Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийн төслийг хэлэлцлээ
2017.07.05

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийн төслийг хэлэлцлээ

Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн (2017.07.04) хуралдаан 10 цаг 10 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэлж, хэд хэдэн асуудал хэлэлцэн шийдвэрлэхээр тогтлоо.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны төсвийн төслийг хэлэлцлээ. Энэ талаарх  танилцуулгыг Үндэсний аудитын газрын дарга Д.Хүрэлбаатар хийв.

Тэрбээр, Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төсөв нь төрийн аудитын байгууллага үйл ажиллагаагаа  хараат бусаар хэрэгжүүлэх шаардлагыг хангасан байх бөгөөд ... төрийн аудитын байгууллагын үйл ажиллагааны зардлаас гадна лабораторийн шинжилгээ хийлгэх, гэрээт аудитор, мэргэжлийн байгууллага, шинжээч ажиллуулах зардал, ажилтнуудын мэргэшил мэдлэг ур чадварыг дээшлүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, байгууллагын хөрөнгө оруулалтад шаардагдах хөрөнгийг тусгана.” гэж заасны дагуу төрийн аудитын байгууллагын 2018 онд хэрэгжүүлэх  үйл ажиллагааны хөтөлбөр,  төрийн аудитын хөгжлийн  хөтөлбөр, төрийн аудитын ажилтны ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийг үндэслэн боловсруулсан гэж байлаа.

Монгол Улсын Ерөнхий аудиторын төсвийн багцын 2018 оны нийт зардлыг 21,598.7 сая төгрөг байхаар тооцсон 2017 оны батлагдсан төсвөөс 12,286.2 сая төгрөгөөр буюу 57.0 хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөлөө. Үүнээс урсгал зардалд 14,047.3 сая төгрөг, хөрөнгийн зардалд 7,551.4 сая төгрөг төлөвлөсөн болно. Урсгал зардлын 61.3 хувийг цалин хөлс болон нэмэгдэл урамшууллын зардал, 38.7 хувь буюу 5437.1 сая төгрөгийг бусад зардал эзэлснийг Монгол Улсын Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар танилцуулгадаа дурдлаа.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар “Үндэсний аудитын газрын төсөв 9.3 тэрбум байсныг ирэх жил 21 тэрбум төгрөг болохоор төлөвлөжээ. Улс орны эдийн засаг хүнд байхад орон сууцны дэмжлэг үзүүлэх, барилга байгууламж барих төсвийн боломж байхгүй. Тиймээс энэхүү төсөв нэмсэн зардлаа хасаад Үндэсний аудитын газрын төсвийн төслийг оруулж ирэх шаардлагатай” хэмээн байр сууриа илэрхийлэв.

Ингээд УИХ-ын гишүүдээс гаргасан саналыг тусгасан Үндэсний аудитын газрын төсвийг төслийг зөвшөөрье гэсэн саналын томъёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжлээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.