Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээ боллоо
Тулгар төр байгуулагдсаны 2228, Их Монгол Улс байгуулагдсаны 813, Ардын хувьсгалын 98 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүрээнд зохион байгуулж буй Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан ёслолын арга хэмжээн болж байна.
Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаал уламжлал ёсоор жанжин Д.Сүхбаатарын талбайд ёслол төгөлдөр боллоо. Цэргийн ёслолын жагсаалыг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Н.Энхболд, ЗХЖШ-ын дарга, хошууч генерал А.Ганбат, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зөвлөх, дэслэгч генерал Д.Даваа болон Засгийн газрын сайд нар, УИХ-ын гишүүд, Нийслэлийн удирдлагууд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, олон улсын байгууллагын төлөөлөгч, албаны бусад хүмүүс болон иргэд, жуулчид оролцов.
Монгол Улсын иргэдэд эх оронч үндэсний үзэл, хүмүүжил төлөвшүүлэх зорилгоор жил бүрийн долоодугаар сарын 10-нд “Монгол Улсын Төрийн далбааны өдөр”-ийг тэмдэглэдэг билээ.
УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Сүхбаатар, Ц.Дашдорж, Д.Дамба-Очир, Н.Батбаяр нар 2009 онд Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийг санаачлан батлуулснаар монголчууд нийслэлийн төв талбайдаа цэргийн ёслолын жагсаал жагсаж, төрийн далбаандаа албан ёсоор хүндэтгэл үзүүлдэг уламжлал тогтжээ.
Энэ онд 10 дахь жилийн ойтой золгож буй Монгол Улсын Төрийн далбааны өдрийн цэргийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командлав.