Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми-г хүлээн авч уулзав
2019.03.25

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми-г хүлээн авч уулзав

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл ЖАЙКА-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми-г үүрэгт ажил нь дуусгавар болж, нутаг буцахтай нь холбогдуулан хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Японы олон улсын хамтын ажиллагааны агентлаг буюу ЖАЙКА-тай хамтран олон төсөл хөтөлбөрүүдийг техникийн хамтын ажиллагаа, төслийн бус буцалтгүй тусламж болон “Өвсний үндэс-Хүний аюулгүй байдал”-техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжүүлж байгааг дурьдаад эдгээр төслүүдийг амжилттай хэрэгжүүлэхэд Суурин төлөөлөгчийн газрын дарга Сато Мүцүми үнэтэй хувь нэмэр оруулсныг онцлон тэмдэглэж, талархал илэрхийллээ.

Тухайлбал, төслийн бус буцалтгүй тусламжийн хүрээнд эрүүл мэндийн салбарт нэн шаардлагатай эмнэлгийн тоног төхөөрөмжүүдийг нийлүүлдэг бөгөөд эдгээр нь эрүүл мэндийн байгууллагуудын хэрэцээ шаардлагад нийцсэн, ашиглалт сайтай тоног төхөөрөмжүүд байдаг ба техникийн хамтын ажиллагааны хүрээнд хэрэгждэг төслүүд нь манай улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн хөгжилд дорвитой хувь нэмэр оруулж, эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулах, шилдэг тэргүүн туршлагаас суралцахад ихээхэн хувь нэмэр оруулдаг болохыг тэмдэглэн хэлэв.

Уулзалтын явцад талууд өнгөрсөн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн явц, тулгамдсан асуудлуудын талаар дэлгэрэнгүй харилцан ярилцаж, уулзалтын төгсгөлд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл Монгол Улсын эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулж, идэвхи зүтгэлтэй ажилласныг өндрөөр үнэлж, ноён  Сато Мүцүми-д ЭМЯ-ны “Хүндэт тэмдэг”-ийг гардуулан өглөө.