УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн
2017.04.13

Ц.Даваасүрэн: Оффшорын хууль бүгдэд ижил тэгш үйлчлэх ёстой

УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийв.

Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн оффшорын эсрэг хуулийн хамрах хүрээний талаар асуулаа.

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Оффшорын хуультай улс орон өөр байдаггүй юм байна. Энэ хууль батлагдсанаар хувийн ашиг сонирхолын болон хөрөнгө оруулгын мэдүүлгээ гаргадаг албан тушаалтан түүний хамаарал бүхий этгээдээс бусад хүнд оффшорт данс нээж, оффшорт компани байгуулахыг зөвшөөрч байна гэж ойлгож болох уу? Өөрөөр хэлбэл өнгөрсөн 4 жил орлогын мэдүүлгээ гаргаж байсан, одоо гаргахаа больсон хүмүүс оффшорт байрлуулбал үүнд хамаарахаа болих юм байна.

Оффшорыг хууль бус гэж үзэж байгаа бол бүгдэд нь жигд үйлчлэх ёстой.

Хөрөнгө оруулгын мэдүүлэг гаргадаг төрийн өндөр албан тушаалтан гэчихээд бусад хүмүүст нээж өгвөл дэлхийн улс орнуудын дунд шившигтэй байдалд орно.

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

МУ-ын бусад иргэн, аж ахуйн нэгжүүдийн хүрээнд оффшор бүсэд санхүүгийн үйл ажиллагаа явуулахад хориглолт, хязгаарлалт тогтоох гэж байгаа бол энэ талаар хууль санаачилга таньд нээлттэй.

Бид Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхолын зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зохицуулах хуулийн хамрах хүрээллийн хүрээнд оффшор бүсийн хязгаарлалтыг тогтоож байгаа.

Хоёрдугаарт, Францын парламент 2013 оны 9 дүгээр сард улстөрийн ил тод байдлын тухай хуулийг баталж, энэ хүрээндээ түүний хамаарал бүхий этгээдүүдийг санхүүгийнхээ ил тод байдлыг тайлагнадаг, татвар төлөлтийг тайлагнадаг хязгаарлалтыг тогтоосон. Энэ мэтчилэн Европын Холбооны хэд хэдэн улс орон ийм төрлийн хориглолтыг хуульчилсан байдаг. 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгч зарлиг гарган гадаад улсад улстөрд нөлөө бүхий субъектүүдийг данс үзэмших, үл хөдлөх эд хөрөнгө, үнэ цэнэтэй зүйл худалдан авахыг хориглосон зарлиг гаргаад 2015 онд хуульчилж гаргасан. 2000 оны сүүлчээс эхлээд  их 20-ын улс орнуудын жил болгоны уулзалтын хэлэлцээрийн нэг том сэдэв бол оффшор бүсүүдтэй харилцах харилцаанд төр засгийн оролцоог нэмэгдүүлэх асуудлуудыг хэлэлцдэг болсон. 

УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн:

Өнгөрсөн 7 хоногт Францад парламентийн бүлгийн шугамаар ажиллаа. Тодруулж асуухад, яг оффшор гэсэн хууль байхгүй. Харин татвараас зайлсхийх, орлогоо нуун дарагдуулах, мөнгө угаах гэсэн 3 зүйл ангиар ойгож байгаа гэж ярьж байсан. Латин Америкийн орнуудаар явж байхад ч мөн адил хариулт хэлж байсан. 

УИХ-ын гишүүн Х.Нямбаатар:

2002 оноос хойш хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрүүгийн хуулинд 2008 онд өөрчлөлт орж хууль бусаар хөрөнгөжих гэдэг тодорхой бүлгийн гэмт хэргийн зохицуулалтыг оруулж ирсэн. Эрүүгийн хуулийн тусгай ангид татвараас зайлсхийх, татвараа нуун дарагдуулах гэдэг тодорхой төрлийн гэмт хэрэг байгаа. Мөн эрүүгийн хуулинд мөнгө угаах гэдэг гэмт хэрэг бий. Энэ төрлийн санхүүгийн эсрэг чиглэсэн үйлдлүүдийг эрүүгийн хуулиараа хамгаалсан эх орон.

Мөн Монгол Улс эрүүгийн хуулиндаа авилга, албан тушаалын хэргүүд болон татвараас зайлсхийхтэй холбоотой бүхий л эрхзүйн эсрэг чиглэсэн үйлдлүүдийг хуулиар хориглосон байдаг.