ санхүүжүүлэх асуудал байна. Тухайлбал, III цахилгаан станц, Чойбалсангийн цахилгаан станцын өргөтгөл, Эгийн голын цахилгаан станц, зарим дэд бүтцийн салбараа санхүүжүүлэх шаардлага байгаа. Тэдгээрт хөрөнгө оруулна.

-Таны өргөн барьсан Нийтээр тэмдэглэх баярын болон Тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар баталлаа. Хуульд өөрчлөлт оруулахын ач холбогдол юу байв. Энэ жилийн хувьд амралтын өдөр таарч байна?

УИХ-аар Нийтээр тэмдэглэх баярын болон Тэмдэглэлт өдрийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт орууллаа. Ийм хуультай болсноороо тухайн жилийн арваннэгдүгээр сарын 26-ны өдрийг нийтээр тэмдэглэх баярын өдөр болгож байгаа юм. Амарч, баярлаж өнгөрүүлэх гэхээсээ илүүтэй түүх уламжлалаа сэргээхэд хуулийн төслийн гол ач холбогдол нь оршиж байгаа юм.

Монгол Улс 1924 оны арваннэгдүгээр сарын 26-ны өдөр анхдугаар Үндсэн хуулиа баталж Бүгд Найрамдах Монгол Ард Улс гэж бүрэн эрхт улсаа тунхагласан нь түүхэнд тодоор бичигдсэн үйл явдал. Анхдугаар Үндсэн хуулиа баталснаар Азид анх удаа эмэгтэйчүүдийн эрх, хэвлэн нийтлэх, сонгох, сонгогдох эрх зэрэг хүний эрхийн суурь зарчмууд тогтсон. Энэ нь дараа дараагийн Үндсэн хууль, хүний эрх, эрх чөлөөний суурь болсон гэж үздэг. Тиймээс энэ түүхэн өдрийг улс даяараа тэмдэглэж, ач холбогдлыг нь ирээдүй хойч үедээ өвлүүлэх нь чухал байгаа юм.

Өнөө жилийн хувьд улс тунхагласны ой хагас сайн өдөр таарч байна. Засгийн газар холбогдох хуулийн дагуу өөрчлөлт хийж тухайн өдрийг нэг тийш нь шилжүүлэх байх. Өдрийг нь шилжүүлэхээс гадна Засгийн газар одоогоос 92 жилийн өмнө юу болсон бэ гэдгийг нийтэд сурталчлах чиглэлээр олон арга хэмжээ зохион байгуулах байх гэж хүлээж байна. Ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаас тодорхой шийдвэр гарна гэж найдаж байгаа.