“Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа
2018.06.06

“Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлого”-ын баримт бичиг батлагдлаа

Улсын Их Хурлын 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 65 дугаар тогтоолоор “Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ыг баталсан.

“Төрөөс газрын тосны салбарт 2017 он хүртэл баримтлах бодлого”-ын хугацаа дууссан, салбарын бодлогын шинэчлэлийг хүлээж хөрөнгө оруулалт зогсонги байдалд ороод байгаа зэрэг нөхцөл байдлаас үүдэн газрын тосны салбарын бодлогыг шинээр тодорхойлж, боловсруулан батлуулах шаардлага зайлшгүй тулгарсан.

Дээрх нөхцөл байдалтай холбогдуулан Газрын тосны тухай хуулийн 6.1.1, Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Хөгжлийн бодлогын баримт бичиг боловсруулах нийтлэг журмын дагуу “Төрөөс газрын тосны салбарыг хөгжүүлэх талаар баримтлах бодлогын баримт бичгийн төсөл, холбогдох мэдээллийг яам, агентлаг, холбогдох төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачидтай хамтран боловсрууллаа.

Уг бодлогын баримт бичиг нь зорилго, зорилтууд, бодлогын чиглэлийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлогын хэрэгжүүлэх үе шат, бодлогын үр нөлөө бүтээгдэхүүний шалгуур үзүүлэлт, бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийн хэмжээ, санхүүжилтийн эх үүсвэр, бодлогын хэрэгжилтийн хяналт-шинжилгээ, үнэлгээ гэсэн үндсэн 6 хэсгээс бүрдсэн.

Бодлогын баримт бичигт газрын тос, уламжлалт бус газрын тосны эрэл, хайгуул, ашиглалтыг эрчимжүүлэх,  газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах, газрын тосны бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, газрын тосны бүтээгдэхүүнээр хэрэглэгчдийг тогтвортой хангах, чанарын хяналтын тогтолцоог сайжруулах, газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүч бэлтгэх, ажлын байрыг нэмэгдүүлэх, газрын тосны салбарын үйл ажиллагааны үед байгаль орчныг хамгаалах,  нөхөн сэргээх, ногоон хөгжил, орон нутгийн хөгжлийг дэмжих, газрын тосны салбарын мэдээлэл, судалгаа, шинжилгээний төвийг олон улсын жишигт нийцүүлэн хөгжүүлэх, газрын тосны төрийн болон төрийн өмчит компани байгуулж, салбарыг хөгжүүлэх гэсэн зорилтуудыг  тусгасан.

Манай Улсад газрын тосны эрэл, хайгуул, олборлолт, ашиглалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулах үндэсний компани  байхгүй, мэргэшсэн боловсон хүчин дутмаг зэрэг шалтгаанаар тус салбарт хийгдэж байгаа ихээхэн хэмжээний  гадаад, дотоодын хөрөнгө оруулалтын 90 орчим хувь нь гадаадаас авсан ажил, үйлчилгээний төлбөр, ажиллах хүчний ажлын хөлс хэлбэрээр  гадагшаа урсаж байна. Газрын тосны эрэл, хайгуул судалгаа дахин сэргээд хорь гаруй жил өнгөрсөн ч чичирхийллийн хэмжилт хийх, гүнийн цооног өрөмдөх, цооногт геофизикийн болон техникийн хэмжилт, туршилт, үйлчилгээ явуулах,  цахим мэдээллийг боловсруулах, тайлал хийх, шинжилгээний лаборатори ажиллуулах мэргэжилтэн хангалттай бэлтгэгдээгүй, тоног төрөөрөмж, техник хэрэгсэл байхгүй, боловсруулах үйлдвэр баригдаагүй, дотоодод боловсруулсан газрын тосны бүтээгдэхүүний хангамж, чанарын хяналт, хадгалалалтын тогтолцоо хангалттай сайн бүрдээгүй.

Иймд мэргэжлийн боловсон хүчин инженер, техникийн ажилтан, мэргэжилтэй ажилчид бэлтгэх, газрын тосны төрийн болон төрийн өмчийн оролцоотой компани байгуулж, салбарыг хөгжүүлэх талаар энэхүү баримт бичгийн төсөлд тусгасан.

Тус бодлого батлагдсанаар газрын тосны салбарын хүний нөөц, ажиллах хүчний чадавх сайжирч, гадаадаас авах ажиллах хүчний тоо буурч, хөрөнгө оруулалт нэмэгдэж, гадагш чиглэсэн хөрөнгийн урсгалыг багасгах, үндэсний төрийн болон төрийн өмчийн оролцоотой улсын компани бий болж чадавхжих, газрын тосны салбарын үйл ажиллагаа эрчимжиж, орон нутагт орох өгөөж нэмэгдэж, салбарын үйл ажиллагаа сайжрах юм.

 Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.