Үндэсний урлагийн их театр барих газрыг судлав
2019.04.16

Үндэсний урлагийн их театр барих газрыг судлав

Монгол улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.43,   3.2.59 т заасан зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх захирамж гаргаж Үндэсний урлагийн их театр болон музейн цогцолбор барих асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан.

Байгалийн түүхийн музей, Үндэсний урлагийн их театрын газрын асуудлыг цогцоор шийдвэрлэх, барилгын зураг төсөв боловсруулах, холбогдох тооцоо судалгаа хийх, барилгын ажлыг эхлүүлэх бэлтгэл ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Ажлын хэсгийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг ахалж, бүрэлдэхүүнд нь Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон Барилга хот байгуулалтын яам, Сангийн яам, Эрчим хүчний яам, Байгаль орчны яам, Гадаад харилцааны яам, Соёл урлагийн газар, Үндэсний хөгжлийн газар зэрэг байгууллагын удирдлага багтсан байна. 

Өнөөдөр тус ажлын хэсгийн ахлагч буюу  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг, Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан болон холбогдох албаны хүмүүс театр болон музейн байгууламж барих боломжит байршлуудад очиж газар судаллаа.

Ажлын хэсгийн гишүүд Үндэсний соёл амралтын хүрээлэн буюу бидний нэршиж заншсанаар Хүүхдийн паркийн баруун урд хэсгийн 4 га талбай бүхий газарт Үндэсний их театр барих боломжтой гэж үзлээ. Энэ асуудлыг Засгийн газарт танилцуулах болно гэлээ.

Мөн Дүнжингарав худалдааны төвөөс зүүн зүгт байрлах газар болон Яармагийн урд хэсэг газарт музей барих боломжтой эсэхийг газар дээр нь үзэж танилцлаа.

Орчин үеийн шаардлагад нийцсэн, шинэ техник технологиор хангагдсан, үндэсний онцлог бүхий өвөрмөц шинэлэг интерьер шийдэлтэй, урлаг уран сайхны цогцолбор арга хэмжээ зохион байгуулах бололцоо нөхцөл хангагдсан Үндэсний урлагийн ордонтой болохыг зорьж байгаа юм.