2019.04.03
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв байгуулна
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг–Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харъяанд “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв” УТҮГ-ыг байгуулахаар шийдвэрлэв.
Тус төв нь хүүхдийн хоцрогдол, бэрхшээлийг эрт илрүүлэх, оношлох, сэргээн засах, хоёрдогч хөгжлийн брэхшээлээс урьдчилан сэргийлэх, хамт олонд түшиглэн хөгжүүлэх, нийгмийн харилцаанд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцоход нь дэмжлэг үзүүлэх зорилготой. 250 ортой, зургаан тасагтай стационари, оношилгоо шинжилгээ, сэргээн засах эмчилгээний төрөлжсөн кабинет бүхий амбулаторитой байх юм.
Хөдөө, орон нутаг, алслагдсан дүүргээс ирсэн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг 14-21 хоног хэвтүүлэн нарийн мэргэжлийн болон орчин үеийн шинжилгээ, оношлогоо, хөдөлгөөн засал, ахуй засал, хэл засал, усан ба физик эмчилгээ зэрэг сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлж, тохирох туслах хэрэгсэл/протез,ортопед/-ийг үйлдвэрлэнэ.
Үндэсний статистикийн газрын мэдээгээр Монгол Улсад 2018 оны байдлаар нийт хүн амын 3.3 хувь нь буюу 105,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байгаагийн 8,5 хувь нь 0-15 насны хүүхэд эзэлж байна. Эдгээрээс 7921 хүүхэд сургууль,цэцэрлэгт хамрагджээ.