Б.Энх-Амгалан: Дарханы зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй
2019.09.05

Б.Энх-Амгалан: Дарханы зам төлөвлөсөн хугацаандаа ашиглалтад орох боломжгүй

Эх сурвалж: Засгийн газрын мэдээ сонин

Улаанбаатар-Дархан чиглэлийн автозамын шинэчлэлийн ажил удааширч, иргэдийн бухимдлыг төрүүлж буй. Ирэх 11 дүгээр сард ашиглалтад орох ёстой тус ажил хугацаандаа амжихгүй нь ч тодорхой болсон. Ямар учраас дээрх чиглэлийн автозам шинэчлэлтийн ажил цалгардсаныг ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалангаас тодрууллаа


-Дарханы замын бүтээн байгуулалтын ажил ямар шатандаа байгаа вэ?

-Энэ чиглэлийн автозамын бүтээн байгуулалтын ажил 35 хувьтай явагдаж байна. Таван багц болгон тендер зарлаж ажил гүйцэтгэж байгаагаас хоёр, тав дугаар багцын ажил удаашралтай  байна. Яамнаас газрын дарга нар, ажлын хэсэг оролцсон хурлыг хэд хэдэн удаа хийсний үр дүнд техник, ажиллах хүч нэмэгдсэн. Гүйцэтгэгч байгууллага хугацаандаа дуусгана гэсэн боловч бодит байдал дээр тийм боломж харагдахгүй байгаа. Бид ажлаа шуурхайлахыг шахсаар байна. Харин 1, 3, 5 дугаар багцын гүйцэтгэлийн ажил гэрээт хугацаандаа буюу 11 дүгээр сар гэхэд дуусаж, хөдөлгөөнийг нээнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа.

-Хоёр багц замын ажил удааширсан гол шалтгаан нь юунд байна. Яамнаас шалтгаалсан уу, хувийн компани хариуцлага алдав уу?

-Гүйцэтгэгч компани техник тоног төхөөрөмжөө оруулж ирэхдээ удааширсан юм билээ. Мөн мэргэжлийн боловсон хүчний зөвшөөрөл авахдаа удаан хандсан. Дээр нь туслан гүйцэтгэгч компаниудтай үнээ тохиролцоогүйгээс ажил удааширсан байна. Энэ багц дээр “Шиньжан рөүд” гэж компани тендерт ялсан. Бид тус компанид нэгэнт олон улсын тендерт ялсан юм бол  ажлаа хий, чадахгүй бол манайх шийдвэртэй арга хэмжээ авна гэдгээ хэлсэн.

-Ажил удаашруулсан, улс болон иргэдийг хохироосон энэ компанид яагаад хариуцлага тооцож, замын ажлыг эрчимжүүлэхгүй байгаа юм бэ?

-Манай яамнаас Азийн хөгжлийн банкинд ажлаа хийхгүй байгаа, хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй компаниудын тендерийг цуцална гэдгээ мэдэгдсэн. Тус банкнаас “хариуцлага алдсан компанид хугацаатай үүрэг өг, болохгүй бол гэрээг цуцлах асуудлыг ярилцъя” гэсэн. Үүний дагуу яамнаас хугацаатай шаардлага өгчихсөн байгаа. Ажлын хэсэг энэ долоо хоногт байдалтай танилцаад дүгнэлтээ гаргана түүний дараа гэрээг хэсэгчлэн цуцлах эсвэл бүр цуцлах эсэхийг шийднэ.