Б.Энх-Амгалан: Монгол Улсын бүх аймаг Улаанбаатар хоттой тосон замаар холбогдоно
2019.06.12

Б.Энх-Амгалан: Монгол Улсын бүх аймаг Улаанбаатар хоттой тосон замаар холбогдоно

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалантай ярилцлаа.

-Баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг бүртгэхгүй байх заалтыг оруулсан. Гэхдээ манай яамны зүгээс энэ зохицуулалтыг хийх цаг нь арай болоогүй гэж үзэж байна.

-Та зам, тээврийн салбарыг хариуцаад багагүй хугацаа өнгөрлөө. Салбарын тулгамдсан асуудал болоод дэвшилттэй талуудыг сайн судалсан байх. Таны харж байгаагаар танай салбарын хамгийн тулгамдсан бас дэвшилттэй ажлууд нь юу байна. Мэдээлэл өгөхгүй юу?

-Зам, тээвэр бол гадаад худалдааг өргөжүүлэх, аялал жуулчлалыг нэмэгдүүлэх зэргээр улсын эдийн засагт томоохон хувь нэмэр оруулахад онцгой үүрэгтэй салбар. Энэ салбарын дэд бүтцийн бүтээн байгуулалтуудыг сайн хийж чадвал эдийн засгийн эргэлт сайжрахад чухал нөлөө үзүүлнэ. Зам, тээврийн салбарт хийж байгаа хэд хэдэн ололттой ажлууд бий. Тухайлбал, баруун бүсийн аймгуудыг бүгдийг нь засмал замаар холбохоор төлөвлөж байна.

Эхнээс нь дурдвал, Өвөрхангай аймгийн 60 километр авто замын засварын ажил эхэлсэн. Баянхонгороос Байдраг хүртэлх 129 километр авто замын ажил одоо дуусаж байгаа. Байдрагаас цааш Говь-Алтай аймгийн Дэлгэр сум хүртэлх 126.7 километр авто замын ажил эхэлчихлээ. Энэ жил ажлынхаа 90 хувийг гүйцэтгэчих байх. Улаанбайшинт чиглэлийн 25 километр авто замын ажил дуусах гэж байна. Баян-Өлгий аймгийн 19 километр авто замын ажлын тендер зарлагдах гэж байгаа. Баян-Өлгийгөөс Цагаан нуур хилийн боомт хүртэлх 25 километрийн замын ажил бий.

Энэ ажилд Азийн хөгжлийн банкны захирлуудын зөвлөл хуралдаж хамтарч ажиллах боломжтой гэдгээ илэрхийлсэн. Мөн Завхан аймгийн Загастайн давааны 67 километр авто замын засварын ажил эхэлчихлээ. Тосонцэнгэлээс хойш Увсын чиглэлд тавьж байгаа 167 километр авто замын ажил нэлээд өндөр бүтээмжтэй байна. Энэ жилдээ бараг дуусах байх. Ингээд үндсэндээ баруун бүсийн бүх аймаг засмал замаар холбогдоно. Монгол Улсын бүх аймаг нийслэл Улаанбаатар хоттойгоо тосон замаар холбогдоно гэсэн үг.

-Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг шинэчлэх талаар олон жил ярьж, энэ жил засч шинэчлэхээр болсон. Хэзээ ажил нь эхлэх вэ?

-Дархан чиглэлийн 204 километр авто замыг нийт дөрвөн эгнээ болгоно. Хуучин хоёр эгнээг нь засварлахаар ажлыг нь эхлүүлсэн. Энэ ажлыг Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгэх бөгөөд одоогоор газар чөлөөлөлт, түр зам гаргах ажил явагдаж байна. Тендерт нь таван компани шалгарсан. Ерөнхийдөө энэ долоо хоногт техникүүд замын ажилдаа гарч, энэ сарын 17-нд авто замын ажлын нээлт болно. Харин шинээр хоёр эгнээ нэмэх ажлыг Европын сэргээн босголтын банкны санхүүжилтээр хийхээр болсон.

Одоогоор санхүүжилтийн гэрээ хийж, урьдчилсан тендер шалгаруулалтын ажил явж байна. Хоёр үе шаттай тендер шалгаруулалт болно. Энэ сарын 15-нд эхний шатны шалгаруулалт, наймдугаар сарын 15-нд хоёр дахь шалгаруулалт болно. Ингэснээр ирэх есдүгээр сарын 15-ны дотор ажлыг нь эхлүүлэхээр төлөвлөсөн. Засвар арчлалтын хоёр эгнээний ажлыг энэ жил дуусгаж, шинэ хоёр эгнээг нь ирэх жил ашиглалтад оруулахаар төлөвлөж байна.

-Дарханы замд осол гардаг цэгүүд их байдаг. Тэр хэсгийнх нь эргэлтийг өөрчлөх ч юм уу шинэчлэлт хийх үү?

-Тэр хар цэгүүдийг бүгдийг нь өөрчилж байгаа. Огцом эргэлттэй цэгүүдийг өөрчилж янзалж байна. Ерөнхийдөө энэ чиглэлийн авто замыг шинэчилснээр босоо тэнхлэгийн тээврийн урсгал нэлээд сайн нэмэгдэнэ, аваар осол багасна гэж үзэж байгаа.

-Налайх чиглэлийн авто замыг арваннэгдүгээр сард ашиглалтад оруулна гэсэн. Хугацаандаа амжих болов уу?

-Налайхын авто замын ажил ид үргэлжилж байна. Замын шинэчлэлийг Монгол, Хятадын найрамдалт харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хийж байгаа. Энэ хүрээнд Хятадын талаас гүйцэтгэгч шалгаран ажиллаж байна. Бидний зүгээс ерөнхий гүйцэтгэгч “Синохайдро”, Монгол Улсын “Тэгш плант”, “Гашууны гол”, “Дарданговь” зэрэг гурван туслан гүйцэтгэгч нарт ирэх арваннэгдүгээр сарын 1-нд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн учраас 24 цагаар ажилла гэдэг шаардлагыг тавьсан. Ажлын явц нь нэлээд сайн байна лээ.

-Баруун талдаа жолооны хүрдтэй автомашиныг бүртгэхгүй байх хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэж байгаа. Хуулийн төслийн энэ заалтыг хасах тухай ярьсан байсан. Хэзээ татаж авах вэ?

-Баруун талдаа жолооны хүрдтэй тээврийн хэрэгслийг 2021 оноос бүртгэхгүй байя, олон жилийн насжилттай автомашиныг явуулахыг хориглоё гэж ярьж байгаа юм. Авто тээврийн тухай хуулийн шинэчилсэн найруулга боловсруулж байгаатай холбогдуулан ажлын хэсгийн гишүүд 2021 оноос импортоор оруулж ирж байгаа баруун талдаа жолооны хүрдтэй автомашинуудыг бүртгэхгүй байх заалтыг оруулсан. Гэхдээ манай яамны зүгээс энэ зохицуулалтыг хийх цаг нь арай болоогүй гэж үзэж байна. Ард түмний амьжиргаа сул байна, ихэнх нь баруун талдаа жолооны хүрдтэй автомашин хэрэглэж байгаа учраас энэ зохицуулалтыг маш нарийн судалгаатай хийх ёстой. Манай улс автомашин үйлдвэрлэдэггүй учраас шууд хориглож болохгүй. Тиймээс хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх үеэр манай яамнаас санал гаргаж заалтыг татаж авна.

-Төмөр замын бүтээн байгуулалт энэ жил эрчтэй эхэлж байна уу даа?

-Тийм ээ. Монголчууд 70 жилийн түүхэндээ анх удаа өөрсдийнхөө хөрөнгө, өөрсдийнхөө нөөц бололцоо, монгол хүний гараар төмөр замаа тавьж эхэлж байна. Алтанширээтийн 27 километр төмөр замыг тавьж дууслаа. Одоо төмөр замын дохиолол, хамгаалалт бэхэлгээг нь хийж байгаа. Ирэх сарын эхээр ашиглалтад оруулна. Уг нь гэрээт хугацаа нь арваннэгдүгээр cap байсан. Гэхдээ хугацаанаас өмнө ажлаа амжилттай гүйцэтгэж, ашиглалтад хүлээлгэж өгөх гэж байгаа юм.

Үүнээс гадна Алтанширээгийн авто замын ажил ирэх сарын 15-ны үеэр дуусна. Үндсэндээ Алтанширээгийн бүтээн байгуулалтууд урагштай байвал бидний өмнө тулгамдаад байгаа шатахууны үнийн өсөлтийн асуудал шийдэгдэнэ. Түүнчлэн Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын ажлыг сая эхлүүллээ. Зэвсэгт хүчний жанжин штабынхан төмөр замын доод суурийг, “Улаанбаатар төмөр зам” компани дээд бүтцийг нь хийхээр шийдвэрлэсэн. Энэхүү үндэсний том бүтээн байгуулалтыг “Эрдэнэс-Тавантолгой” компанийн ашгаар хийж байна.

Төмөр зам стратегийн олон ордыг дайрч байгаа учраас ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулж үнэ цэнийг өсгөхөд, дэлхийн зах зээлд IPO босгоход хамгийн чухал нөлөө үзүүлэх юм. Түүнчлэн Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил удахгүй эхэлнэ. Өмнө нь 207 километр төмөр замын суурь бүтцийн ажлыг 50-70 хувийн гүйцэтгэлтэй хийсэн байгаа. Тиймээс бид энэ бүтцийг ашиглах нь ажлыг хурдан явуулахад дөхөмтэй гэж үзсэн. 207 километрээс цааш бид гүүрэн байгууламж барих, холболтын цэг тохирох, төмөр замын тарифын хөнгөлөлт гээд Хятадын талтай тохиролцох ажлууд бас байгаа. Замын бүтээн байгуулалтын хувьд ийм байна.

-Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын суурь бүтцийн уулзвар нь зөрсөн гэдэг шүү дээ. Үүнийг засварлах юм уу?

-Манай тал 699 дүгээр хилийн баганаар гарвал 18 км төмөр зам сунгаж бариад шууд хил гарах боломжтой, хэрэв 703, 704-р баганаар холболт хийвэл 28 метрийн өндөртэй 4.7 км урттай гүүрэн байгууламж барих юм. Энэ байгууламжийг барих өртөг өндөр бас технологийн горим гэж хугацаа авна. Цэг биш өндөржилт зөрсөн юм л даа.

-Хотыг тойруулж төмөр зам тавих талаар яригдаж байсан. Энэ ажил юу болж байгаа вэ?

-Улаанбаатар хотын хувьд нэг сая 500 мянган хүнтэй капитал хот учраас төмөр замаар шатахуун тос, мод модон материалууд, тэсэрч дэлбэрэх аюултай ачаа тээвэрлэхэд хүндрэлтэй байгаа. Тиймээс хотын дундуур байрладаг төмөр замыг Богд хан уулын урдуур тавья гэж ярьж байгаа. Богд хан уулын урдуур явах төмөр замын ТЭЗҮ-ийг хийхээр Азийн хөгжлийн банктай ярилцсан. УИХ-аар өмнөх концессын асуудлыг цуцалсны дараа Азийн хөгжлийн банк хамтран ажиллаж, ТЭЗҮ-ээ хийж дуусгахаар ярьж байна. Үүнээс гадна энэ жил “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэгийн 70 жилийн түүхэн ой тохиож байна. Энэ хүрээнд төмөр зам дагасан бүтээн байгуулалт, засвар үйлчилгээ, зам засвар арчлалтын ажлуудыг хийнэ.  Тухайлбал, төмөр замын нэвтрүүлэх чадварыг сайжруулах шаардлагатай. Төмөр зам өнгөрсөн жил түүхэнд байгаагүй их буюу 25 сая тонн ачаа тээвэрлэсэн. Энэ үзүүлэлт цаашид нэмэгдэх бололцоо бүрдэнэ.

-Төмөр замын салбар нэлээд их бужигнаантай байлаа. Хүмүүсийн хамгийн найдвартай унаа гэж итгэдэг вагон осолдсон нь цочирдом үйл явдал болсон.Төмөр замын засвар шинэчлэлийг хангалттай хийж байгаа юу?

-“Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг бол 16,500 гаруй ажилчинтай, эмнэлэг, сургууль, цэцэрлэг, чуулгатай маш том айл. Өөрсдийн гэсэн засвар механикийн том бригадтай. Өнгөрсөн онд байгалийн давагдашгүй хүчин зүйлээс үүдэж вагон осолдсоныг ойлгох хэрэгтэй. Тухайн үед хазайсан вагоныг босгох хүчтэй техник байгаагүй. Тиймээс яалт ч үгүй Оросын талаас туслалцаа авсан. “Улаанбаатар төмөр зам” Монгол, Оросын хамтарсан нийгэмлэг учраас оросууд туслалцаа үзүүлдэг. Харин төмөр замын засвар арчлалтыг үр дүнтэй хийж байна уу гэвэл үгүй. Төмөр зам өөрөө зорчигч, өргөн хэрэглээний бараа, нефть бүтээгдэхүүн, эрчим хүчний нүүрс тээвэрлэлтээс алдагдалтай ажилладаг.  Төлбөрийг нь бид хүчээр бариад байгаа юм. Үнийн өсөлтөд нөлөөлдөг өргөн хэрэглэдэг бүтээгдэхүүний үнийг хүчээр барьж байгаа учраас алдагдалтай ажиллаад байгаа юм. Үүнээс гадна төмөр замд зээлийн хүүгийн нь дарамт байгаа.

-УИХ-аар “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн хэрэгцээнд зориулж импортолсон онцгой албан татварыг чөлөөлсөн шүү дээ?

-“Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн татварын асуудлыг шийдвэрлэсэн. Одоо төмөр замынхан МОНП-1, МОНП-2 зээлийнхээ асуудлыг шийдвэрлэхэд бланс нь тэнцвэржинэ. Үүний дараа төмөр зам өөрөө өөрийгөө аваад явчих боломжтой болох юм. Бид Оросын талтай төмөр замын суурь бүтцийг засаж сайжруулах ажилд 240 сая ам.долларын зээл авахаар ярьж, банкуудтай хэлцэл хийж байна. Энэ хүрээнд гол төмөр замын дагуу суурь бүтцийн засвар арчлалтын ажлаа хийхээр тооцож байгаа. Ингэснээр болзошгүй аваар осол гаргахгүй байх асуудалд анхаарах боломж бүрдэнэ.

-Агаарын тээврийн салбарын том бүтээн байгуулалт болох Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудлыг наадмаас өмнө ашиглалтад оруулна гэж байсан. Ажил нь ямар явцтай байгаа вэ. Хугацаандаа амжиж ашиглалтад оруулах уу?

-Энэ жил агаарын тээврийн хувьд том ололттой жил болж байна. Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хийж байгаа нисэх онгоцны шинэ буудлыг ашиглалтад оруулна. Нээлтийг нь долоодугаар сарын 5-нд хийхээр төлөвлөсөн. Харин туршилт, тохируулга, жигдрүүлэх ажил арван сарын хугацаанд явагдана. Өөрөөр хэлбэл, нээлтээ хийснээс хойш арван сарын дараа үйл ажиллагаа нь бүрэн жигдэрнэ гэсэн үг.

-Хуучин нисэх онгоцны буудлаа хэрхэн ашиглах вэ?

-Хуучин нисэх онгоцны буудлаа олон улсын нисэхийн их сургууль бол-гохоор тооцоолж байна. Монголчууд нисэх хүчний салбарынхаа хүний нөөцийг дотооддоо бэлтгэдэг болох ёстой гэсэн байр суурьтай байгаа. Бага оврын онгоц угсрах, их оврын агаарын хөлгийг засах зэргээр хуучин нисэх буудлаа салбарынх нь хөгжилд зориулж хөгжүүлэх хэрэгтэй.

-Нисэхийн инженерүүд Монголдоо онгоц засварлаж, угсардаг болсон. Цаашид энэ чиглэлийг хөгжүүлэхэд хэрхэн анхаарч байгаа вэ?

-Бага оврын онгоц угсрах асуудал яригдаж байгаа. TBC-2MS, TBC-2TDS загварын хоёр онгоцыг манай улсад угсрах боломж бий. Эхний хэдэн онгоцоо угсарсан. Ямар ч гэсэн Оросын тал манай угсарсан онгоцонд зөвшөөрөл олгож, гэрчилгээжүүлэх ажлыг нь хийж байна.

Одоогоор нэг онгоцыг угсарч байна. Ирэх сарын 5-нд болох шинэ нисэх онгоцны буудлын нээлтийн арга хэмжээний үеэр угсарсан онгоцоо ашиглана гэж бодож байгаа.Агаарын хөлгийг дурын нэг хүн байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч ч дуртай газраа буулгаж болохгүй. Үүнээс гадна бид Боинг компанийн Ази дахь засварын салбар үйлдвэр болох зорилт тавьж ажиллаж байна. Тус компанитай бид нэлээд нааштай харилцаатай бай-гаа. Манай инженерүүд агаарын 60 дахь хөлгөө засварлаж гаргасан.

Цаашдаа энэ компанийн хөлгүүдийг засах чиглэлийг хөгжүүлэх ёстой гэж харж байгаа. Ер нь агаарын тээвэр бол далайд гарцгүй манай орны хувьд маш чухал салбар. Агаарын тээврийн салбар дэлхийд маш хурдацтай хөгжиж байна. Тиймээс агаарын тээврийн ашиглалтыг сайжруулах, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, хөгжүүлэхэд онцгой анхаарах шаардлага бий.

-Жижиг оврын онгоц угсарч түргэн тусламж, онцгой байдлын зориулалтаар ашиглах боломжтой юу?

-Манай улсад 60 гаруй жил ниссэн АН-2 буюу шинэчлэгдсэн ТВС-2 МС жижиг оврын 20 онгоц бий. Үүний 17-г нь засчихвал түргэн тусламж, онцгой байдал, аялал жуулчлалын зориулалтаар ашиглаж болно. Алсын сумдад нисэж болно.

-Төмөр нь муудсан, эрсдэлтэй гэж үзэх хүмүүс байна лээ. Ийм болгоомжлол байхгүй юу?

-Хүмүүс төмөр нь муудсан гэж ярьдаг юм. Ийм зүйл байхгүй. Польш Улсад үйлдвэрлэсэн энэ онгоц мото цаг болоогүй, манайд байгаа онгоцууд 6,000-7,000 мото цаг ниссэн. Уг онгоцны нийт нисэх хугацаа нь 20,000 гаруй мото цаг байдаг. Тэгэхээр дахиад 10 орчим жил ашиглах бололцоо байгаа. Мотор нь хүчтэй шинэ. Онгоцоо манайхан өөрсдөө иж бүрэн засдаг болсон учраас угсаръя гээд байгаа юм. Харин зарим хүмүүс дургүйцэж “Монголдоо хадаас ч хийж чадахгүй байж онгоц хийж яадаг юм бэ” гэдэг. Тэгвэл Боинг компанийнхан яагаад биднээр 60 дахь онгоцоо засварлуулаад ашиглаж байгаа вэ. Сингапур, Солон-гос, Орос, Хятад зэрэг олон улс манайхаар онгоцоо засварлуулж байгаа. Манай инженерүүд чадаж байна. Үүний зэрэгцээ бид жижиг оврын онгоц угсарч олон улсын нисэхийн байгууллагуудад эзэлж байгаа байр сууриа өсгөх хэрэгтэй.

-Хэрвээ ТВС-2МС онгоцыг угсарчихвал аюулгүй гэсэн баталгааг хэн өгөх вэ?

-Нисэх, бүртгэх зөвшөөрлийг нь ОХУ-аас өгнө. Бүх ажлыг стандартын дагуу хийж шалгуулж, хянуулж зөвшөөрлөө авна. Түүнээс биш дугуй угсарч байгаа шиг хялбархан хийчихээд өөрсдөө унаж, нисэх гээд байгаа юм биш шүү дээ. ТВС-2МС онгоцыг эзэмшигч “СИБНИА” үйлдвэрийн захирал манай улсад ирж, туршилтын нислэг хийж үзүүлсэн. Ингэхдээ манайд угсарсан онгоцыг өндөр үнэлсэн.

-Угсарсан онгоцны чанар, аюулгүй байдал ямар байгаа тухай хэлсэн үү?

-Бидэнд хариу ирүүлэх-дээ “Ямар ч алдаа заагаагүй. Монголчууд сайн хийсэн байна” гэсэн үнэлэмжийг өгсөн. Манайхан чадаж байгаа. Хийх хүнд арга олддог, хийхгүй хүнд шалтаг олддог гэдэг. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэдэг үг ч бий. Хийж бүтээх гэж байгаа чадалтай мэргэшсэн инженерүүдийн халуун сэтгэл рүү битгий ус цацаарай гэж хэлмээр байна. Манайхан сүүлийн үед хэтэрхий их улстөржиж байна. Төмөр зам тавья гэхээр чадахгүй л гэнэ. Бүтээн байгуулалт хийе гэхээр боль л гэнэ. Бид төмөр замаа гаднын байгууллагуудаас гурав дахин хямд зардлаар хийж байгаа гэдгийг л бодох хэрэгтэй. Алтанширээтийн төмөр замаас хэмнэсэн төгрөгөөрөө орон сууц барих гэж байна шүү дээ. Үүгээр бид тэнд ажиллах ажилчдын орон сууцыг барих гэж байна. Ямар ч гэсэн монголчууд өөрсдөө хийвэл нэгдүгээрт, үр өгөөж нь Монголд ирнэ. Манай тал 699 дүгээр хилийн баганаар гарвал 18 км төмөр зам сунгаж бариад шууд хил гарах боломжтой. Монголчууд тогтмол ажил, цалин хөлстэй болохын зэрэгцээ мэргэжлийн чиг баримжаатай болчихно. Алийн болгон өрөөс өрийн хооронд явах вэ. Өөрсдөө хийдэг, бүтээдэг болмоор байна шүү дээ. Монголыг монгол л аварна. Хэн нэгэн гаднын хүн ирж аврахгүй. Монгол хүнийг монгол хүн л хайрлана. Тиймээс монголчууд бие биеэ дэмжиж, улс орон ирээдүй хойчоо бодож бүтээн босголт хийж улс орноо хөгжүүлэхгүй бол бүгд эдийн засагч, улстөрч, дарга байж болохгүй шүү дээ. Сайн мужаан, шаварчин, будагчин, гагнуурчинтай баймаар байна. Өөрөөр хэлбэл, бүтээлч зүйлүүдийг дэмжих, ядмаг хувиа хичээсэн сэтгэлгээг өөрчлөх хэрэгтэй болсон юм уу даа.

-Агаарын тээвэрт шинэ чиглэл нэмэх боломж бий юү. Мөн тийзийн үнэ өндөр байгаа асуудал байгаа шүү дээ?

-Солонгосын Асиана, Эйстар жет, Корэйн эйр гэсэн гурван авиа компани чиглэл нэмэх санал ирүүлсэн. Эдгээр авиа компани нисч эхлэхэд нислэгийн тоо нэмэгдэхийн зэрэгцээ тасалбарын үнэ буурна гэж тооцож байгаа. Мөн Туркиш эйрлайн Монголд 1,000 суудал өгөх хүсэлт тавьсан. Долоо хоногт 260 хүний суудалтайгаар гурван удаа нисье гэж байгаа юм. Үүнийг бид судалж байна. Ингэснээр европын чиглэлийн тасалбарын үнэ буурахаар харагдаж байгаа юм. Үүнээс гадна Вьетнам, Тайланд, Япон Улсаас манайтай хамтран ажиллах санал тавьж байгаа. Хамгийн эхний асуултад хүндрэлтэй зүйл юу байна вэ гэж асуусан. Хүндрэлтэй зүйл нь онгоцны шатахуун, төмөр замын дизелийн түлшний асуудал л байна. Бид Роснефть компанитай шууд холбогдож, дундын зуучлалгүйгээр дэлхийн зах зээлийн үнээр тогтмол авбал бид энэ асуудлыг шийдвэрлэх боломж бий. Ингэхгүй бол өндөр үнээр шатахуун аваад байхаар тасалбарын үнэ бууруулахад хүндрэлтэй юм. Гэхдээ хамгийн чухал нь манай улс нефть боловсруулах үйлдвэртэй болох ёстой. Одоогоор улсын хэрэгцээ нэг сая тонн байгаа бол барьж буй нефть боловсруулах үйлдвэрийн хүчин чадал хоёр сая тонн байгаа юм. Цаашдаа том бүтээн байгуулалт нэмэгдэхийн хэрээр хэрэгцээ нэмэгдэнэ. Тэр болтол бид өөрсдийн хэрэгцээгээ хангахад дотоодын шатахууны үнэ тогтмол болно, буурна.

-Орон нутгийн чиглэлийн нислэгийн тасалбарын үнийг бууруулна гэсэн. Яг хэзээнээс үнийг нь бууруулах боломжтой вэ?

-Баруун таван аймгийн нислэгийн тасалбарын үнэ нь өндөр байгаа юм. Үүнийг бууруулах бололцоо байна уу гэдгийг судалсан. Судалгаагаар тасалбарын үнийг бууруулах боломж байгаа нь харагдсан. МИАТ компани нэмж бага оврын онгоц түрээсэлж нисгэх, бусад компаниуд нь ч нислэгийнхээ тоог нэмэх боломж байгаа юм билээ. Үүнийг судалж, ажлын хэсэг танилцуулж, түрүүчээсээ туршиж эхэлж байна.

-Боинг 737 макс онгоцыг буцаах талаар ярьж байсан. Энэ асуудал хэрхэн шийдэгдэж байгаа вэ?

-Энэ онгоцыг түрээсэлж авсан. Бид Боинг компанид хүсэлт тавьсан ч одоогоор хариу ирээгүй байна. Хэрвээ онгоцыг явуулахгүй бол зогсолт, хадгалалт, хамгаалалтын зардал, түрээсийн зардал, энэ онгоцыг явуулаад олох байсан ашгаа тус компаниас нэхэмжилнэ. Яалт ч үгүй, дэлхий даяар зогссон учраас Боинг компани шийдэхээс өөр аргагүй.

-Хэдийгээр манай улс далайд гарцгүй ч хөлөг онгоцтой болж, далайн салбарт өрсөлдөхөд чадварлаг боловсон хүчин шаардлагатай. Энэ салбарын боловсон хүчинг бэлтгэхэд анхаарч байна уу?

-Усан замын тээврийн хувьд хэд хэдэн онцлог зүйл бий. Бид Сингапур Улс дахь төлөөлөгчийн газраараа дамжуулан дэлхийн бүх далайд далбаа ашиглалт явуулдаг. 330 гаруй орны хөлөг онгоц манай улсын далбаатай явж байна. Тэднээс төлбөр хураамж авч байгаа. Цаашдаа далайн салбарын боловсон хүчнийг Солонгос, Япон, Турк Улсад сургаж, боловсруулж, дадлага хийлгэнэ. Монгол Улс цаашдаа эдийн засаг сэргэж, хөлөг онгоцтой болох ч юм билүү. Тэр онгоцоороо далайн тээвэрт оролцож, өөрийн гэсэн далбаагаа мандуулж их далайд тээвэр хийх мөрөөдөл байна.

-Танай салбартай холбогдолгүй асуулт асууя. Улс нэг тойргоор сонгууль явуулах хуулийн төслийг боловсруулжээ. Та энэ саналыг дэмжиж байгаа юу?

-Гишүүд янз бүрийн байр суурьтай байгаа. Харин намын бүлгийн байр суурь гарсан. Намын бүлгээс “Улс нэг тойрог болох нь зөв. Ингэснээр улс орны хөгжлийн томоохон төсөл хөтөлбөр, бодлого явуулахад амар болно” гэж дэмжсэн. Ингэхгүй бол гишүүд жижиг тойрог руу хөрөнгө татаж, томоохон улс орныг хамарсан хөгжлийн бодлого гаргаж, бүтээн байгуулалт хийхэд хүндрэлтэй болгож байна гэж үзсэн. Үүнийг өнөөдөр шууд шийдчихэж байгаа юм биш. Хэлэлцүүлгийн явцад хэрхэхийг мэдэхгүй байна.

-Улс нэг тойрог нь шинэ улстөрчдөд халгаатай болох нь гэж хараад байна л даа?

-Нийгэмд танигдаагүй буюу залуу хүмүүст хэцүү байна байх. Олон нийтэд танигдсан хүмүүст боломжтой гэдэг нь үнэн л дээ. Гэхдээ нэгэнт намын бүлгийн байр суурь гарсан учраас тойргийн хуваарилапт өөрчлөгдөхгүй л болов уу даа.

-Эрх баригч МАН-ын гишүүд 19 жилийн дараа Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа. Үндсэн хуулийн өөрчлөлтийг та хэрхэн харж байгаа вэ?

-Өөрчлөх алдаагаа засах, шинэчлэлт хийх цаг нь болсон.

-Та УИХ-ын гишүүн болохоосоо өмнө онгоц саатуулж, “онгоц” хочтой болсон гэдэг. Энэ нь магадгүй танд олон нийтэд танигдахад сайнаар нөлөөлсөн байх. Тухайн үед та үүнийг үгүйсгэсэн ч энэ тухай уншаагүй олон хүн байгаа байх?

-Тухайн үед Монгол, Орос хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагаа бодитоор урагшлахгүй зогсонги байдалтай байлаа. 2015 оноос нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч байхаасаа л би бүс нутгийн харилцааг сайжруулах чиглэлд анхаарч эхэлсэн. Уг нь Монголын бараа бүтээгдэхүүний гол зах зээл нь Сибирь байгаа юм. Арьс шир, ноос ноолуур, үслэг эдлэл бүгд Сибирийн зах зээл. Тиймээс хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд анхаарч “Монгол, Оросын хамтын ажиллагаа” арга хэмжээг 2015, 2016, 2017 онд зохион байгуулсан. 2015 оны арга хэмжээ Сибирийн төв Новосибирскт болж байв.

Арга хэмжээнд оролцохоор Монголоос олуулаа очсон. Тухайлбал, 60 гаруй урлаг соёлынхон, 30 гаруй бизнес эрхлэгч, 30 гаруй орон нутгийн удирдлага, парламентын бүлгийн гишүүд явсан. Ийм олон хүнийг вагоноор явуулахад цаг хугацааны хувьд хүндрэлтэй байсан юм. Тиймээс нэг жилийн өмнө МИАТ-д хүсэлт тавьсан. МИАТ судалж үзээд бололцоотой гэж хэлсэн. Тэгээд бид Новод очсон. Тухайн үед арга хэмжээний хүрээнд хоёр улсын Шинжлэх ухааны академи, эмнэлгүүдээс гадна 17 аж ахуйн нэгж хамтран ажиллах санамж бичиг зурж байлаа.

Гэтэл ийм үр бүтээлтэй ажлын талаар нэгийг ч дурдаагүй хэрнээ Б.Энх-Амгалан дураараа авирлаж, онгоц буулгасан гэдэг юм. Агаарын хөлгийг дурын нэг хүн байтугай Монгол Улсын Ерөнхийлөгч ч дуртай газраа буулгаж болохгүй. Яагаад гэвэл, олон улсын агаарын тээврийн гэрээ, дүрэм гэж бий. Новод онгоц саатсан шалтгаан нь шатахуунаа авах, зорчигчдоо буулгаж, суулгахаас үүдсэн юм шиг байна лээ. Энэ нь бидний буруугаас болсон зүйл биш. МИАТ-ийн өөрийнх үйл ажиллагааны онцлогтой холбоотой байсан. Ингэж л онгоц саатуулсан нэртэй болсон доо.