Сайд Ч.Улаан ОХУ-ын зарим аж ахуй нэгжээр зочиллоо
Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-д хийж буй ажлын айлчлалынхаа үеэр Москва мужийн “Московский конный завод №1” адуу үржүүлгийн аж ахуй, “Наро-Осановский” сүүний аж ахуйд тус тус зочиллоо.
“Московский конный завод” үржүүлгийн газрын ерөнхий захирал Ю.Б.Прохоров Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан болон түүнийг дагалдан яваа төлөөлөгчдийг үржүүлгийн газрын үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээгээр “Наро-Осановский” сүүний аж ахуйтай танилцлаа.
Тус сүүний аж ахуй нь өөрийн эзэмшлийн 4000 га газарт үнээний ферм, сүү, сүүн бүтээгдэхүүний цех, хүнсний ногоо болон малын тэжээл тарих зэрэг үйл ажиллагаа эрхэлдэг байна.
Үнээний ферм нь өдөрт 60 тонн сүү гаргаж авах хүчин чадалтай аж. Түүнээс гадна сүүнийхээ тодорхой хэсгийг боловсруулан өдөрт 10 тонн тараг, цөцгий, зөөхий, бяслаг зэрэг сүүн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж Москва мужийн хэрэглэгчдийн хэрэгцээнд нийлүүлдэг байна.
Айлчлалын үр дүнд: Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан ОХУ-ын Хөдөө аж ахуйн сайд Д.Н.Патрушевтэй хийсэн уулзалтаар Монголын малыг эрүүлжүүлэх хөтөлбөрийн гуравдугаар шатыг хэрэгжүүлэх, ОХУ-д мах, махан бүтээгдэхүүний нийлүүлэлтийн хэмжээг нэмэгдүүлэх, Монгол малын чанарыг сайжруулах зорилгоор ОХУ-аас цэвэр үүлдрийн мал нийлүүлэх, малын удмын санг хамгаалах чиглэлээр хамтран ажиллахаар боллоо.
Аж үйлдвэр худалдааны орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга В.Л.Евтуховтой хийсэн уулзалтаар манай улсын “Газар тариалангийн техникийн шинэчлэл” төслийг үргэлжлүүлэх, ОХУ руу хөдөө аж ахуйн салбарын бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх зэрэг тодорхой асуудлаар нэгдсэн ойлголтод хүрсэн чухал айлчлал боллоо.