Түгээлтийн машинуудыг цагаар хязгаарласнаар түгжрэл 30 хувиар буурна
2018.09.19

Түгээлтийн машинуудыг цагаар хязгаарласнаар түгжрэл 30 хувиар буурна

Ирэх 11 дүгээр сарын 1-нээс хотын түгжрэлийг бууруулах үүднээс нийслэлд худалдаа, үйлчилгээний түгээлтийн машинуудыг тодорхой цагаар хөдөлгөөнд оруулах, томоохон захуудад ачаа тээврийн машинуудын хөдөлгөөнийг өдрийн цагаар хязгаарлах, томоохон уулзваруудад нэвтрэлтийг зохицуулсан шар дөрвөлжин тэмдэглэгээ тавих, зарим замыг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зэрэг зохицуулалт хийхээр болоод байна.

Дээрх шийдвэрийг НИТХ-ын дарга С.Амарсайхан болон Тэргүүлэгч гишүүд нийслэл хотын автозамын түгжрэлийг бууруулах Ажлын хэсгийн гишүүдийг хүлээн авч уулзан “Улаанбаатар хотын замын хөдөлгөөний зохицуулалтыг хангаж, хотын хөдөлгөөний ачаалал, түгжрэлийг бууруулах талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний тухай” НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолын хэрэгжилтийн талаар хэлэлцэн дээрх зохицуулалтыг гаргаад байна.

Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц, гэр хорооллын асуудал хариуцсан орлогч П.Баярхүүгийн танилцуулснаар Нийслэлийн Засаг даргын захирамжаар энэ оны 6 дугаар  сарын 28-нд байгуулсан түгжрэлийг бууруулах Ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн хүрээнд эхний ээлжинд нийслэл хотын хамгийн их ачаалалтай  “Цэцэг” төв, Төв музей, УБИС, Цаг уурын газрын 4 уулзвар болон гол замтай нийлсэн гарц бүхий хэсгүүдэд дэлхийн томоохон хотод хэрэгждэг “Yellow box” буюу “Шар дөрвөлжин” тэмдэглээ хийн хяналт тавьж ажиллахаар боллоо. Ингэснээр хотын төвийн түгжрэл 70 хувиар буурах тооцоо гарчээ. Энэ ажилд зарцуулах 200 сая төгрөгийн санхүүжилтийг хотын төсвөөс шийдэж 11 дүгээр сарын 1-нээс өмнө хэрэгжүүлэхээр болов. Хоёрт, нийслэл хотын худалдаа, үйлчилгээний газруудын бараа таталт, түгээлтийн машинуудыг ажлын бус цагаар буюу цагийн хязгаарлалтаар гүйцэтгүүлэхээр шийдээд байгааг  танилцууллаа. Энэ ажлыг мөн 11 дүгээр сарын 1-нээс автомашинуудыг ангиллаар, замын бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэхээр болжээ. Автозамын байгууллагуудтай хамтран түгээлтийн машинуудад JPS суулгаж хөдөлгөөнийг хянах аж.

Өнөөдөр нийслэлд явж буй түгээлтийн 20 гаруй мянган автомашиныг ийнхүү цагаар хязгаарлах зохицуулалт хийснээр хотын түгжрэл 30 хувиар буурна гэсэн урьдчилсан тооцоо судалгаа гарчээ. Үүнээс гадна Ажлын хэсгийн хүрээнд аймаг, орон нутгаас “Нарантуул”, “Барс”, “Хархорин”, “Хүчит шонхор”, Шархад зэрэг хотын томоохон бөөний худалдааны төв, захуудын бараа тэвээрлэж буй ачааны том оврын машинуудыг мөн цагийн зохицуулалтаар буюу өглөөний 07.00-оос шөнийн 24.00 цагийн хооронд хөдөлгөөн хязгаарлахаар боллоо. Ингэхдээ захуудад том оврын ачааны машины талбай гаргаж өгөн тохижуулж буйг хэлж байв. Мөн НИТХ-ын Тэргүүлэгчдий тогтоолын хүрээнд Нийслэлийн Хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас хотын их, бага тойрууд хийсэн судалгааны дүнд Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх, Хан-Уул дүүргийн нийт 1113.2 га газарт авто замын хөдөлгөөнийг хаасан саад бүхий хашаа, хайс, зөвшөөрөлгүй байгууламж, обьектуудыг 9 блок газарт чөлөөлж, шинээр гудамж, зам гаргаж, явган хүний зам болгон тохижуулах, ногоон байгууламж, автозогсоол хийхээр шийдвэрлэлээ.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хэлэхдээ, хотын түгжрэлийг бууруулах ажлыг хамгийн боломжит хувилбараар, сөрөг байдал гаргахгүйгээр, иргэд оршин суугчды саналын үндсэн дээр зохицуулах шаардлага тулгарсан энэ ажилд тооцоо, судалгаатай хамгийн гол нь үр дүн гарахаар хангаж хяналт тавьж ажиллахыг үүрэг болгов. Тэрээр одоо хэрэгжиж буй ажлын танилцуулгаас харахад замын тэмдэглээ тавьж, хөдөлгөөн зохицуулагч ажиллаж байна гэхээс өөр дорвитой хийсэн зүйл байхгүй байгаад шүүмжлэлтэй хандав.

Б.Болд