УИХ-ын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулахыг  байнгын хороо дэмжлээ
2010.10.26

УИХ-ын чуулганы хуралдааны дэгд өөрчлөлт оруулахыг байнгын хороо дэмжлээ

УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Шинэбаяр нарын өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.

УИХ жил бүр Монгол Улсын эдлийн засаг, нийгмийг хөгжүүлэх Үндсэн чиглэлийг баталдаг болоод 18 жил болж байгаа.

 

Гэвч Үндсэн чиглэлд тусгагдсан бодлого, арга хэмжээ бодитой, үндэслэл сайтай төлөвлөгдөж чадахгүй, төсөвтэй уялдаагүйгээс тухайн жилдээ хэрэгждэггүй, түүнчлэн Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг УИХ-аар хэлэлцэх эрх зүйн орчин бүрдээгүй байгаа тул УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25.2 дахь хэсэгт “Засгийн газар төсвийг зохиохдоо Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлтэй нийцүүлнэ” гэсэн нэмэлт оруулснаар төсөв, Үндсэн чиглэлийн уялдаа сайжирч, боловсруулалт, хэлэлцүүлгийн явц чамбайрна гэж төсөл санаачлагчид үзэж байгаа аж.

 

Мөн Үндсэн чиглэлийг хэлэлцэхэд Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд  болон холбогдох бусад хүмүүс байлцахаар тусгажээ.

 

Түүнчлэн одоо мөрдөгдөж байгаа УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлээр Засгийн газрын үйл ажиллагааны хэрэгжилт, тайланг хэлэлцдэг дэгийг өөрчилж Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон Үндсэн чиглэлийн хэрэгжилтийг хэлэлцдэг болгож өөрчлөхөөр хуулийн төсөлд тусгасан байна.

 

Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүн Су.Батболд, Д.Дондог, Д.Энхбат нарын асуултад төсөл санаачлагч С.Бямбацогт, Ж.Сүхбаатар нар хариулт өгч, гишүүн Н.Энхболд, Су.Батболд нар саналаа хэлэв. Ингээд уг хуулийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.