Б.Пүрэвдорж гишүүн Ц.Гарамжав гишүүнээс уучлалт хүслээ
Өнгөрсөн оны сүүлээр Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргыг томилох асуудлыг хэлэлцсэн билээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж тус байнгын хорооны даргаар ажиллаж байсан Ц.Гарамжавыг шүүмжилсэн юм. Тэрээр: “Байгаль орчин сүйтгэдэг, байгальд халгаатай бизнес эрхэлдэг хүн энэ байнгын хороонд даргаар ажиллаж байсан” гэсэн юм.
Харин үүний хариуд УИХ-ын гишүүн Ц.Гарамжав: "Та миний өмнө нь ажиллаж байсан компанийн хүмүүсийг гутаан доромжлох эрхгүй. Нөхөн сэргээлтийн лиценз олгохдоо эдийн засгийн чадавхгүй, мэргэжлийн бус хүмүүстэй компанийг оруулж ирж байна. Мэргэжлийн хяналт энэ талаар яагаад шалгалт хийхгүй байна вэ. Нөхөн сэргээлт нэрээр олборлолт хийдэг компаниуд орж, ажиллах нь буруу. Нөхөн сэргээлт нэрээр олборлох үйл ажиллагаа явуулж байгаа нь ч буруу. Дээр нь хүний нэр төрд халдах хуультай байдаг шүү гэдгийг анхааруулъя." гэсэн юм. УИХ-ын гишүүн Д. Оюунхорол ч мөн "МонПолимент" компани нөхөн сэргээлтийг үлгэр жишээ хийдэг гэдгийг онцолсон.
Харин өнөөдрийн УИХ-ын нэгдсэн чуулганаар тэрээр Ц.Гарамжаваас гишүүнээс уучлалт хүслээ.
Тэрээр: “Байгаль орчин сүйтгэдэг, байгальд халгаатай бизнес эрхэлдэг хүн энэ байнгын хороонд даргаар ажиллаж байсан гэж ярьсан. Үүнд Ц.Гарамжав гишүүн нэлээн эмзэглэсэн, уурласан. Тэгэхээр нь хүнийг буруу үнэлж, зарим хэвлэлээр муухайгаар хэлчихэв үү гэж бодоод нэлээн судалж, хүмүүстэй уулзсан.
Тосон гэдэг газарт байдаг хүмүүстэй ярилцсан. Тэдний хэлж буйгаар үнэхээр Монгол Улсад жишиг болохуйц нөхөн сэргээлтийг “МонПолимент” компани хийдэг гэнэ.
Өөрөөр хэлбэл, ийм түвшний нөхөн сэргээлтийг хийх үлгэрлэлийг Тосон гэдэг газар хийдэг юм билээ. Тиймээс Ц.Гарамжав гишүүнээс уучлалт хүсч байна. Өөрийг нь ирэхээр албан ёсоор уучлалт гуйна гэдгээ хэлье” гэсэн юм.