Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар уулзав
2019.09.03

Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар уулзав

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга Алексей, Васильевич Гордеев нар Төрийн ордонд уулзав.

Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын хуралдаанаас гарсан шийдвэр, гарын үсэг зурсан 60 гаруй хамтын ажиллагааны гэрээний хэрэгжилтийг хангах талаар анхаарч ажиллах үүргийг Засгийн газрын тэргүүн үүрэг болгосны дагуу ажиллаж буйгаа уулзалтын эхэнд Шадар сайд онцлов.

Түүнчлэн Монгол Оросын Засгийн газар хоорондын комиссын 22-р хурал амжилттай болж, орон сууцны өмчлөл шийдвэрлэх, УБТЗ- ын талаархи баримтлах бодлогыг шинэчлэх зэрэг олон жил хүлээгдсэн асуудалд нэгдсэн байр сууринд хүрсэн явдалд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.

Мөн Халх голын байлдааны ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд ОХУ-аас Дорноговь аймагт томоохон хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийж, шинэ сум барьж төлөвлөсөн ажлуудаа цаг хугацаанд нь гүйцэтгэж, амжилттай хэрэгжүүлж байна гэв.

ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев хэлэхдээ; Манай хоёр орон халх голын дайнд хамтарсан ялалт байгуулсны 80 жилийн ойн үеэр ОХУ-ын ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж байгаа нь нэн чухал. Стратегийн түншлэл, найрсаг харилцаа, хамтын ажиллагаа өргөжин тэлэх нь гарцаагүй. Айлчлалаар хэд хэдэн гэрээ хэлэлцээр хийгдэнэ. Монголын ард түмэн Эрхүү мужийн байгалийн гамшигт нэрвэгдсэн иргэдэд тусламж үзүүлсэнд ихээхэн талархаж байна гэсэн юм.

Уулзалтын дараа Шадар сайд Ө.Энхтүвшин, ОХУ-ын Засгийн газрын Орлогч дарга А.В.Гордеев нар Халхын голын байлдааны ялалтын 80 жилийн ойд зориулан гаргасан шуудангийн маркыг нээх ёслолд оролцсон юм гэж Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.