Хууль бус далд үйлдвэрлэлийн архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг зөвлөж байна
Монголын хүнсчдийн холбооноос Хууль бус далд үйлдвэрлэлийн архи, согтууруулах ундааг хэрэглэхгүй байхыг анхааруулан гаргасан ЗӨВЛӨМЖИЙГ хүргэж байна.
Сүүлийн үед манай улс төдийгүй ОХУ-д ч хуурамч, дууриамал, стандартын шаардлага хангаагүй архи, согтууруулах ундаа хэрэглэснээр олон хүн амь насаа алдсан асуудал удаа дараа гарсаар байна. Энэхүү асуудлыг архи, согтууруулах ундааг худалдан борлуулахыг хориглосноор шийдвэрлэх боломжгүй юм.
Харин зөвшөөрөлгүй далд хэлбэрээр хуурамч, хямд бүтээгдэхүүн үйлдвэрлэн зах зээлд худалдан борлуулж байгаа, мөн гарал үүсэл нь тодорхойгүй, баталгаагүй бүтээгдэхүүнийг гаалийн татвар хураамж төлөлгүй хууль бусаар импортлож буй хувь хүн, аж ахуй нэгжид тавих хяналт, шалгалтыг чангатгах шаардлага зүй ёсоор тавигдаж байна.
Олон улсын чанар стандартын шаардлагад нийцсэн аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэж буй аж ахуй нэгж архи үйлдвэрлэх, импортлох тусгай зөвшөөрлийн хугацаа сунгахад 50.0 сая төгрөгийн тэмдэгтийн хураамж, онцгой албан татвар болон үйлдвэрлэлийн бусад зардлыг шингээсэн нэгж бүтээгдэхүүний өөрийн өртөг нь (0.5литр)хамгийн багадаа 6500 төгрөгөөс доош худалдан борлуулах боломжгүй юм.
Харин далд зах зээлд гарал үүсэл тодорхойгүй, хуурамч хаяг шошготой хүний амь насанд аюул учруулж болзошгүй архийг 3500 төгрөгөөр нийслэл хот, орон нутагт их хэмжээгээр худалдан борлуулж буй хууль бус бизнес эрхлэгчдийн тоо жил ирэх тутам улам нэмэгдэж байгаа нь үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал болж байна.
“Онцгой албан татварын тухай” хуульд бүх төрлийн 1 литр цагаан архинд 5800 төгрөгийн онцгой албан татвар төлж байна, цаашид энэхүү татварын хэмжээг нэмэгдүүлэх тохиолдолд хууль эрх зүйн хүрээнд үйл ажиллагаа эрхэлж буй үйлдвэрлэгчийн нэгж бүтээгдэхүүний үнэ өсөх нь тодорхой. Үүнтэй зэрэгцэн хямд үнэтэй, хүний амь насанд хор хөнөөл учруулахуйц архины далд үйлдвэрлэл улам хүрээгээ тэлэх нөхцлийг бүрдүүлж, хүний амь насанд хор хөнөөл үүсгэх эрсдэл буурахгүй юм.
Манай улсын исгэлтийн үйлдвэрлэлийн салбар хэт ягаан туяа, ферментаци, нано шүүлт зэрэг орчин үеийн технологи, техникийн дэвшил, чанарын удирдлагын олон улсын хяналтын тогтолцоо, стандартыг үйл ажиллагаандаа нэвтрүүлж бүтээгдэхүүнийхээ чанар аюулгүй байдлыг баталгаажуулан ажиллаж байгаа билээ. Гэвч хуурамч, далд үйлдвэрлэл амь бөхтэй оршин тогтнож байгаагаас улбаалан хүний алтан амь эрсдэх аюул төдийлөн буурч чадахгүй байгааг 2007 оноос өнөөдрийг хүртэл 28 хүн хуурамч архинд хордож амиа алдсан тоо баримтаас харж болхоор байна.
Гарал үүсэл нь тодорхойгүй импортын болон хямд үнэтэй архи, согтууруулах ундаа, хүнсний зориулалтын бус метилийн спирт агуулсан төрөл бүрийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Хэрэглэгч та бүхэн баяр ёслол, амралтын өдрүүдэд чанар, стандартын шаардлага хангасан аюулгүй, баталгаатай бүтээгдэхүүн үйлдвэрлэгч Монгол Улсын Хүнсний манлай үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнийг үндэсний томоохон аж ахуй нэгжийн гэрээт борлуулагч салбараас худалдан авалт хийн, зөв зохистой хэрэглэхыг зөвлөж байна.