Уул уурхайн сайд Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзлаа
2012.10.03

Уул уурхайн сайд Австралийн Гадаад хэргийн сайдтай уулзлаа

Монгол Улсын Уул уурхайн сайд Д.Ганхуяг Австрали улсын Гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Каррыг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Уул уурхайн сайд Д.Ганхуяг “Австралийн Гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Каррын манай улсад хийж буй айлчлалд амжилт хүсээд Монгол-Австралийн харилцаа, хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд улс төр, нийгэм, эдийн засаг, боловсрол зэрэг олон салбарт өргөжиж байна. Тэр дундаа уул уурхайн салбар дахь хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа амжилттай хөгжиж байгааг онцлов.

 

Монгол Улсын шинэчлэлийн Засгийн газар уул уурхайн салбарт баримтлах үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулсан. Энэ салбарт өмнөх Засгийн газрын бодлогыг үргэлжлүүлэх болно. Манай улс уул уурхайн салбарт аюулгүй байдал, байгаль орчинд ээлтэй, харилцан ашигтай байх гэсэн зарчмыг баримтлан ажиллаж байгаа” гэлээ.

 

Австралийн гадаад хэргийн сайд ноён Сенатч Боб Карр хэлэхдээ ”Австрали-Монгол улс хооронд дипломат харилцаа тогтоосны 40 жилийн ойн үеэр танай улсад айлчилж байгаадаа баяртай байна. Австрали улс Монгол Улстай тогтоосон харилцаагаа улам өргөжүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийллээ.

 

2007 онд Монгол-Австралийн хооронд эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсэг байгуулсан. Өнгөрсөн хугацаанд дээрх ажлын хэсэг гурван удаа хуралдсан. Дээрх уулзалтын үеэр Монгол-Австралийн хооронд эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах ажлын хэсгийн хуралдаанаар өмнө хэлэлцсэн дараах ажлуудыг бодит ажил хэрэг болгон ажиллах саналыг Уул уурхайн сайд Д.Ганхуяг тавилаа.

 

Үүнд, Нүүрсний зах зээлд хамтарч ажиллах. Уул уурхайн ашиглалтын дараах нөхөн сэргээлтийн асуудлаар Австралийн туршлагыг судлах, өндөр технолог, техник, тоног төхөөрөмжийг уул уурхайн салбарт нэвтрүүлэх. Уул уурхайн компаниудын нийгмийн хариуцлагын туршлагыг өөрийн оронд нэвтрүүлэх чиглэлээр бодит ажлууд хийх зэрэг асуудлыг хөндөн ярилаа. Энэхүү салбарт харилцан ашигтай хамтын ажиллагаа өрнүүлэх бүрэн боломж байгааг Австралийн гадаад хэргийн сайд онцлов.

 

Австрали улсын Засгийн газрын тэтгэлгээр жилд 40 орчим оюутан тус улсад уул уурхай, эрчим хүч, эдийн засаг зэрэг олон чиглэлээр дээд боловсрол эзэмшин ирж байгаад Уул уурхайн сайд талархаж буйгаа энэ үеэр илэрхийллээ.

 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.