Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх конгресс амжилттай өндөрлөлөө
2019.07.04

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх конгресс амжилттай өндөрлөлөө

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулах хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс 2019 оны 7 дугаар сарын 2, 3-ны өдрүүдэд Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулагдлаа.

Энэхүү Конгрессын гол зорилго нь хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх замаар тогтвортой нийгмийн хөгжил болон эдийн засгийн өсөлтөд хүрэхэд тэднийг эдийн засгийн хувьд чадавхижуулах талаар сайн туршлага, сургамжуудаа хуваалцах, түүнийг хэрэгжүүлэх бүс нутгийн нэгдсэн загварыг бий болгоход оршино.

Мөн Ази, Номхон далайн бүсийн орнуудын лидерүүд, төрийн байгууллагууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагууд, иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын байгууллагууд, залуучуудын бүлгэм болон үйлчилгээний байгууллагуудын төлөөлөгчдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой.

Энэхүү Конгресст нийт 43 орны хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллага, төр, төрийн бус байгууллага, хөгжлийн агентлагууд, хувийн болон бизнесийн салбаруудаас нийт 700 орчим зочид төлөөлөгчид чуулав.

Конгрессыг амжилттай зохион байгуулахад Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний байгууллагууд болох Дэлхийн эрүүл мэндийн байгууллага, НҮБ-ын Ази, Номхон далайн  бүсийн Эдийн засаг, нийгмийн Комисс, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага, Леонард Чешир сан, CBM Олон улсын байгууллага, Италийн AIFO Олон улсын төрийн бус байгууллага, Ази-Номхон далайн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв, Лилиан сан хамтран ажиллалаа.

Энэ онд “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” баримт бичгийн 17 зорилтын хэрэгжилтийн эхний үр дүнг хэлэлцэх онцгой жил тохиож байна. Тус баримт бичгийн 11 зорилтод хөгжлийн бэрхшээлийн асуудлаар олон төрлийн шалгуур үзүүлэлт тусгагдсан билээ. “Тогтвортой хөгжлийн зорилт-2030” болон бусад олон улсын хөгжлийн баримт бичигт тусгагдсан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоо болон хөгжлийг хангахад хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь чухал ач холбогдолтойг онцлож тэмдэглэв.

Конгрессын өдрүүдэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаар бүс нутгийн орнуудтай  сайн туршлагыг хэлэлцлээ. Гэсэн хэдий ч хэлэлцүүлгийн үеэр хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хүрээлэн буй орчны хүртээмжгүй байдал, нийгэм, эдийн засаг, соёл, улс төрийн хүрээнд тэгш бус байдал ажиглагдсаар байгаа талаар санал бодлоо илэрхийлэв.

Тогтвортой хөгжлийн зорилтыг хангахад дэмжлэг үзүүлэх Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгресс “Хэнийг ч орхихдуулахгүй байх” уриан дор дараахь зөвшилцөлд хүрлээ.

  • 1.Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бүх төрлийн ялгаваран гадуурхах агуулга бүхий хууль тогтоомж, мэдээлэл болон орчны хүртээмжгүй байдал, иргэд, олон нийтийн сөрөг хандлага, гутаан доромжлол, эрүүл мэндийн үйлчилгээ болон туслах хэрэгслийн хүртээмжгүй байдал, бие даан амьдрах эрхийн хэрэгжилтийг сайжруулах;
  • 2.Нийгмийн хамгаалал, боловсрол, хөдөлмөр эрхлэлт зэрэг гол салбарууд болон бусад суурь үйлчилгээ (эрүүл мэнд асран хамгаалах үйлчилгээ, эрүүл ахуй, ус, эрчим хүч)-г сайжруулах;
  • 3.Тэгш хамруулан хөгжүүлэх хандлагад оруулж буй хөрөнгө оруулалтыг зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст бус дэлхий дахинд насжилтын үйл явц эрчимжиж байгаа энэ үед ахмад настнууд болон нийгмээс тусгаарлагдаж буй бусад бүлэгт мөн адил чиглүүлэн хүртээмжтэй болгох;
  • 4.Бүсийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тулгарч буй бэрхшээлтэй асуудлаар төр болон бусад оролцогч талууд тогтмол хамтран хэлэлцэж, нэгдсэн шийдэлд хүрч байх зэрэг болно.

Бид дараах асуудалд итгэж буйгаа илэрхийлэв:

  • •Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх нь сэргээн засах хандлагаас илүү өргөн хүрээний ач холбогдолтой хандлага гэдгийг ойлгох;
  • •Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Хүн төвтэй байх ёстой гэдгийг Засгийн газар, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс, иргэд, олон нийт болон нийгмийн бүхий л оролцогч талууд хүлээн зөвшөөрч, өөрсдийн бодлого, үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх;
  • •Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенцын суурь зарчим гэдгийг хүлээн зөвшөөрөх;
  • •“Хэнийг ч орхигдуулахгүй байх” зорилготой Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь Тогтвортой хөгжлийн зорилтыг үр дүнтэй хэрэгжүүлэхэд чухал дэмжлэг болох юм. Үүний тулд Хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх хандлага нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулах боломжтой гэдгийг нийтээр хүлээн зөвшөөрөх шаардлагатай байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн 4 дүгээр конгрессыг Монгол Улсын Засгийн газар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Ази, Номхон далайн бүсийн Хамт олонд түшиглэн сэргээн засах сүлжээний байгууллагууд хамтран өндөр түвшинд зохион байгуулсаныг нийт оролцогчид онцлон тэмдэглэв.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн Дараагийн 5 дугаар конгрессыг 2023 онд зохион байгуулахаар санал нэгдэв.