Аймаг, нийслэлийн удирдлагуудтай цахим хурал хийлээ
ЗГХЭГ-аас 21 аймаг, нийслэлийн удирдлагуудтай хийдэг ээлжит цахим хурлыг өнөөдөр зохион байгуулав.
Энэ удаагийн хуралд ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, ЗГХЭГ-ын дэд дарга У.Бямбасүрэн, ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нар оролцсон юм.
Цахим хурлаар аймаг, орон нутгийн ажил амьдрал, хаваржилт, мал төллөлт, газар тариалангийн бэлтгэл ажил, хуурайшилт, ой, хээрийн түймэр, шар усны үер зэрэг гамшгаас урьдчилан сэргийлэхтэй холбоотой цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. Орон нутгийн удирдлагууд холбогдох хүмүүсээс сонирхсон асуултдаа хариулт авч, Засгийн газар, орон нутгийн түвшинд яаралтай шийдвэрлүүлэх ямар асуудал байгаа талаар мэдээлэл солилцлоо.
ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ цахим хурлыг цаашид тогтмолжуулж, хөдөө, орон нутгийн удирдлагууд заавал Улаанбаатарт ирж асуудлаа шийдүүлэх биш, цаг хугацаа, хөрөнгө зардал гаргахгүйгээр богино хугацаанд мэдээлэл солилцох, шийдвэр гаргах үр дүнтэй ажил болгох хэрэгтэй гэдгийг хурлын эхэнд онцолсон юм.
Өнгөрсөн сарын 21-нд бүх шатны Засаг дарга нарыг хамруулсан “Орон нутгийн удирдах ажилтны улсын зөвлөгөөн”-ийг Засгийн газраас Төрийн ордонд зохион байгуулах үеэр Ерөнхий сайдаас өгсөн 27 үүрэг, даалгаврыг орон нутагт хэрхэн хэрэгжүүлж байгаа талаарх мэдээллийг ойрын үед эргэж танилцуулахыг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ орон нутгийн удирдлагуудад үүрэг болгосон.
Мөн Ерөнхий сайдын захирамжаар боловсруулж байгаа Монгол Улсын хөгжлийн хөтөлбөрийг дөрвөн жилээр бус, тав, таван жилээр төлөвлөсөн 2020-2045 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн хөтөлбөрт аймаг бүр өөрийн онцлогоо тусгасан, цаашид тухайн орон нутагт юунд суурилж хөгжих талаарх саналаа ирүүлэх чиглэлийг орон нутгийн удирдлагуудад өгөв.
Цахим хурлын үеэр хөндсөн өөр нэг чухал асуудал нь Засгийн газраас 2019 оныг “Иргэн төвтэй төрийн үйлчилгээний жил” болгон зарласан. Үүнтэй холбогдуулж ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ байр сууриа илэрхийллээ. Тэрээр, ”Иргэн төвтэй төрийн үйлчилгээ гэдэг бол засаглалыг ил тод, нээлттэй байлгаж, төрийн үйлчилгээг аймаг, сум, орон нутагт иргэдэд чирэгдэлгүй, түргэн, шуурхай хүргэхийг хэлж байгаа юм.
Нөгөө талаар дундаж давхарга 75-аас дээш хувьтай байж ардчилсан нийгмийн эдийн засаг бодит өсөлт болж, эдийн засгийн тэрхүү өсөлт нь цаасан дээр үлдэх биш иргэндээ хүрдэг. Тийм болохоор Засгийн газар үүнд онцгой анхаарал хандуулж байна. Тухайлбал, дундаж давхаргыг дэмжсэн банкны үйлчилгээг нэмэгдүүлж, хүү багатай зээл, санхүүгийн бусад үйлчилгээг бүх иргэндээ хүргэхэд чиглэсэн тодорхой шийдвэрийг ойрын үед Засгийн газар гаргана” гэлээ.
Орон нутгийн удирдлагуудтай хийх дараагийн цахим хуралд дарга нараас гадна хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулахыг тэрээр мөн үүрэг болгосон. Учир нь нийгмийн давхарга бүрийн төлөөллийг оролцуулж цахим хурлыг цаашид хийх нь үр дүнтэй гэж тэрээр үзэж байгаа аж. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төрийн байгууллагуудад ажиллуулах зохицуулалттай хуулиуд байгаа ч хэрэгжихгүй байна.
Иймд орон нутагт амьдарч байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэдийнхээ үгийг сонсож, тулгарч байгаа асуудлыг нь Засгийн газар шуурхай шийдэх бас нэг боломж юм. Энэ мэтчилэн дараа дараагийн цахим хуралд хөдөө, орон нутагт ажиллаж, амьдарч байгаа бизнес эрхлэгчид, төрийн бус байгууллагууд, өрх толгойлсон эмэгтэйчүүд гэх зэргээр нийгмийн бүхий л давхаргын төлөөллийг ээлж дараалан оролцуулж, холбогдох төрийн байгууллагуудын дарга нарт үгийг нь хүргэх, саналыг нь сонсох байдлаар хуралдвал илүү ажил хэрэгч, үр дүнтэй хурал болно гэлээ