“Монгол-Хятадын экспо”  Улаанцав хотноо эхэллээ
2019.09.06

“Монгол-Хятадын экспо” Улаанцав хотноо эхэллээ

“Монгол-Хятадын Экспо” гурав дахь удаагийн арга хэмжээ  “Бүс ба зам” санаачилгын хүрээнд “Хятад-Монгол-Оросын Эдийн засгийн коридорыг бүтээн байгуулж Зүүн хойд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааг урагшлуулъя” уриалгатайгаар зохион байгуулагдаж байна.

Монгол Улс, БНХАУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан хоёр тал энэ удаагийн Экспод чухал ач холбогдол өгч ажиллаж буй аж. “Монгол-Хятадын Эскпо” гурав дахь удаагийн арга хэмжээ энэ оны есдүгээр сарын 6-10-ны өдрүүдэд Өвөр Монголын Өөртөө Засах Орны нийслэл Хөх Хот, мөн Улаанцав, Тунглио хотуудад зохион байгуулагдахаар ийнхүү Улаанцав хотод нээлтээ хийлээ.

Хятадын талаас Бүх Хятадын Ардын Их Хурлын дэд дарга Бай Ма Чилин, Монголын талаас Шадар сайд Ө.Энхтүвшин нар тэргүүлж оролцох ба Экспогийн үйл ажиллагааг Монголын талаас ХХААХҮ-ийн Сайд Ч.Улаан, Хятадын талаас ӨМӨЗО-ны Засгийн ордны дэд тэргүүлэгч хатагтай Ай Ли Хуа нар удирдан зохион байгуулж байна.

Энэ удаагийн Экспо нь үзэсгэлэн яармаг, соёлын солилцоо, хурал форум, хөрөнгө оруулалтын чуулга уулзалт гэсэн үндсэн дөрвөн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулагдаж байгаа юм.

Монголын талаас Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Гадаад харилцааны яам, Боловсрол, соёл шинжлэх ухаан, спортын яам, Эрүүл мэндийн яам, Зам тээврийн яам, Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хууль зүй дотоод хэргийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Үндэсний хөгжлийн газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Гаалийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Иргэний нисэхийн ерөнхий газар, Стандарт хэмжил зүйн газар, УБТЗ ХНН, МИАТ ХК, МҮХАҮТ, МҮДХ, Мишээл Экспо ХХК зэрэг байгууллагууд хамтран зохион байгуулж байна.

БНХАУ-ын талаас БНХАУ-ын Худалдааны яам, ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар, Худалдааны танхим, Хөгжил шинэтгэлийн хороо, Худалдааг дэмжих хороо, ӨМӨЗО-ны зах зээлийн хяналт удирдлагын газар, Хууль зүйн танхим, Соёлын танхим, Боловсролын танхим, Шинжлэх ухааны танхим, ӨМӨЗО-ны үндэсний танхим тус тус хамтран зохион байгуулжээ.

Энэхүү Экспо арга хэмжээнд Монголын талаас урьдчилсан тоогоор 1200 орчим зочид төлөөлөгч оролцож байна.