Тэд "бүгд хүн""
2010.09.27

Тэд "бүгд хүн""

УИХ-ын 76-г сайнаар хэлэх нь тун ховор. Бүүр “мангуу” гэх бий. Тэгсэн хирнээ тэдний олонхийг нь уоираагаад сонгочихдог вм . Тэгхээр тэд “муу” хүн биш байж таараад байна. Саяхан хаврын чуулган завсарлахад "Эд нар юу хийсэндээ амрах гэж байгаа юм" гэх аяс олон нийтийн зүгээс цухалзаж байв. Улс орноо авч яваа тэд амралгүй яах вэ. Энэ удаа гишүүдийг жаахан тандахыг оролдлоо. 76 хүний талаар цухас өгүүллээ ч сонины нэг нүүрэнд  яахин багтах билээ...

Ц.Дашдорж Говь-Алтайн "хөх харчууд"-ын нэг. Дуу цөөтэй энэ гишүүн УИХ-д хоёр дахь удаагаа сонгогдоод байгаа юм. Барилга, уул уурхайн салбараас "уяатай" нэгэн. Тэрбээр Политехникийн дээд сургуулийг өрөмдлөгийн технологич, инженер мэргэжлээр дүүргэжээ. УИХ-д сонгогдолгүй завсарласан дөрвөн жилийн хугацаандаа буюу 2004-2008 онд Барилга, хот байгуулалтын дэд сайдын алба хашсан билээ. Хоёр хүүхэдтэй, эхнэр нь сэтгүүлч мэргэжилтэй гэсэн шүү. Нэг их ярьж, шоуддаггүй ч чамлахааргүй олон хуулийн төсөл санаачлан батлуулсан, саяхан нэрээ сольсон МАХН-ын НАМЗХ-ны дэд ерөнхийлөгч хийж байсан гайгүй ажилсаг гишүүн аж. Алтайтайгаа холбоотой хэд хэдэн сонгуулийн aлбa хашдаг гэсэн. Байгалийн ховор, сонин чулуу цуглуулах хообийтой.

Д.Дондог 1979 онд Улсын багшийн их сургуулийг физик-математикийн багшийн мэргэжлээр, 1989 онд Намын дээд сургуулийг төгсчээ. Төв аймгийн хүү сургуулиа төгсөөд төрсөн нутагтаа таван жил ажилласан байдаг. Уг нь онц төгссөн болохоор хаана ажиллахаа өөрөө сонгох эрхтэй, болж өгвөл нийслэл хотод үлдчих санаатай байж. Гэтэл найзыгаа галт тэрэгний буудлаас гаргаж өгөх гэж яваад нутгийн хүний "ятгалгад" ороод. шууд автобусанд суугаад Төв аймгаа зорьжээ. Залуу хүн гэхэд тэрбээр яггүй хатуу багш байсан гэх юм билээ. Нэг багш долоо хоногт21 цагийн хичээл заах ёстой ч мань эр 52 цаг заадаг байж. Унтах цаг ч хомс, шөнө 1-2 цаг хүртэл хичээлдээ бэлтгэнэ. Адтай жаалуудын асуултад бүдэрч, амаа үдүүлчихгүйн тулд өөрийгөө цэнэглэж байгаа нь энэ.

Гишүүн ээ гэхээсээ илүү багш аа гэж дуудуулах нь түүнд дотно сайхан байдаг гэнэ лээ

Голдуу 9-10 дугаар ангийнханд хичээл заадаг багш 30 гаруй хүүхэдтэй нэг ангийн талаас илүүг нь муу гаргажээ. Үүнээс болоод сургуулийн захирал, Зуунмод хотын дарга, Аймгийн боловсролын хэлтэс, Тамгын хорооны Үзэл суртлын хэлтсээс "донго" хүртэж явсан гэсэн. Шазруун, чадварлаг багш "Би ажлаа шалгуулъя. Өөрийн даасан дөрөвдүгээр ангиас нэг, есдүгээр ангиас нэг хүүхэд аваад ижил бодлого бодуулъя. Хэн нь бодохыг та хар. Тэгээд арга хэмжээ авахуулахад гомдолгүй" гэж л дээ. Дөрөвдүгээр ангийн жаал бодоод есдүгээр ангийн сурагч чадаагүй учир багшийг "өршөөсөн" байна. Үүнээс хойш намын, улс төрийн голдуу ажил хийсээр УИХ-ын гишүүн болжээ..


УИХ дахь цорын ганц генерал нь Х.Жекей, "Онц хилчин". Тэрбээр1983 онд Цэргийн нэгдсэн дээд сургууль, 2000 овд ОХУ-ын Хилийн албаны академи, 2002-2004 онд Батлан хамгаалахын их сургуулийн докторантурыг тус тус төгссөн юм байна. Улсынхаа торгон хилийг маналцаж явсан цэрэг эр эдүгээ хууль тогтоох дээд байгууллагад ажиллаж байна. Салааны захирагчаас бригадын генерал хүртлээ дэвшсэн аж. 1983-1997 он хүртэл хилийн 0130 дугаар ангид салааны захирагч, салбарын улс төрийн орлогч, миномётын батарейн захирагч, штабын хоёрдугаар тасгийн дарга, мото маневрын бүлгийн дарга, ангийн штабын дарга, ангийн захирагчаар ажиллаж байжээ. Хамгийн сүүлд ХХЕГ-ын дарга байгаад УИХ-ын гишүүнээр сонгогдсон билээ.

Д.Загджав Ховд аймагт төржээ. Хожим нь харин нийслэлийн Хан-Уул дүүргийг"өмчилж"явсан нөхөр. Тус дүүргийн Засаг даргаар 2000-2008 онд ажилласан. Засаг дарга хийж байхдаа бараг л боломжийн бүх албан тушаалд өөрийгөө "сойдог" байв. БОЯ байхад Төрийн нарийн бичгийн даргаар нь томилсон ч "голоод" аваагүй гэж байгаа. Нам дотроо нэлээд хэл ам, маргаан мэтгэлцээн өрнүүлж байж Хан-Уул дүүргээсээ УИХ-д сонгогдсон. Хан-Уул дүүрэг хэмээх "вант улс"-аас гадна тэрбээр төрсөн нутаг Ховд аймгийнхаа хэд хэдэн том объектыг эзэмшдэг юм билээ. Ерөнхий сайд өнгөрсөн зун баруун аймгуудаар ажиллахад эрхэм гишүүн тэнд түрүүлээд оччихсон, угтаад зогсож байсан. Аймгийнхаа кинотеатрыг өмчилж авчихаад ажиллуулахгүй, хаалгыг нь бариад байна хэмээн уулзалтын үеэр иргэд түүнийг Ерөнхий сайдад "ховлоод" авна лээ.Спортод дуртай, уламжлалт бурхны шашнаа дээдэлдэг, нээлттэй, шударга занг таашаадаг аж. Шударга гэснээс намынхаа болохгүй, бүтэхгүйг шулуухан шүүмжилчихдэг нэг авууштай зан түүнд бий гэсэн.

Г.Занданшатар саяхан МАСЗХ-ны ерөнхийлөгчийн албаа хүлээлгэж өгсөн. Нас нь 35-аас хэтэрвэл Залуучуудын холбоо өмнө нь "хаалгаа хаадаг" дүрэмтэй. Харин эрхэм сайд таван жилээр хэтрүүлчихсэн юм билээ. Гэхдээ 40 нас бол улс төрийн ертөнцөд "балчир нас", Залуу хүн гэхэд тэрбээр өнгөрсөн хугацаанд хүнс, хөдөө аж ахуйн дэд сайд, 2004 оноос одоог хүртэл УИХ-ын гишүүн, 2010 оноос Гадаад харилцааны сайдын албыг давхар хашиж байгаа өсөх ирээдүйтэй улстөрч аж. Ховорхон нэртэй тэрбээр шатар тоглох, байгалийн сайханд аялах дуртай юм байна.