2018.04.03

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн Хөвсгөл аймгийн таван сумын малчид иргэдтэй уулзлаа

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн  Хөвсгөл аймгийн таван сумын малчид иргэдтэй уулзлаа. Уулзалтын үеэр засгийн газрын хэрэгжүүлж буй ажлууд, бодлогыг иргэдэд танилцуулж, санал бодлыг нь сонссон юм. Иргэдийн зүгээс тухайн орон нутгийнхаа онцлогоос хамаарч олон саналуудыг хэллээ.  

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн: Энэ өргөн уудам нутгийг эзэнтэй байлгая гэвэл хамгийн түрүүнд малчин байх ёстой. Баг дээр очоод уулзахад залуу малчин алга. Залуу малчдыг бодлогоор дэмжих хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалын шимтгэл,  нийгмийн даатгал гэх мэт зүйл дээр нь дэмжлэг үзүүлэх нь зөв. Хөдөөг эзэнтэй байлгахын тулд малчдыг тогтмол орлоготой байлгах, тухайлбал мах  гаргах, ноос ноолуурыг  үнэд оруулах асуудал маш чухал.

Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн хамгийн түрүүнд Шинэ-Идэр сумын иргэдтэй уулзан, дараа нь тус аймгийн Түнэл, Тариалан  сумын иргэдтэй уулзсан юм. Шинэ- Идэр сумын иргэд залуу малчин цөөрч байна гэсэн асуудлыг хэлэлцсэн бол Түнэл сумынхан Худгийн хүрэлцээ муу байна гэсэн асуудлаар ярилцав.  Мөн алслагдсан сумууд Эрүүл мэндийн үйлчилгээ авахад хүндрэлтэй байгааг ч иргэд хэлсэн юм.

Иргэдийн хамгийн их анхаарал хандуулж буй зүйл бол шат, шатны төрийн байгууллагын сахилга бат, хариуцлагатай байдал юм. Тэд үүнд сэтгэл дундуур байгаагаа уулзалтын үеэр илэрхийлсэн. Мөн орон нутагт ажиллах, амьдрах асуудлыг бодлогын түвшинд авч хэлэлцэх, зарим нэг өөрчлөлтүүдийг хийх шаардлагатай  гэж хэллээ.