О.Баасанхүү: Ц.Нямдорж цагтаа сайн хуульч байсан гэсэн. Одоо бол зүүдээ ярих гээд хулгайгаа ярьдаг болчихсон
Өдрийн сонин, Сэтгүүлч Э.Янжмаа
УИХ-ын О.Баасанхүүтэй ярилцлаа.
-Ө.Энхтүвшингээс би энэ талаар мэдээлэл шаардсан. Одоогоор хариу ирээгүй байна. Хов живийн шинжтэй асуудлууд дуулдсан. Жишээлбэл, 120 сая ам.долларыг 40 болгож багасгасан гэсэн ойлголт үнэн ч юм уу. Дээр нь Эрдэнэт үйлдвэр 100 хувь улсынх болчихсон учраас зэсийн гэрээн дээр жуулчлал хийж үлдсэн алдагдлаа нөхөхөөр тохирсон байж магадгүй гэсэн яриа гарсан. Энэ бүгдийг шалгахын тулд материалтай танилцъя гээд ажлын хэсгийн дарга Я.Санжмятавт хэлсэн. Ойрын хугацаанд шаардсан материалыг өгөхгүй бол дараагийн арга хэмжээнд ордог л байх даа.
-Байнгын хороогоор С.Зоригийн хэргийг шалгах УИХ-ын түр хороог байгуулахыг дэмжлээ. Удахгүй чуулганаар хэлэлцэх байх. Энэ түр хороонд та орох уу?
-Би нэг хэсэг Өргөдлийн байнгын хороон дарга хийсэн юм. Тухайн үед Б.Жавзмаа гэх эмэгтэйгээс "Хүүг маань хилс хэргээр ял үрүүлэх гэж байна” гэсэн гомдол ирсэн. Дараа нь Б.Булганы ээжээс өргөдөл ирсэн удаатай. Тиймээс энэ асуудлын газар дээр нь очиж шалгасан. Дараа нь 2017 онд миний бие албан ёсоор Тагнуулын байгууллагад эрүүдэн шүүсэн асуудлаар өргөдөл өгсөн.
Эрүүдэн шүүсэн гэх асуудал тодорхой боллоо гээд прокурорын байгууллагаас өргөдлийн дагуу Тагнуулын байгууллага руу бичиг явуулна. Тагнуул цаашаагаа прокурорт хандсан юм уу яасан юм эрүүгийн хэрэг үүсгээд хавтаст хэрэгт тодорхой зүйл гарлаа гэсэн зүйл л яригдаж байна. Гишүүд 26 минутын бичлэг үзсэн. Эрүүдэн шүүсэн асуудал надад таалагдаагүй. Өнөөдөр хэнийг ч эрүүдэн шүүж, яргалж болохгүй. Үүнийг хууль хяналтын байгууллага тогтоох ёстой. Түр хороо байгуулах асуудал орж ирсэн. Түр хороо ямар нэгэн ажлыг хийж дуусгасан бол автоматаар тардаг.
-Энэ түр хорооны зорилго нь юу вэ?
-Хэргийг цагаатгая гэж үзвэл Улсын ерөнхий прокурор Дээд шүүхэд бичиг өгөөд Дээд шүүх авч хэлэлцдэг. Хэрэв энэ хэрэг шинээр илэрсэн гэж үзвэл мөрдөн байцаалтад буцааж хэргийг цагаатгадаг хуультай. Тэгэхээр бид прокурор руу тэр бичгээ өгөх гээд байгаа юм уу, эсвэл өөрсдөө шууд Дээд шүүхэд бичиг өгөх гээд байгаа юм уу. Хоёрдугаарт, тодорхой материалтай танилцъя гээд байгаа. Ямар материалтай танилцах юм. Ил болсон материалтай танилцах гээд байгаа юм уу, эсвэл захиалагчийг шалгаж буй маш нууц материалыг шалгах юм уу. Мөрдөн байцаалтын зарим нэг юмыг авчхаад үзүүлэхгүй байна гээд түр хороо байгуулахаар санал гаргасан. Гэтэл УИХ-д мөрдөн шалгадаг чиг үүрэг байхгүй.
-С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй иргэдийг та хэлмэгдсэн гэж үзэж байна уу. Таны тойргийн иргэн энэ дунд бий учраас асууж байна л даа?
-Гэм буруугүй гэж итгэж байгаа. Энд хоёр л зүйл байна. С.Зоригийн хэрэг илэрчихсэн. Ямар ч гэмгүй хүнд ял өгсөн гэдэг нь зохион байгуулалттайгаар хэргээ нуун далдлах зорилготой. Эсвэл энэ хэргийг хийсэн нь үнэн.
Гэхдээ энэ хүмүүс хийгээгүй байлаа ч энэ хүмүүсээр халхавч хийгээд жинхэнэ захиалагч руу очих гэж байтал замаас нь хаасан. Энэ чинь хоёр тусдаа хэрэг явж байгаа шүү дээ. Нэг нь захиалагчийн хэрэг. Нөгөөх нь гүйцэтгэгчийн хавтаст хэрэг. Гүйцэтгэгчийн хавтаст хэрэг хүчингүй болж болно. Хамаагүй. Гэхдээ захиалагчийн хавтаст хэрэг жинхэнээсээ илрэх гэтэл нөгөө хэд нь сандраад хуурамч гүйцэтгэгч нараар халхавчилж өөрсдөө зүгээр гарах вий. Эд нар С.Зоригийг алаагүй гэдэг дээр илүү ач холбогдол өгөөд байна. Надад энэ хэргийн үнэн, худал биш, хүн хэлмэгдэхгүй байх нь чухал. Эрүүдэн шүүгдэхгүй байх нь хамгийн чухал. Тэр нэг ядарсан эмэгтэй Б.Жавзмаа гуай болон тэдний гэр бүлийн зовлонгоор улс төр хийлгэхгүй байх нь чухал.
-Таны өгсөн саналын дагуу Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж энэ хэргийн зарим материалыг нууцаас гаргасан санагдаж байна?
-Би тагнуулд нэг удаа, Ерөнхийлөгчид хоёр удаа бичиг өгсөн. Ц.Элбэгдоржид энэ хэргийг ил болго гэсэн бичиг өгсний дагуу энэ хэрэг нээлттэй болоо биз дээ. Дараагийн Ерөнхийлөгч Х.Баттулгад энэ шүүх хурлыг нээлттэй болго гэсэн бичиг өгсөн. Бүгд энэ хэргийн талаар гоё ярина. Бичиг өгөөд хариу ирлээ гэж хэн ч ярьдаггүй. Эсвэл буцаад 37 он болчихсон юм уу.
Н.Энхбаярыг өмгөөлдөг байхад хүмүүс түүнтэй уулзахаас айдаг байсан. Хамт хэрэг хийгээгүй мөртлөө тааралдахаасаа айдаг. Ө.Энхтүвшин гэхэд л бүр хачин байдлаар уулздаг. Энэ байдал нь эргээд ард түмнийг талцуулаад байна. Шулуухан хэлэхэд “би’’-гийн өвчнөөр өөрийгөө магтуулах гэсэн солиорлоос болж хүмүүст их гай тарьж байна.
-Жишээлбэл ямар гай болж байна вэ?
-Швейцар явахад С.Баярцогтын оффшор яригдсан. Бичиг аваад ирсэн бол өгч болно. Гэтэл шоудаж хэвлэлээр ярьснаас болж дараагийн оффшортонгуудын мэдээллийг Швейцарын талаас өгөхгүй гэсэн.
Оффшорт 72 сая ам.доллартай хүн байна. 150 сая ам.доллартай хүн бий.
Оффшорт 72 сая ам.доллартай хүн байна. 150 сая ам.доллартай хүн бий. Энэ хүмүүсийн бичгийг авах зам таг мухардчихсан. Ингэж хуулийн байгууллагын дотоод үйл ажиллагааг илчилж, ажилд нь гай болсон. Би Улсын ерөнхий прокурорт оффшорыг илрүүлж өгнө үү гэсэн бичиг өгсөн. АТГ-ын даргатай очиж энэ талаар уулзсан. Тухайн үед С.Баярцогтын дарааллаар явж байгаа гэсэн. Гэтэл АТГ-ынхан хэвлэлийн хурал хийхдээ “Бичиг авах арга мухардсан” гэж байна лээ. Сураг дуулах нь ээ “Танайх манайхыг эвгүйгээр мэдээлээ. Хүний банкны мэдээллийг олон нийтэд дэлгэдэг. Хуйвалдаж ажилладаг гэсэн зүйл ярьсанд гомдож байна” гэжээ. Хүмүүсийг шоронд хийх нь гол биш. Гэм буруутайг тогтоох нь гол.
-Капитал банкийг дампуурна гэдгийг эрх баригчид эртнээс мэдэж байсан уу?
-ОУВС-гийнхан ирээд 14 банкыг шалгасан. Зарим банкуудыг татан буулгах хэрэгтэй, танай эдийн засагт сөрөг нөлөөтэй гэсэн санал тавьсан. Түүний дотор Капитап банк явж байгааг би дуулсан. Уг банк нийт зээлийн 80 хувь нь эргэн төлөгдөхгүй гэдэг нь батлагдсан. Нийт зээл авсан нөхдийн нэрсийг гаргая. Чанаргүй зээл гэхээр тэдний төлөх мөнгийг өмнөөс нь улс төлчихдөг. Анод банкны мөнгийг хэн төлсөн бэ гэдгээс л эхэлнэ.
Хотш банкнаас эхэлж ярих хэрэгтэй.
Уг банкнаас 72 мянган ам.доллар дутсан. Тэр үед нэг ам.доллар 530 төгрөг байсан. Тэгэхээр банк дампуурахаар зарим хүмүүс хождог. Энэ бүхний ард улстөрчдийн хуруу явдаг.
Тиймээс Капитап банкны дампуурлыг шийдье гэвэл эхлээд томоохон зээлдэгчдийн нэрийг гарга. Хэдэн тэрбумаар хэн авсан. Түүн дотор улстөрчид байвал зарла. Ингээд шударга ёс тогтоно. УИХ-ын гишүүн Б.Ундармаа өөрийнхөө компаниа дампууруулъя гэж гүйхгүй байлгүй дээ. Өөр бас хоёр, гурван банк дампуурна гэж дуулдсан. Нэг талаасаа банкууд цөөхөн болох сайн. Монгол Улсад байгаа нийт мөнгөн хөрөнгө цөөхөн банканд төвлөрч, ахиу хуримтлал үүсвэл зээлийн хүүгийн хэмжээ буух боломжтой. Дахиад л намайг Капитал банктай холбоотой ажлын хэсэгт оруулаагүй. Хууль зүйн байнгын хороонд би байдаггүй. Хуульч хүн ороогүй гэдэг чинь юу гэсэн үг вэ.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөлтэй та танилцсан байх. Уг төсөл дээр ямар байр суурьтай байгаа вэ?
-МАН Үндсэн хууль өөрчлөх ёстой. Яагаад гэвэл ард түмэн МАН-ыг Үндсэн хуулиа өөрчил гээд сонгосон. 56-аас дээш хүн сонгосон бол Үндсэн хуулийг өөрчил гэсэн үг. Тэгэхээр 65 хүнийг сонгож, Үндсэн хуулийг өөрчилж болно гэжээ. Үндсэн хууль дээр гурван янзын байр суурь бий. Нэг нь бүгдийг өөрчил. Энэ нь Үндсэн хуулийг урж хаяад шинээр бич гэсэн үг. Хоёр дахь нь ерөөсөө өөрчилж болохгүй. Гуравдугаарт, багахан өөрчил гэдэг. Зөвлөлдөх санал асуулга гээд Төрийн ордонд 1,500 хүн цуглуулсан. Эндээс хуулийн төслийг гаргаж ирсэн юм. Үүнийг бид иргэдээсээ асууж, эрэмбэлээд үзэхэд заримыг нь 80 хувь дэмжиж байна. Заримыг нь 60 хувь гээд янз бүр. Миний байр суурь гэвэл ард түмнээс 100 хувь дэмжсэн саналыг баталъя гэсэн.
Ард түмэн 60 тэрбумаас салахыг хүссэн. Энэ нь төрийн албыг улс төрөөс хараат бус болго, сум, хороон дээр улс төр явдгийг болиул гэсэн үг. Үүн дээр 100 хувийн санал авсан. Хоёрдугаарт, утаанаас салъя гэсэн. Тэгвэл Улаанбаатарыг тэлэх, өөр газруудад шинэ хотыг хөгжүүлэх ёстой. Гуравдугаарт, долоон удаа сонгууль хийхдээ бүрэн утгаа алдчихсан. Нэг нам ялахаараа мөнгөний сонгууль хийдэг. Мөнгөтэй хүн ялдаг болчихсон. Түүнээс биш мэдлэгтэй бодлого гаргадаг хүн гарч ирдэггүй. Энэ гурван зүйлийг л хийчих хэрэгтэй. Түүнээс Засгийн газар, шүүх, Ерөнхийлөгч нь яах вэ гэх нь МАН-ын ажил биш. 49 ашиг сонирхлын зөрчилтэй хүн ийм юм хийж болохгүй. Харин энэ гурван зүйлийг иргэнийхээ хувьд хийж болно.
-Ц.Нямдорж сайдтай байнгын хорооны хуралдаан дээр ширүүн маргаан өрнүүлсэн. Юунаас болсон бэ?
-Ц.Нямдоржийн зүгээс Хууль зүйн байнгын хорооны хуралдаан дээр ноцтой мэдээллүүд дэлгэсэн. Яргачин, алуурчин хэн байна уу шалгагдаж байгаа. Хуулиар мөрдөн байцаалтын төлөвлөгөөн дээр хэн хэн оролцсон, ямар гарын үсэг зурсан гэдгийг ярих хориотой байхад задалсан.
Сүүлийн үед Ц.Нямдорж, Л.Болд, Ж.Батзандан, Т.Аюурсайхан, Х.Нямбаатар мэтийн хүмүүс зохион байгуулалттайгаар миний нэр төрд халдах, гутаан доромжлох, гүтгэх гэсэн хэрээс хэтэрсэн үйлдлүүд хийх боллоо. Энэ бол сүүлийн анхааруулга. Би Л.Болдтой холбоотой асуудлаар олон улсын шүүхэд хандаж болно. Намайг нэг жилийн дараа гудамжинд гарна ч гэх шиг. Гудамжинд гарвал сайн л биз. Гудамжинд байгаа гэж ард түмнээ хэлээд байгаа юм. Гэхдээ гудамжинд гэдэг чинь муухай амьдардаг хүмүүс биш. Илүү эрх чөлөөтэй, тайван амьдарна. Энэ хэд хонгилоороо чирэхийгээ хэлээгүй л байлгүй дээ. Миний ойлгож буйгаар хулгайчууд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Би өмгөөлөгч хүн хэнийг ч өмгөөлж болно. Энэ баян хулгайчууд олон болох тусам дотроо би бизнес сэтгэлгээгээр “Бушуухан УИХ-ын гишүүн биш болдог юм билүү. Энэ хүмүүсийг өмгөөлж, арав, хорин цаас олох юмсан" гэдэг бодол төрж байна.
-Ц.Нямдорж сайд эрүүгийн мөрдөгчөөр таныг мөрдүүлдэг тухай та хэлсэн. Яагаад тэр вэ?
-Удахгүй зөндөө зүйл ил болно. Манай хүн асар их шатаж байна. Ингэж шатахдаа асар их мэдээллийг ард түмэнд хэлсэн. Ц.Нямдорж цагтаа сайн хуульч байсан гэсэн. Одоо бол зүүдээ ярих гээд хулгайгаа их ярьдаг болчихсон. Үнэн гэдэг юм араас нь мөшгөсөөр байгаад олдог. О.Баасанхүү ганцаараа байж болно. Гэхдээ шударга төрийн албан хаагч, иргэд, улстөрчид олон бий. Энэ хүмүүсийн хууль бус үйлдлүүдийг нотолно.
-Шүүх хяналтын байгууллагын удирдлагыг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр томилох, чөлөөлөх орчин бүрдсэн гэж болно. Та хуульч хүний хувьд байр сууриа илэрхийлэхгүй юу?
-З.Энхболд “Зөвлөх үүрэгтэй учраас хэнд ч зөвлөж болно. Зөвлөмжөө зөв гэж үзвэл үндэслээд аваад явж болно. Үгүй гэвэл үндэслэхгүй байж болно. Зөвлөмж яахаараа Үндсэн хууль зөрчдөг юм” гэсэн. Томилсон байгууллага гэж тусдаа. Томилох процесс гэж тусдаа асуудал. Түүн шиг томилогдсон албан тушаалтан гэж тусдаа. Албан тушаалтанг чөлөөлөх гэдэг тусдаа юм. Ийм л дөрвөн зүйл бий. Томилсон байгууллага гэдэг Ерөнхийлөгч гэж бий. Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг зөвшилцдөг. Гэтэл Ерөнхийлөгч Ерөнхий прокурорыг зөвшилцөхгүйгээр чөлөөлдөг байж болохгүй. Уг нь зөвлөмж гарлаа гэвэл УИХ-аар оруулаад зөвшилцөх ёстой. Ингэхээр Үндсэн хуулийн асуудал болно. Хоёрдугаарт, засаглал гүйцэтгэх, шүүх, хууль тогтоох гэсэн гурван элементтэй. Энэ гурвын удирдлага хоорондоо нийлээд шийдвэр гаргах нь хууль бус. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гэсэн гурван удирдлага системийн бодлогын шийдвэр гаргаж болохгүй. УИХ-ын даргыг огцруулахдаа л “Зүгээр нэг спикер” гээд л байсан. Гэтэл манай 76-гийн өмнөөс очоод хүн огцруулах тухай яриад байж болохгүй биз дээ. Ерөнхий сайд ч мөн адил.
Ерөнхийлөгч нийт ард түмнийг төлөөлдөг. Гэтэл Ерөнхийлөгч төрийн байгууллагын зарим удирдлагуудтай нийлээд чөлөөлөх үндэслэлийг тодорхойлж болохгүй. Чөлөөлөх үндэслэлийг хуулиар тогтоодог. Хүн гэмт хэрэг хийгээгүй бол ажлаа хийх ёстой. Тэгэхээр гэмт хэрэг хийсэн эсэхийг хэн тогтоох юм. Манай энэ Ж.Батзандан тэргүүтэй нөхдүүд “Ерөнхийлөгчөөс оруулж ирсэн АТГ-ын дарга, дэд даргыг томилохдоо нийтийн сонсгол хийнэ гэж 19 гишүүн гарын үсэг зурсан” гэлээ. Би үүнийг гайхаад байгаа юм. Ерөнхийлөгчийг муу хүн оруулж ирлээ гээд байгаа юм уу. Тэгвэл Ерөнхийлөгчөө сольчих хэрэгтэй. Хоёрдугаарт, АТГ-ын даргыг УИХ томилдог. УИХ-аас АТГ-ын даргыг огцруулна гэдийг яаж мэдсэн юм. Ингэж даварч болохгүй.
-АТГ-ын дарга огцрох ёстой юу?
-Би тэгж бодохгүй байна. 49 улстөрчийн но-г илрүүллээ шүү дээ. С.Баяр, С.Баярцогт, Ц.Элбэгдорж гээд арваад хүн. Үүн дээр 49 хүнээ нэмэхээр жараад хүн болно. 49 хүний асуудлыг бариад орж ирж байна гэдэг бас л улс төрийн эр зориг. Энэ талаас нь бодох ёстой. Х.Энхжаргал сайн хүн үү, үгуй юу гэдэг хувийн асуудал.
МАНАН мафийн бүлэг байгаа юу, үгүй юу гэдгийг гаргаад ир.
Сая Эрдэнэтийн 49-ийг авах гэсэн Худалдаа хөгжлийн банкны нөхдүүд Багануурыг бас авах гэсэн юм. Баганууртай холбоотой шүүх хурлын гадаа нөгөө тав харагддаггүй. Би л очсон. Тэмцэж байгаа бол дуустал яв. Нэг нэг сэдэв сэмлээд явах юм. Тэгээд нам байгуулна гээд байгаа шүү. Ийм байж болохгүй. Т өр түшилцэнэ гэдэг айл гэртэй адил. Унь нь унана, багана нь хазайна, тооно нь яйжийна.
Төрийн түшээ үүнийг хараад шоолж, гэрээ шатааж шинэ гэр барина гэж гадуур, дотуур гүйдэггүй. Чимээгүйхэн очоод унь, багана, тооноо засаад явдаг. Ингэж хийж байгаа бүх хүмүүсийг муу муухай гэх юм. Багана нь хазайчхаад байхад дээр нь ирж бүжиглэж буй хүнийг харахаар уур хүрч байна. 20 жил хуулийн тогтолцоо хазайчихжээ. Юунд гайхаж хараад байгаа юм бэ. Одоо засаж, янзалъя.
-Таныхаар энэ тогтолцоог яаж засах вэ?
-Эрх мэдэл өгвөл янзлаад өгнө. Ядаж Хууль зүйн байнгын хорооны дарга болго. Өргөдлийн байнгын хорооны дарга байхдаа яаж ажиллах ёстойг харуулсан биз дээ. Ярьсны оронд ном бичсэн дээр. Тэрийг уншаад чадах хүн нь ажиллаад яваг. Ний нуугүй хэлэхэд Монголд шударга ёсны хувьсгал хэрэгтэй. Түүний дотор дахиад нэг зүйл нь мэдлэгт суурилсан төрийн бодлого бүр их хэрэгтэй. Мэдлэгт суурилсан төрийн бодлогоор шударга ёсны хувьсгал хийхгүй бол мэдрэмжид суурилсан төр хэнийг ч хэлмэгдүүлж магадгүй.
-Таныг Б.Хурцын тагнуул байж мэднэ гэж Ц.Нямдорж сайд хэлсэн. Үүн дээр ямар тайлбар хэлэх вэ?
-Би Хүний эрхийн комиссын дарга Ж.Бямбадоржийн хийх ажлыг өмнөөс нь хийгээд явдаг. Б.Содномдаржаагийн ар гэр, эхнэр, хүүхэд ямар хэцүү амьдардаг гэж бодно. Тэгээд дэмжиж тусалж байгаа тухай ярингуут Ц.Нямдорж “Чи өглөө ээжтэй нь золгочхоод орой нь яргачинтай нь уулздаг. Чи Б.Хурцын тагнуул” гэж намайг гүтгэсэн. Гэтэл би Б.Хурцыг таньдаггүй байсан юм. Харин сүүлийн үед таньдаг болсон. Үүнийг л тагнуул гэж хэлсэн байх.
Иргэн Б.Хурц хоёр, гурван удаа над дээр ирж хуулийн зөвлөгөө авсныг нөхдүүд баримтжуулсан юм болов уу. Төрийн ажилд ярих, ярихгүй юм бий. Харин зохион байгуулалттай юм хийгээд байгаа нь таалагдахгүй байна. Жишээ нь, Газрын тосны тухай хуулийн 46 дугаар зүйлд “Энэ хууль "Петрочайна дачин тамсаг" ХХК-д хамаарахгүй” гэсэн утгатай заалт бий. Өөрөөр хэлбэл 1991 оны гэрээ энэ хуульд хамаарахгүй гэсэн байдаг. Гэрээ хуульд байхгүй гэсэн ганцхан хууль энэ. Уг хуулийг Ц.Нямдорж ахалж хийсэн. Ц.Нямдоржид газрын тос ямар ч хамаагүй. Ард түмэндээ хандаж хэлэхэд 2020 он аймшигтай биш. Би гудамжиндаа гарахад баян хулгайчууд байгаа цагт би баян л амьдарна. Надад 49 үйлчлүүлэгч гарах нь байна.
-Албан тушаалтны гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа таван жил учраас ял үүрүүлэхэд хүндрэлтэй байдаг гэж дуулсан?
-Албан тушаалын гэдэг чинь хоёр талтай. Албан тушаалаа ашиглаж бусдад давуу байдал тогтоох нэг өөр. Албан тушаалын байдлаа ашиглан бусдаас авлига авах өөр. Зуучлалын хөлс гэдэг чинь авлига. 200 сая төгрөг гээд яриад байгаа чинь зуучлалын хөлс. Манай хэд хэдэн гишүүдийн эхнэрийнх нь дансанд багадаа 10 мянган ам.доллар, ихдээ 100 мянган ам.доллар орчихсон. Энэ чинь АТГ дээр тогтоогдчихсон. Өмнө нь хянаж байсан прокурорууд явчихсан. Шинээр хүмүүс ирж байгаа. Прокуроруудаа хурдан ажилд нь оруулж үр дүнг үзмээр байна.