С.Эрдэнэ: АН бол хамгийн их хохирч яваа нам
Өдрийн сонин, сэтгүүлч Б.Амартүвшин
Төр, нийгмийн зүтгэлтэн, АНын дэд дарга Гаваагийн Батхүү өнгөрсөн баасан гаригт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн. Уг харамсалтай хэргийн талаар УИХ-ын гишүүн, АНын дарга С.Эрдэнэтэй ярилцлаа.
-Төр, нийгмийн зүтгэлтэн Г.Батхүү өнгөрсөн долоо хоногт Төрийн ордонд зуурдаар таалал төгссөн харамсалтай хэрэг гарлаа. Уг хэрэгтэй холбогдуулан АН гурван ажлын хэсэг гаргаж, мэдэгдэл хийсэн. Энэ талаар ярихгүй юу?
-Өнгөрсөн баасан гаригийн орой 19 цагийн орчимд цочирдом, харамсалтай үйл явдал боллоо. Би энэ талаар 21 цагийн үед мэдсэн. Тэр өдрийн оройн 22 цагт намын удирдлагуудын ээлжит бус хуралдааныг яаралтай зарлаж, нам дээр цуглаж үүссэн нөхцөл байдлын талаар авч хэлэлцэж, ярилцсан. Тухайн үед эмнэлэг болон цагдаагийн байгууллагуудын хийсэн үзлэг шалгалтын талаарх мэдээллийг бид авахыг оролдсон боловч харамсалтай нь ямар нэг мэдээлэл авах боломжгүй байлаа. Хэргийн газар гэр бүл болон намынх нь хүмүүсийг ерөөсөө нэвтрүүлээгүй. Бидний дам авсан мэдээллийн хүрээнд бол ээдрээтэй, ойлгомжгүй асуудлууд олон байсан. Тиймээс тэр өдрөө хууль хяналтын байгууллагаас мэдээлэл авахыг хүссэн ч, ямар нэг мэдээлэл өгөөгүй. Тэгээд бид асуудлыг мэдэгдэл хэлбэрээр шаардлага болгож тавих нь зөв юм аа гэж үзсэн. Маш олон хэрэг эзэн биегүй дарагдаад өнгөрдөг шүү дээ. Тиймээс энэ асуудлын ард бүхэл бүтэн парламентад суудалтай улс төрийн нам байна, мөн энэ асуудлын хариуцлагыг нэхэх олон мянган намын гишүүд байгаа шүү гэдгийг сануулж, мэдэгдэл хийх нь зүйтэй гэж үзсэн. Тиймээс маргааш өглөө нь эмгэнэл гаргаж, дараа нь мэдэгдэл хийсэн. Ийм үйл явц болсон.
-Хэрэг гараад гурав, дөрвөн хоног өнгөрлөө. Энэ хугацаанд нөхцөл байдлыг эргэн харахад ямар зүйлс бодогдов?
-Эмнэлгийн урьдчилсан дүгнэлтээр маш хүнд гэмтэл авч, тэр гэмтлийн улмаас нас барсан гэдэг тодорхой болчихлоо. Нэг үгээр сошиал, янз бүрийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр гарсан мэдээллүүд шиг архи ууж согтуурсан, зүрх нь хаагдсан эсвэл хорт хавдартай байсан гэх мэт санаатай, санамсаргүй мэдээллүүд үндэслэлгүй гэдэг нь нотлогдчихлоо. Бас нэг анхаарал татаж байгаа зүйл нь яагаад ямар ч эх сурвалжгүй, нотлох баримтгүйгээр ийм мэдээллүүд сошиал болон хэвлэлээр явсан нь сонин байгаа.
Хорт хавдартай байсан юм байна, зүрх нь гэнэт хаагдсан юм байна, шатан дээрээс унасан юм байна ч гэх шиг. Тэр битгий хэл надтай архи уусан. Тэгээд манай өрөөгөөр ороод гарсан ч гэнэ үү, ийм ор үндэсгүй мэдээ мэдээллүүдийг яагаад цацах болов оо. Тэгэхээр үүний ард зохион байгуулалттай аллага, халдлага байсан юм биш биз дээ. Олон түмний анхаарлыг сарниулах, өөр зүгт чиглүүлэх зорилготой энэ мэдээллүүдийг цацаад байсан юм биш биз гэсэн хардлага надад төрж байна л даа. Ер нь сошиалаар яваад байгаа энэ мэдээллүүдийн ард байгаа хүн хэргийн эзэн байх магадлалтай. Энэ чиглэлээр хууль хяналтын байгууллагуудтай ажиллах манай хуульчдаас бүрдсэн ажлын хэсэг гарсан. Гэр бүлийнхэн нь өөрийнх нь өмгөөлөгч нартай хамтраад хуулийн баг ажиллаж байгаа. Бид энэ хэргийн үнэн мөнийг олохын тулд эцсээ хүртэл ажиллана аа. Бидэнд хардах эрх бий. Энэ хэргийн процессыг харахад гадны нөлөөтэй, хүнд гэмтлийн улмаас өндрөөс унаж нас барсан гэдэг нь тогтоогдчихлоо. Хэрвээ халдлага болсон бол тэр гэмт этгээдийг олж, илрүүлэх, хариуцлага тооцох нь хууль цагдаагийн байгууллагын ажил шүү дээ. Төрийн ордон төрийн хамгаалалттай газар. Төрийн хамгаалалт нь Тагнуулын Ерөнхий газрын харьяа байдаг. Нэгдүгээр зэргийн хамгаалалттай, онцгой объект шүү дээ. Ийм объект дотор гадны нөлөөтэйгөөр хүн үхэж байна гээд бод доо. Амьд явах баталгаа хаана байна аа. Төрийн ордондоо төрийн ажилд оролцох гэж орж ирсэн хүн амь насаа алдчихаад байна шүү дээ. Ердийн архи ууж яваад амиа алдчихсан юм шиг ойлгуулах гэж сошиалаар оролдож байна. Гэр бүлийнхэн нь задлан шинжилгээний явцад мэргэжлийн тодорхой эмч нарыг оруулъя гэсэн санал хэлсэн ч хүлээж аваагүй. Бидэнд энэ хэргийг хардах үндэслэлүүд зөндөө байна. Бид хэрвээ шаардаж, хяналт тавихгүй бол манай талийгаачийн хэрэг хэдэн ажлын хэсэг сольж томилоод л С.Зоригийн хэрэгтэй адилхан замхарна. Таван хүнтэй ажлын хэсэг гарсан гэсэн өнөөдөр гурав болчихсон сураг дуулдаж байна. Одоо тэр гурван хүнийг солиод шинэ таван хүн тавина. Ингээд хэд хэдэн ажлын хэсэг солихоор нөгөө хэрэг нь замхардаг байхгүй юу.
-Зарим хүн АН хүний амиар улс төр хийж байна гэж ярьж байна л даа?
-АН улстөржөөд байгаа юм ерөөсөө байхгүй. Бид хариуцлага нэхэж байгаа юм. Хэрвээ бид мэдэгдэл гаргаагүй байсан бол энэ хэргийн үнэн зөв оношлогоо гарах ч байсан юм уу, бүү мэд. Хэн нэгэн эрх мэдэлтний нөлөөгөөр худлаа дүгнэлт гараад өнгөрөх байсан ч юм уу. Тэр нөгөө зүрх нь хаагдсан, хавдартай байсан гэдэг үндэслэлээр хаагаад явах ч байсан байж магад. Бид хардаж, шаардаж байж бодит дүгнэлт гарч байгаа байхгүй юу. Хал үзэж, халуун чулуу долооно гэдэг шиг бид нар өмнө нь нэг биш нөхдөө зүй бусаар алдаж, тэрнийхээ эзэн холбогдогчийг одоо хүртэл тогтоож чадаагүй явна. Хамгийн их хохирч яваа нам бол АН. Энэ дээр хамгийн их улс төрийн тоглолт хийж байгаа нам бол өнөөгийн эрх баригчид шүү дээ. Жишээ нь, С.Зоригийн аллагын хэрэг болоод 21 жил болчихлоо. Энэ хугацаанд энэ хэргийн захиалагч нь одоо хүртэл тодроогүй. Гэм буруутай нь тогтоогдоод, гурван шатны шүүхээр ял шийтгэлээ авчихсан хүмүүсийг өнөөдрийн Хууль зүйн салбарыг толгойлж байгаа сайд нь тэвэрч гүйгээд л, эмнэлэгт хэвтүүлж, уучлал гуйгаад л, хоолой ам нь цахиртаад л. Гэнэтхэн хүний эрх зөрчигдөж байсан, эрүүдэн шүүлт явж байсныг мэдсэн юм шиг мэдэгдэл хийгээд л, үнэн худал нь мэдэгдэхгүй кино бүтээгээд, тэрнийгээ их хурлын гишүүд, хэвлэл мэдээллийнхэнд үзүүлээд л гайхуулж байгаа юм шиг. Хуулийн байгууллагыг хорь гаруй жил толгойлчихсон хүн ийм хариуцлагагүй юм хийгээд явж байна шүү дээ. Гурван шатны шүүхийн шийдвэрийг үгүйсгэх эрх Хууль зүйн сайдад байхгүй. Зөв ч бай, буруу ч бай эцсийн эцэст хууль шүүхийн байгууллагын шийдвэрийг шүүх өөрөө эргүүлж хянаж үзнэ, тогтооно. Шүүхийн шийдвэр эцсийн шийдэр байна гэдэг Үндсэн хуулийн заалттай. Үндсэн хуулиар хамгаалагдсан, баталгаажсан шүүхийн эцсийн шийдвэрийг хэн нэгэн Хууль зүйн сайд Монголд шүүх гэж байгаа юм уу, үгүй юм уу, шүүхийн шийдвэр худлаа ч гэх мэтээр цээжээ дэлдэж, улстөржиж болохгүй. Тэгэх юм бол хэн дуртай улстөрч нь улс төр хийгээд л хууль, шүүхийн байгууллагын шийдвэрийг үгүйсгээд явж болох нь байна шүү дээ. Гэтэл тэрийг хянаж, шалгадаг өчнөөн хуулийн зохицуулалтууд байж байна. Тэрний дагуу явахгүй яасан юм. Тэрийг нэг хүн юм уу, арван хүн шалгачихаагүй шүү дээ. Шүүх цагдаа, удаа дараагийн ажлын хэсгүүд гээд хэрвээ зохиомлоор байсан юм бол тэр олон хүмүүс дотор илчлээд явах хүмүүс гарч л таараа. Одоо хүртэл нэг ч хүн гараагүй л байгаа биз дээ. Яг хэргийн захиалагчийг илрүүлэх торгон мөчид дандаа ажлын хэсгийг тараадаг, бусниулдаг хүн бол Ц.Нямдорж сайд шүү дээ. Яг энэ асуудал дээр яагаад ингээд байдаг тайлбараа үнэхээр шударга үнэний тууль юм бол Ц.Нямдорж сайд өгөх ёстой. Ер нь Ц.Нямдорж сайдтай холбоотой маш олон асуудлууд байна. Улс үндэстний аюулгүй байдалтай холбоотой Хятадын тагнуул гээд л. Үүнийг удаа дараагийн тагнуулын дарга нар нотоллоо. Одоо хүртэл энэ хүн дээр арга хэмжээ авч байгаа юм ер байдаггүй. Нэг хүн л ингээд Монголын төрөөр самраад явж байна. Хууль зүйн сайд болох болгондоо С.Зоригийн хэргийн аллагыг илрүүлэх гэж ажиллаж байсан ажлын хэсгийг тараана. Нийтдээ дөрвөн ажлын хэсгийг тараасан байдаг. Эцэст нь шүүх хуулийн байгууллагын шийдвэрийг үгүйсгэж, цээжээ дэлдэж өмнүүр нь орж гүйгээд л. Хүний эрх ярихаараа л Төв аймгийн мөрдөн ярьдаг. Таван алуурчин ярьдаг. Тэрийг л хүний эрх гэж ойлгоод байдаг. Ингэж болохгүй шүү дээ. Өнөөдөр Монголд эрүүдэн шүүлт, хүчирхийлэл үнэхээр газар авчихсан. Үнэнийг нь хэлсний төлөө намайг доромжилсон. Өнөөдөр Монголд эрүүдэн шүүлт ердийн үзэгдэл болчихоод байгаа. Эх орноо батлан хамгаалахаар цэрэгт явсан хүүхэд хоёр хөлөө хөлдөөгөөд, хөлийнхөө арван хурууг тайруулчихаад 100 хувь хөдөлмөрийн чадваргүй гэртээ хэвтэж байна. Энэ эрүүдэн шүүлт мөн биз дээ. Тэр хүүхэд гэмт хэрэгтэн биш шүү дээ. Гэтэл гэмт хэрэгтнүүдийг нь тэвэрч гүйгээд л эмнэлэгт хэвтүүлээд, уучлалт гуйгаад л гүйгээд байх юм.Эх орныхоо торгон хилийг манах гэж очсон хүүхдээс Батлан хамгаалахын сайд нь, Хууль зүйн сайд нь яагаад очиж уучлал гуйхгүй байгаа юм. Өнөөдөр хүчирхийлэлд өртөж байгаа охид эмэгтэйчүүдээс яагаад уучлал гуйхгүй байгаа юм. Ц.Нямдорж сайдын шууд харьяанд байдаг цагдаагийн байгууллагын хоёр цагдаа Увс аймагт ичгүүртэйгээр бага насны хоёр хүүхдийг хүчиндсэн гэмт хэрэг нь тогтоогдсон. Одоо дуулиан болоод л явж байна. Увсын цагдаагийн дарга нь хэнэг ч үгүй “Сарын өмнө болсон асуудлыг юун сүртэй юм. Яагаад дахин дахин гаргаж тавиад байгаа юм” гэсэн байна лээ. Юу гэсэн үг юм. Сарын өмнө болсон бол хамаагүй байдаг юм уу, 10 жилийн өмнө болсон байсан ч хэрэг бол хэрэг л байхгүй юу. Цагдаагийн байгууллагын удирдлагуудын ёс зүй энд харагдаж байна л даа. Хүчингийн хэрэг гэдэг энгийн хэрэг болчихоо юу. Хүчирхийлэгчдийг хамгаалсан, өөгшүүлсэн ийм төр байгаа цагт энэ нийгэмд хүчирхийлэл ерөөсөө буурахгүй ээ. Улам л гаарна.
-Саяхан УИХ-аар Хүний эрхийн үндэсний комиссын тайлан, илтгэлийг гишүүд сонссон биз дээ?
-Бараг л гоё сайхан тайлан гэх шахуу л хэлэлцээд өнгөрлөө шүү дээ. Би тэр тайланг нойл гэж харж байгаа. Тэр дотроо хүний эрхийн асуудлыг онцгой авч үздэг, хамгаалдаг хууль хяналтын байгууллагын үйл ажиллагааг нойл гэж харж байгаа. Яагаад гэвэл энэ олон арван эрхээ зөрчүүлж байгаа хүмүүсийн асуудлыг эрх зүйн хэмжээнд нь хэн ч хангаж чадахгүй байна.
-УИХ-ын 42 дугаар тойрогт эрх баригчид Үндсэн хуулийн Цэцэд нөлөөлөх замаар нөхөн сонгууль явуулахгүй байхыг оролдож байна гэж танай нам үзэж буй юм билээ?
-Судлаач Д.Ганхуяг гэгч хүний өргөдлөөр Үндсэн хуулийн Цэц маргаан үүсгэсэн. Д.Гантулга өөрөө хуулийн дагуу өргөдлөө өгөөд огцорсон. УИХ хууль дүрмийн дагуу тогтоол шийдвэрээ гаргаад явсан. Д.Ганхуяг гэдэг хүний өргөдөл дээр "үндэслэл шалтгаанаа дурдаагүй" гэж байгаа. Гэтэл тэр хувь хүн үндэслэл шалтгаанаа дурдах албагүй. Олон нийтэд дэлгэмээргүй эрүүл мэндийн шалтгаантай байж болно. Жишээлбэл, ДОХ өвчтэй байя гэхэд үүнийг зарламааргүй байж болно шүү дээ. Тэгээд ч Д.Гантулга хүчингийн хэрэг хийсний улмаас гэж өргөдөл дээрээ бичвэл ямар байх уу. Тэр хэрэг нь тогтоогдоогүй байна. 76 гишүүн бэлгэ дэмбэрлээ бодсон ч гэсэн хүчингийн хэрэг хэлэлцээд сууж байх уу.
-Засгийн газрын сайд 10 сая ам.долларын авлига авсан гэх зүйл явж байна. Үүнийг сөрөг хүчний хувь юу гэж бодож байна?
-Засгийн газрын сайдууд ам.долларын авлига авсан гэх мэдээлэл байна. Гэтэл шударга ёсны төлөө үхэхээс буцахгүй гээд байсан Ерөнхий сайд таг. Засгийн газар тайлангаа тавих цаг болсон. Сангийн сайд бол Монголын тэргүүн худалч хүн болсон. Эдийн засаг өссөн, амьдрал сайжирсан гээд байгаа. Гэтэл 2016 онтой харьцуулахад нийт бараа бүтээгдэхүүний үнэ 40 орчим хувиар өссөн байна. Тиймээс МАН-ын эрх баригчид худлаа шоудаж, популизм хийхээ боль. Ардчилсан нам эрх баригчдын шударга бустай тэмцэнэ. Бүх ард түмний эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна. Өнөөдөр Ардчилсан нам ард түмнийхээ өмнөөс дуугарахгүй бол хэн ч дуугарахгүй юм байна. Авлигад идэгдэж, олон удаа хариуцлагаа алдсан Засгийн газрыг огцруулахын төлөө тэмцэнэ.