Биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай
2018.05.04
Биеийн тамир, спортын тухай

Биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай

“Тогтоол хүчингүй болсонд тооцох тухай” УИХ-ын тогтоолын төслийг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өргөн барилаа.

УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолоор “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого”-ыг баталсан юм.

Харин УИХ-аас 2017 оны долдугаар сарын 6-ны өдөр “Биеийн тамир, спортын тухай” хуулийг баталж, 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс даган мөрдөж байна. Энэхүү зохицуулалтын хүрээнд биеийн тамир, спортын талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэн боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай болсон байна.

Мөн УИХ-аас 2015 онд баталсан “Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай” хуулийн 8.4-т “Төрийн захиргааны төв байгууллага өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах төрөөс баримтлах бодлогын төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулна” гэж заасан байдаг. Биеийн тамир, спортын тухай” хуулийн 6.1.2-т Засгийн газар нь “биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого боловсруулах, батлах, хэрэгжүүлэх”-ээр заасан юм.

Тиймээс “Биеийн тамир спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын 2009 оны 95 дугаар тогтоолыг хүчингүй болгох тухай тогтоолын төслийг боловсруулжээ.