2009.04.14

Ч.Улаан:Давсан орлогоор төсвийн алдагдлыг хаах хэрэгтэй

Зэсийн үнэ өслөө. Төсөвт тооцсон 3400 доллараас давсан орлого манай улсын эдийн засагт нэмэр болох уу. Өсөлт ямар хугацаанд үргэлжлэх бол. Энэ талаар УИХ-ын гишүүн Ч.Улааны байр суурийг сонирхов.

-Зэсийн үнэ бага ч гэсэн өсөх хандлагатай байгаа нь бидний хувьд таатай хэдий ч интернэтээс зэсийн үнэ өслөө гэж харчхаад, төсвийн орлого нэмэгдэх нь гэж хөөрвөл учир дутагдалтай. Өмнө гэрээ байгуулсан, ачуулчихсан бүтээгдэхүүн байна. Эдийн засагт ирээдүй цагийн зардал, замд яваа бараа гэсэн ойлголт байдаг. Тэгэхээр тодорхой хугацааны дараа үр дүн нь мэдрэгдэнэ.

-Зэсийн үнэ өсөж байгаа нь манай эдийн засагт таатай нөлөө үзүүлэх нь мэдээж. Нэгдүгээр улирлын дүнг харахад улсын төсөв 100 гаруй тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Зэсийн үнэ нэмэгдсэнээр алдагдал буурах нөхцөл бүрдэнэ. Түүнийг дагаад гаргасан санхүүжилт баталгаажна. Төсвийн хэрэгжилтийг зохион байгуулахад зэсийн үнийн өсөлт бага зэрэг хөнгөлөлт болох байх гэж найдаж байна.

-Нэг тонн зэсийн үнэ 1000 доллараар нэмэгдэхэд төсөвт хэдий хэмжээний орлого орж ирдэг бол. Ийм тооцоо байдаг уу...

-Нэг тонн зэсийн үнэ 3500 орчим доллар байхад "Эрдэнэт" үйлдвэр алдагдалгүй ажилладаг гэсэн тооцоо байдаг. Өнөөдөр нэг тонны үнэ 4000 давлаа. Энэ хэмжээгээр улсын төсөвт орох орлого нэмэгдэх ёстой. Тооцсоноос давсан орлогыг төсвийн алдагдлыг хаахад зарцуулна гэдэгт найдаж байна.

-Үнэ өсөж байгаа хүчин зүйл юу вэ?

-Дэлхийн зах зээлд хэрэглээ өсөж байгаатай холбоотой. Ялангуяа өнгөрсөн гуравдугаар сараас БНХАУ-д хэрэглээ нэмэгдэх хандлагатай болсон нь нөлөөллөө гэж бодож байгаа. Гэхдээ огцом өсөж, өмнө байсан 8000 гаруй долларт хүрнэ гэсэн баталгааг хэн ч өгч чадахгүй. Тийм таамаглал ч харагдахгүй байна. Харин энэ оны дундаж үнэ 4000 орчим доллар байх болов уу. Түүнээс бус нэг өдрийн үнээр эдийн засгаа тооцох боломжгүй.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.