Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа
2018.02.02

Орон нутгийн удирдлагуудтай хамтран ажиллах гэрээ байгууллаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Ц. Даваасүрэн аймаг, нийслэлийн Засаг дарга нартай 2018 онд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. 

Эрчим хүчний яамнаас 2018 оныг “Эрчим хүчний хэмнэлт, үр ашгийн жил” болгон зарласан. Монгол улсын гал голомт болсон эрчим хүчний салбар бүрэн хүч чадлаараа ажиллаж, ард иргэдийг цахилгаан дулаанаар хангахад чиглэдэг. Орон нутагт бие даасан цахилгаан дулааны станцуудын үйл ажиллагааны чадавхийг нэмэгдүүлэх, шугам сүлжээний аюүлгүй байдлыг ханган ажиллах зэрэгт хамтын ажиллагаа чухал юм.

Төвийн бүсийн эрчим хүчний системийн гол ачааллыг үүрдэг “ТЭЦ III” ТӨХК, “ТЭЦIV” ТӨХК, “Дарханы дулааны цахилгаан станц” ТӨХК, “Эрдэнэтийн дулааны цахилгаан станц” ТӨХК-ийн өргөтгөл шинэчлэлийн ажлууд эхнээсээ хийгдэнэ. Мөн 10 аймгийн /Архангай, Баянхонгор, Говь-Алтай, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өвөрхангай, Сүхбаатар, Хэнтий, Төв/ төвд дулааны станц, дулааны шугам сүлжээ барих төслийг хэрэгжүүлж эхлэх юм.

Гэрээ нь шударга, ил тод, хариуцлагатай төрийн албыг төлөвшүүлж, орон нутгийн удирдлагын бүх шатны байгууллагад ажлын хариуцлага, сахилга, дэг журмыг чангатгаж, хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд хамтран ажиллах, харилцан хүлээх үүрэг, хариуцлагыг тодорхой болгож, үр дүнг нь үнэлж дүгнэх, иргэдэд хүргэх, төрийн болон нийгмийн үйлчилгээний чанар, үр ашгийг дээшлүүлэх зорилготой юм.