2018.08.06
Б.Бат-Эрдэнэ: Намуудын санхүүжилтийг ил болгохгүй бол албан тушаалын наймаатай холбоотой яриа тасрахгүй
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
-Чуулган завсарлаад сар орчмын хугацаа өнгөрч байна. Таны хувьд болж өнгөрсөн чуулганыг хэрхэн дүгнэж байгаа вэ. Тодорхой хэмжээний үнэлэлт дүгнэлт өгсөн болов уу?
-Ээлжит чуулган төлөвлөгөөнийхөө дагуу хэлэлцэх ёстой асуудлуудаа эцэслэсэн гэдгийг юуны өмнө онцолъё. Гэхдээ хэлж ярих зарим зүйл байна. Тухайлбал, хаврын чуулган хуралдаж байх хугацаанд ч би удаа дараа хэлж байсан. Өнөөдөр улс орны нийгэм, эдийн засгийн байдал цаашлаад иргэдийн маань амьдрал, ажил орлого нь хангалттай хэмжээнд биш байна. Тийм учраас ард иргэдээ ажил, орлоготой байлгах, эдийн засгийн өсөлт бүтээмжийг нэмэгдүүлэхтэй холбоотой чухал хуулиудыг хэлэлцээч гэж олон удаа хэлж, байр сууриа илэрхийлж байсан. Аль нэг улс төрийн нам сонгуульд ялалт байгуулахаараа тогтолцоогоороо оролдож эхэлдэгт би маш шүүмжлэлтэй ханддаг. Өөрөөр хэлбэл, нэг нам сонгуульд ялалт байгуулахаараа төрийн албыг босоо тогтолцоонд оруулна гэдэг. Гэтэл нөгөөх нь олонх болохоороо хэвтээ тогтол цоонд шилжүүлэх нь зүйтэй гэдэг. Энэ мэт ач холбогдолтой эсэх нь тодорхойгүй хуулийг нухаад эхэлдэг. Өнөөхөө боловсруулж байгаа нь энэ гэж хэсэг байсны дараа Байнгын хороо, чуулганаар хэлэлцэж байна гээд цаг хугацаа баахан алддаг. Миний хувьд ийм л зүйлд шүүмжлэлтэй ханддаг, энэ бол ерөөсөө цаг үрсэн ажил.
-Тэгэхээр таны хэлж байгаагаас үзэхэд өнгөрсөн хаврын чуулганаар ч гэсэн шаардлагагүй хууль нухаж, цаг алдсан байх нь ээ. Тухайлбал, та ямар хуулийг энд нэрлэх вэ?
-Жишээлбэл, өнгөрсөн хаврын чуулганаар УИХ-ын гишүүдийн ёс зүй, хариуцлагатай холбоотой хуулийг багагүй хугацаанд хэлэлцсэн. Тодруулбал, С.Бямбацогт, Д.Хаянхярваа нарын ахалсан хоёр хэсэг гишүүнд Дэгийн тухай хуулийг тус бүртээ санаачилж, өргөн барьсан. Хэлэлцүүлгийн явцад дээрх хоёр хуулийг нэгтгээд С.Бямбацогт нарын гишүүдийн өргөн барьсныг суурь болгоод баталсан л даа. Би үүнд багагүй шүүмжлэлтэй хандсан. УИХ-ын гишүүнээр сонгогдсон хүмүүс өөр хүний кноп дарахгүй, хүний картанд хүрэхгүй гэдгийг заавал хэлүүлж, албадуулж байж болих ёстой хэрэг үү. Байнгын хороо болон нэгдсэн чуулганы хуралдаандаа цаггаа ирэх нь өөрийн үүрэг төдийгүй үндсэн ажил нь гэдгийг мэдэхгүй, ухаарахгүй байж болно гэж үү дээ. УИХ-ын гишүүд нь ажилдаа ирдэггүй, өөр хүний кноп дардаг, ажилдаа хариуцлагагүй ханддаг. Цаашлаад хэрэг төвөгт холбогдох явдал хүртэл гарч байх жишээний. Сахилгагүй, бага ангийн хүүхдээс долоон дор ааш авиртай. Тэднийхээ зан байдлыг засахын тулд парламентаар хууль хэлэлцэж цаг алдан байж баталж байгаа нь миний хувьд тун харамсалтай санагддаг.
-Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тогтоолын төслийг хаврын чуулганаар баталсан. Энэ хуулийн тухайд олон ч нам дамжиж, хэрүүлийн бай болсоор ирсэн. Ямартай ч энэ удаад эцэслэн баталсан нь өнгөрсөн хаврын чуулганы онцлох хууль байлаа. Таны хувьд энэ тухайд болон томоохон ордуудын ашиглалтын хувьд байр сууриа илэрхийлнэ үү?
-Томоохон ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухайд бидэнд ямар нэг зөрөлдөөн байдаггүйг хэлэхэд илүүдэхгүй болов уу. Миний хувьд хамгийн гол нь улс оронд үр дүнтэй, ард түмэнд ашигтай хэлбэрээр гэрээ хэлэлцээрээ хийх ёстой л гзсэн байр суурьтай байдаг. Оюутолгой, Тавантолгой аль нь ч тэр. Тавантолгойг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 30 хувьд нь IРО гаргахаар болсон. Мэдээж хаврын чуулганаар тогтоолын төслийг эцэслэн баталсан нь сайн хэрэг. Гэхдээ болдог бол энэ том ордоо ард түмнийхээ мэдэлд байлгаад хувьчлахаасаа илуү үр дүнтэй байдлаар ашиглах шаардлагатай гэсэн байр суурьтай байдаг. Ер нь цаашдаа томоохон аж ахуйн нэгжүүдийн ашиглалттай холбоотой асуудлыг ч ийм байдлаар шийдэх хэрэгтэй. Үүнтэйхолбоотойгоор хэлэхэд хаврын чуулганаар хувьчлалын асуудлыг оруулж ирсэн ч эцэслэж амжаагүй. Ирэх намрын чуулгандар хэлэлцүүлгийг нь үргэлжлүүлж таарах болов уу. Манай улс 1990-ээд онд шаардлагатай аж ахуйн нэгжүүдээ хувьчлаад төрийн ачааг хөнгөлөөд ирсэн туршлагатай шүү дээ. Харин энэ цаг үед стратегийн гэж хэлж болох томоохон аж ахуйн нэгжүүдээ хувьчлах гэж оруулж ирээд байгаа нь арай яарсан асуудал юм болов уу гэж бодож байна.
-Танай намтай холбоотойгоор "60 тэрбум"-ын гэх асуудал гарсан нь өнөөдөр ч улс төрд олны анхаарлыг татсан сэдэв хэвээр байна. Нээлттэй сонсгол зохион байгуулж эцэслэх саналыг намын залуу гишүүн гаргасан ч сүүлдээ байгаа өөрчлөөд явчих шиг боллоо. Энэ тухайд та ямар бодолтой байна вэ?
-"Дуусдаггүй яриа" гэдэг шиг л зүйл болж байна шүү дээ. Одоо бид энэ асуудалд цэг тавих цаг нь болсон. 2016 оны УИХ-ын сонгуулиар ард түмэн МАН-д итгэл хүлээлгэж, үнэмлэхүй олонх болгосон. Ингэснээр манай нам Засгийн газраа байгуулсан ч өнөөдөр хоёр дахь нь ажиллаж байна. Энэ Засгийн газрын үед ажилтай болсон, албан тушаалд томилогдсон бүх хүнийг шалгаж тогтоогоод бүгдийг нэг талд гаргачихад болохгүй зүйлгүй л санагддаг. Ажилд томилогдсон бүх хүнийг чөлөөлж байгаад шалгачихад тодорхой болчихно гэж ойлгоод байгаа юм. "60 тэрбум" гэж яриад байгаагийн хүрээнд мөнгө төгрөг төлж байгаад ажилд орсон, хүн байвал шалгаад шүүгээд ирэхээр аяндаа үнэн мөн нь тогтоогдоно биз дээ. Цаашлаад ер нь улс төрийн намуудын төлөвшил, дотоод ардчилал, боловсон хүчний бодлого болон санхүүжилтийн асуудлыг нэг мөр болгох хэрэгтэй байгаа нь үүнээс харагдаад байдаг. Ингэхгүй бол төрийн албыг наймаалцдаг гэх яриа цаашдаа ч нэг тапдаа гарахгүй. Аль ч нам Засгийн эрхэнд гарсан энэ талаарх яриа гарсаар, өрнөсөөр л байх болно. Энэ бол зөвхөн манай намтай холбоотой ч асуудал биш гэдгийг онцолмоор байна. Улс төрийн намуудын төлөвшилтэй холбоотойгоор нэг мөр болгох асуудал олон бий. Би олон удаа хэлсэн. УИХ-д том банкны төлөөлөл, хувь эзэмшигчид болон томоохон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл орж ирчихээд сууж байгаа шүү дээ. Тийм ч учраас улс төрийн аль ч намын санхүүжилттэй холбоотой асуудлыг цэгцэлж, ил тод болгох хэрэгтэй байгаа юм.
-Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт тун удахгүй нөхөн сонгууль болно. Та хаврын чуулганаар энэ талаарх асуудлыг хэлэлцэх үед нэлээд ширүүн үг хэлж байсан. Яалт ч үгүй нөхөн сонгуульд багагүй хэмжээний хөрөнгө зарцуулахаар болсон шүү дээ?
-УИХ-ын нэг гишүүн ажлаа өгсөнтэй холбоотойгоор Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зохион байгуулахаар болсон. Үүнтэй уялдан бид сонгууль явуулахад шаардлагатай хөрөнгө мөнгөний асуудлыг хэлэлцсэн л дээ. Нөхөн сонгууль явуулна гэдэг намуудын санхүүжилттэй шууд холбоотой асуудал. Аливаа сонгуулийг явуулахад хамгийн гол зүйл нь хөрөнгө мөнгө байдаг. Тиймээс нөхөн сонгууль бол менгөний том тулаан болно шүү гэж үнэнийг нь л хэлсэн. УИХ-ын үйл ажиллагаа жигдэрсэн хойно нэг гишүүн нь өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөнөөс болоод нэг тойрог төлөөлөлгүй болж хоцорсон. Гэтэл өнөөх нөхөн сонгуульд нь 200 сая гаруй төгрөг зарцуулах гэж байна. Тойргийн сонгогчдын эрх ашгийн төлөө хийхээс яахав.
М.Өнөржаргал