ИНФЛЯЦИ ӨОМҮ-ЭЭС 5.1 ХУВИАР ӨСЖЭЭ
2024.07.19

ИНФЛЯЦИ ӨОМҮ-ЭЭС 5.1 ХУВИАР ӨСЖЭЭ

Өнөөдөр Үндэсний Статистикийн Хорооноос нийгэм, эдийн засгийн 2024 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцууллаа. 

Статистикаас харвал, барааны үнэ буюу инфляци өмнөх оны мөн үед (ӨОМҮ) 10.6 хувь байсан бол оны эхний 6 сарын байдлаар 5.1 хувиар, харин өмнөх сараас 0.3 хувиар өсжээ. Үнийн өсөлтөд голлон нөлөөлсөн бүтээгдэхүүний эхэнд ундаа, усны бүлэг орж байгаа бол түүний дараа архи, согтууруулах ундаа, тамхи, бөс бараа, гутал, орон сууц, ус, цахилгаан, гэр ахуйн тавилга, эм, тариа, эмнэлэгийн үйлчилгээ зэрэг орж байна.

Нийтэд нь авч үзвэл, хүнсний бүтээгдэхүүний бүлгийн үнэ дунджаар 4.8 хувиар, барааны бүлгийн үнэ 5.2 хувиар тус тус өссөн байна. Оны эхний хагас жилийн байдлаар ӨОМҮ-ээс боловсролын үйлчилгээний үнэ хамгийн их буюу 16.8 хувиар өсжээ. Түүний дараа зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үнэ 9.6 хувиар өссөн дүнгээр удаалж байна. 

 Статистикт дурдсанаар үнийн өсөлтөд импортын барааны үнэ 35.3 хувь нөлөөлсөн гэлээ.