Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгал аль аль нь мөн
2019.04.15

Б.Энх-Амгалан: Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр зам дотоод, гадаад урсгал аль аль нь мөн

УИХ-ын гишүүн, Зам, тээвэр хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.


-Таван толгой-Зүүнбаян чиглэлийн 414.6 км төмөр замыг барихаар боллоо. Улсын хил рүү биш, дотогш барьж байгаа нь ямар учиртай вэ?

-Таван толгой–Зүүнбаян чиглэлийн төмөр зам барих тухай УИХ, Засгийн газрын тогтоолууд, ҮАБЗ-ийн зөвлөмж тус тус гарч албажсан байдаг. Энэ төмөр замын ач холбогдол нь нэгдүгээрт, Таван толгойн бүлэг орд, Оюу толгой, Хармагтай, Цагаан суварга, Хүрмэн гэх мэт ирээдүйд улс орны эдийн засагт томооохон үр нөлөө үзүүлэх орд газруудыг дайран өнгөрнө. Энэ төмөр зам тавигдах бүсэд ашиглалтын тусгай зөвшөөрөл 37, хайгуулын тусгай зөвшөөрөл 39 олгогдсон. Хоёрдугаарт, Үндэсний хэмжээний бүтээн байгуулалт өрнөнө. Дотоодын нөөц бололцоо хүч хөрөнгөө гаргаад хийхэд гадны өгч байгаа үнийн саналаас даруй хэд дахин хямд байна. Гадны санал 2.8-3.2 сая ам.доллараар нэг км төмөр зам босно.

Дотоодын хүчээ ашиглаад барихад 1-1.3 сая ам доллараар нэг км төмөр зам босно. Гадны хүч хөрөнгөөр босгоно гэвэл валютаар тооцож материалаа авна. Гадны ажилчид валютаар цалинжина. Хөрөнгө оруулалтынх нь үр өгөөж гадагш урсгалтай байна гэсэн үг. Тэгвэл монголчууд өөрсдөө барьснаар цалин төгрөгөөр, худалдан авалт дотоод, үлдэц болоод үр өгөөжийг нь өөрсдөө хүртэнэ. Олон улс оронд арми нь томоохон бүтээн байгуулалт хийж улс орныхоо хөгжил цэцэглэлтэд үр өгөөжөө өгдөг мэргэжлийн инженерийн байгууламжийн анги нэгтгэлүүдтэй. Бид яагаад чадахгүй гэж. Цаашид улс орныхоо томоохон бүтээн байгуулалтыг өөрсдөө хийдэг болбол сайн үзүүлэлт биз дээ.Энэ зам бол дотоод,гадаад урсгал аль аль нь мөн гэж ойлгож болно. Цаашлаад аж үйлдвэржилтийг дэмжихэд энэ замын үр өгөөж өндөр. Сүхбаатар-Наушки чиглэлд шууд Ханги-Мандал, Эрээнцав-Находка чиглэлд яваандаа ачаа тээвэр төмөр замаар явна. ОХУ-ын төмөр замаар нэгдсэн нэвтрэх тарифаар 66.4 хувь хүртэл хөнгөлөлтийг эдэлж болно. Ийм давуу талуудтай. Монгол Улс ган хайлуулдаг, эрчим хүч, нефть үйлдвэрлэдэг болно гэдэгт эргэлздэггүй. Бид үргэлж байгалийн баялгаа үнэ хямд түүхийгээр нь экспортлогч орон байхгүй байлгүй дээ.

-Таван толгой-Гашуун сухайтын төмөр замын ажил яах вэ?

-Таван толгой-Гашуун сухайтын төмөр зам цаашаа явна. Яагаад гэвэл эдийн засгийн үр өгөөж, оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа, үр ашиг, дотоод өгөөж хамгийн өндөртэй төсөл юм. Дотоодын болоод гадны хөрөнгө оруулагчид шууд сонирхох зам. Суурь бүтэц нь тодорхой хэмжээнд хийгдчихсэн. Үүн дээр нь шууд үргэлжлүүлж болно. Оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд авчихна. Олон жил ашиг хүртэнэ. Товчоор хэлбэл татгалзахын аргагүй санал гэж ойлгож болно. Ачаа нь бэлэн, жилд энэ төмөр замаар 30 сая тонн коксжих нүүрс зөөвөрлөх боломжтой.

-Энэ төмөр замыг барихад нийт хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Төсөвт орсон байсан уу?

-Төсөвт суугаагүй. “Монголын төмөр зам” ТӨҮГ бонд гаргана. “Эрдэнэс Таван толгой” ХК бондыг худалдаж авна. БХЯ-ны Жанжин штаб эр цэргүүдийн хүчээр, туслан гүйцэтгэгчдийн тусламжтайгаар бүтээн босгоно.

Суурь бүтцэд 750 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөж байна. “Эрдэнэс Таван толгой” ХК 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан, энэ мөнгөнөөсөө үлдэх бүтээн байгуулалт хийх гэж байна.

-Бүтээн байгуулалтад цэргүүдийг оролцуулна гэсэн. Цэргүүд ямар ажил хийх вэ. Хэдэн төгрөгийн цалин авах вэ?

-Цэргүүдийг хүчээр хөдөлмөр эрхлүүлэхгүй, сайн дурын үндсэн дээр ажиллуулна. Хүүхдээ битгий өгөөрэй, хөдөлмөр битгий эрхлүүлээрэй амийг нь авч одно шүү гээд шуугиад байгаа хүмүүсийг би ойлгохгүй байгаа. Бааранд битгий оруулаарай, архи битгий уулгаарай, хар тамхинаас хол байлга, дэлгэцийн хамааралтай болгож болохгүй шүү гэж яагаад ярихгүй байгаа юм.

Эр цэрэг болно, эх орныхоо бүтээн байгуулалтад оролцоно, мэргэжлийн ур чадвартай болно, дайчин нөхөд хамт олонтой болно, хөдөлмөрийн үр шимээ үнэлүүлнэ цалин хөлс авна, халагдахдаа байрны урьдчилгаа мөнгөтэй болоод ирнэ. Яагаад энэ талаас нь ярихгүй байгаа юм. Яагаад монголчууд юу ч хийж чадахгүй гээд байгаа юм. Хүрз жоотуу бариад дайр гэж байгаа биш шүү дээ. Мэргэжлийн инженер техникийн ажилчид, техникийн хүчээр л давах ажил.

-Хаврын бүтээн байгуулалт түрүүчээсээ эхэллээ. Авто замын бүтээн байгуулалт, засварын ажлуудын талаар танилцуулахгүй юу?

-Дархан- Улаанбаатарын чиглэлийн 204 км дөрвөн урсгалтай том замын ажил, Улаанбаатар-Налайхын чиглэлийн 20,9 км дөрвөн урсгалтай замын ажил, Тосонцэнгэл-Сонгино чиглэлийн 167 км, Загастай-Улиастай чиглэлийн 67 км, Байдраг-Алтай чиглэлийн 126,9 км, Ховд-Улаанбайшинт чиглэлийн 29 км, Баян-Өлгий-Цагаан нуур чиглэлийн 25 км замын ажлууд бүгд эхлэнэ. Энэ жил их л олон бүтээн байгуулалтын ажил манай салбарт явагдана. Замчид маань шар нар бор хоногтой уралдаж ажиллана.

Э.ЯНЖМАА