Гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас олгоно
Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2019.08.07/ болж дараах асуудлуудыг шийдвэрлэлээ.
- Өнгөрсөн дөрөвдүгээр сард Булган аймгийн Ингэт сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг унтрааж байгаад гүн түлэгдэж, хөдөлмөрийн чадвараа алдсан Орхон аймгийн Онцгой байдлын газрын аврагч, гал сөнөөгч Э.Үнэнбатын эмчилгээний зардалд зориулан 100 сая төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргахаар болов.
- Албан үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч И.Эрдэнэшагайн эхнэр, хүүхдэд орон сууцны дэмжлэг үзүүлэхэд зориулж 100 сая төгрөг олгохоор болов. Талийгаач 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр Ховд голд живж байсан иргэнийг аврах гэж байгаад амиа алдсан юм.
- Эх орон, ирээдүй хойч үедээ уламжлалт сэтгэлгээ, дархлаа уламжлуулан үлдээх зорилгоор “Хязгааргүй дуулал” төрийн бус байгууллагын “Уран бүтээлчид-Улсын хилээр” арга хэмжээнд шаардагдах хөрөнгийн тодорхой хэсгийг Засгийн газрын нөөцөөс гаргахаар шийдвэрлэв.
- Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын салбарын улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэх газрын болон дэд бүтцийн асуудлыг цогцоор нь шуурхай шийдвэрлэж байхыг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид даалгав.
- Энэ онд 93 цэцэрлэг, 48 сургууль болон өргөтгөл шинээр ашиглалтад орно. Ингэснээр сургуулийн суудлын хүчин чадал 21420, цэцэрлэгийн ор 13140-өөр нэмэгдэх юм.
- Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах, барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг сайд Ё.Баатарбилэгт даалгав.
- Үндэсний урлагийн их театрын цогцолбор барих зориулалтаар газрыг улсын тусгай хэрэгцээнд авах талаар судалж шийдвэрлэхээр болов.
- “Автозамын санд хөрөнгө төвлөрүүлэх, захиран зарцуулах журам”, “Автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос Автозамын санд төвлөрүүлэх хувь хэмжээ”-г хавсралтаар батлав. 2020 онд автобензин, дизелийн түлшний албан татварын орлогоос нэг тонн тутамд 18 мянган төгрөгийг Автозамын санд төвлөрүүлэхээр болжээ.