"Ерөнхийлөгч засаглалыг асуух гэсэн нь Үндсэн хуулийн өөрчлөлтөд хөндөгдөөгүй асуудал"
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэтэй улс төрийн цаг үеийн асуудлаар ярилцлаа.
–Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийг хийж дууслаа. Харамсалтай нь үүнтэй зэрэгцээд улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдөх төлөвтэй байна. УИХ дахь Ардчилсан намын зөвлөл болон Ерөнхийлөгчийн зүгээс өргөн барьсан төсөл, саналаа татаж авахаа өчигдөр /2019.09.09/ мэдэгдсэн. Үндсэн хууль тойрсон улс төрийн өнөөгийн нөхцөл байдлыг та хэрхэн харж байна вэ?
-Улс төрийн тэмцэл гэх юм уу бие биеэ үгүйсгэх сөрөг хүчний хандлага Үндсэн хуулийг хэлэлцсэн тэр үеэс л байсан. Нөгөөтэйгүүр УИХ-ын нэр бүхий 62 гишүүний өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэж эхэлсний дараа Ерөнхийлөгч өөрийн боловсруулсан төсөл, саналаа оруулж ирсэн нь Ерөнхийлөгчийн саналыг парламентын гишүүдийн өргөн барьсан төсөлтэй нэгтгэх дундын хувилбарыг гаргасанд сэтгэл 100 хувь бүрэн дүүрэн нийцсэнгүй.
Гэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр зарчмын томоохон өөрчлөлтүүдийг хийж байгаа нь нэлээд том шинэчлэлт болно гэж харж байгаа. Шүүхтэй холбоотой шинэчлэл, нутгийн удирдлагыг түвшнийг дээшлүүлсэн, УИХ-ын гишүүний хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль батлах босгыг өндөрсгөсөн зэрэг чухал заалтууд тусгагдсан.
Тиймээс энэ удаагийн нэмэлт, өөрчлөлтийг батлаад цааш хэрэгжүүлээд явах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна. Үндсэн хуулийг хэлэлцэх үеэр улс төрийн уур амьсгал хэрхэхийг бид анхнаасаа л гадарлаж байсан. Тухайлбал, Ерөнхийлөгч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцож Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг танилцуулах үеэрээ
“Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлах сонгогчдын даалгаврыг биелүүлж чадваас түүхэн үүрэг хариуцлагаа биелүүлсэн гэж үзээд УИХ-ыг тарааж, дараагийн сонгуулийг даруй зарлах шаардлагатай” гэж хэлсэн нь цааш улс төрийн салхи, шуурга ширүүснэ шүү гэдгийг урьдчилан таахаар ийм мэдээлэл байлаа. Энэ үйл явц одоо явж байна л гэж хувь гишүүний хувьд харж байна даа.
-Хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр олон нийтийн зүгээс нэлээд ач холбогдол өгч байсан заалтууд хасагдсан байсан. Тухайлбал, олон жил ярьсан “давхар дээл”-ийг бүрэн тайлж чадсангүй. Мөн Ерөнхий сайдад танхимаа өөрөө бүрдүүлэх эрхийг нь өгсөнгүй. Анхны өргөн барьсан хувилбараасаа төсөл бага зэрэг доошилчих уу даа гэж харж байна?
-Бид уг нь бүлгийн хурлаараа авч хэлэлцэхдээ “давхар дээл”-ийг байхгүй болгоё , Засгийн газраас оруулж ирсэн төсвийн зарлагын болон алдагдлын хэмжээг УИХ нь эвдээд байдаггүй, Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байх, УИХ цэвэр хууль батлах чиглэлдээ төвлөрч ажиллая гэсэн чиглэл барьж байтал УИХ-аар хэлэлцэх үеэр нөхцөл байдал өөрчлөгдсөн нь үнэн. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно гээд ороод ирсэн. Хаанаас орж ирсэн, салхи, шуурга, чулуу нь мэдэгдэхгүй л байна.
-УИХ-ын гишүүдийн тоог 108 болгох Ерөнхийлөгчийн саналыг дундын хувилбараар буюу 99 болгох, парламентын бүрэн эрхийн хугацаа таван жил байхыг МАН-ын бүлэг болон байнгын хороогоор дэмжсэн атал гишүүд УИХ-ын чуулганаар эсрэг санал өгцгөөсөн. Эндээс МАН-ын бүлгийн дотоод уур амьсгал хоёр тал руу харсан хэвээр байна уу гэсэн дүгнэлтийг олон нийт өгч байна. Та үүнд ямар хариулт өгөх вэ?
-УИХ-ын гишүүдийн тоог өөрчлөлөө гээд УИХ-ын нэр хүнд, хуулийн чанар, хийх ажлууд нь сайн, сайхан болчихгүй. Сууриар нь өөрчлөх буюу Сонгуулийн тухай хууль, Улс төрийн намын тухай хуульдаа өөрчлөлт оруулах зэрэг үндэс сууриар нь өөрчилж байж УИХ-д орж ирэх гишүүдийн босго, ёс суртахуун, хариуцлага, батлах хуулийн чанар нь сайжирна. Түүнээс биш гишүүдийн тоог нэмснээр асуудал шийдэгдэхгүй. Мөн парламентын бүрэн эрхийн хугацааг нэмэх шаардлагагүй гэж үзсэн учраас миний хувьд эсрэг саналаа өгсөн. МАН-ын бүлэг хагаралтай байгаа юм уу гэж асуулаа. Харин эсрэгээрээ бүлгийн уур амьсгал ажил хэрэгч таатай байгаа.
Сүүлийн хэдэн сар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцсэнээс хойш бүлэг, болон ажлын хэсэг ойрхон давтамжтайгаар уулзалдаж бүлэг дотор ажил хэрэгч таатай уур амьсгал бүрдсэн гэж хэлэх байна.
-Ерөнхийлөгч өргөн барьсан саналаа татна гэдгээ мэдэгдлээ. Нэгэнт чуулганаар хэлэлцэгдсэн заалтуудаа эргүүлж татна гэдэг нь төсөл дахиад задарна гэсэн үг үү?
-Ойлгохгүй байна л даа. Ерөнхийлөгчийн өргөн барьсан саналыг ажлын хэсэг, Төрийн байгуулалтын байнгын хороогоор авч хэлэлцээд УИХ-аар хэлэлцээд алх цохиод шийдчихсэн шүү дээ. Өөрөөр хэлбэл, 57 гишүүний өндөр ирцтэйгээр УИХ-аар хэлэлцсэн.
Одоо миний харж байгаагаар төсөлд хэнээс, хаанаас ирүүлсэн санал вэ гэдэг нь хамаагүй болсон. Ажлын хэсэг, байнгын хороогоор боловсруулагдаад УИХ-аар хэлэлцсэн яг л явдаг зарчмаараа явсан ийм асуудалд саналаа татна гэсэн ойлголт байх ёсгүй.
-Та дээр ярианыхаа эхэнд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт томоохон шинэчлэлтийг бий болгоно гэлээ. Энэ тухайгаа тодруулж хэлнэ үү?
-Шүүхийн ерөнхий зөвлөл (ШЕЗ)-ийн бүрэлдэхүүнийг Үндсэн хуульд зааж шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг бэхжүүлэх чухал заалт орж ирсэн. Тус зөвлөлийн 10 гишүүний тавыг шүүгчид дотроосоо сонгож, бусад таван гишүүнийг нээлттэйгээр нэр дэвшүүлж хуульд заасан журмаар томилно. Шүүгч болон шүүгч бус гишүүдийг тэнцүү төлөөлөлтэй оруулснаар шүүгчийн хараат бус байдлыг бий болгох том шинэчлэл.
Шүүхийн систем гаднын болоод улстөрчдийн хамааралгүйгээр явдаг ийм зарчим руу орно гэж харж байна. Хоёрдугаарт өнөөдөр намчирхлаас үүдэж төрийн захиргааны үйл ажиллагаа зохистой бус байгааг Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр засах гэж оролдсон нь сайн хэрэг. Тухайлбал, хот, тосгонд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын зарим чиг үүргийг шилжүүлэх асуудлыг илүү тодорхой болголоо. Мөн УИХ-ын гишүүн өргөсөн тангаргаасаа няцаж Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг эгүүлэн татах үндэслэлийг Үндсэн хуульд тусгасан нь маш зөв.
Гишүүдийг УИХ-ын гишүүнээс нь эгүүлэн татдаг байх энэ асуудал сүүлийн үед хурцаар яригдаж байгаа. Үүнийг гишүүдийн олонхи дэмжсэн нь сайшаалтай. Үүний цаана гишүүдийн хариуцлага нэмэгдэнэ. Мөн хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь түдгэлзүүлэх, огцруулах болон сахилгын бусад шийтгэл ногдуулах чиг үүрэг бүхий Шүүхийн сахилгын хороо ажиллах Ерөнхийлөгчийн саналыг дэмжсэн.
-Төсөлд төрийн албаны зарчмыг тодорхойлох, улс төрийн шалтгаанаар төрийн албанаас халах, чөлөөлөхийг хориглох, шатлан дэвших, чадахуйн (мерит) зарчимд суурилсан хариуцлагатай томилгоог бий болгохтой холбоотой заалтыг гишүүд дэмжсэнгүй. Төрийн албаны тогтвортой байдлыг Үндсэн хуулиар хамгаалах чухал заалт байсан гэдгийг судлаачид хэлж байсан?
-Тийм ээ. Миний хувьд дэмжиж байсан энэ заалт унасан нь харамсалтай. Дээрх заалт орж байж төрийн албан хаагчид тогтвортой, хариуцлагатай, шатлан дэвшдэг байх энэ бүх зарчим Үндсэн хуулиар баталгаажих байлаа. Ялангуяа сүүлийн үед төрийн алба улстөржсөн байдалтай, улс төрийн шахаасаар мэдлэг, боловсрол сул хүмүүс орж ирээд шатлан дэвших бус шууд албан тушаал ахидаг байдлаас болж төрийн албаны нэр хүнд унах, цаашлаад алдаа гардаг энэ бүхнийг халах маш чухал заалт байсныг гишүүд маань дэмжсэнгүй.
Хувийн хэвшилд ажиллаж байсан гишүүдээс хатуухан шаардлага орж ирсэн гэх үү дээ. Гэхдээ үүнийг нь буруутгах аргагүй. Энэ заалт орж ирснээр төрийн албанд ажиллаж байгаа үл бүтэх нөхдүүдийг улам хамгаалсан заалт болох нь гэж үзээд л дэмжээгүй болов уу.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг дэмжих эсэхийг ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэхээр боллоо. Ерөнхийлөгчийн зүгээс Монгол Улс цаашид парламентын засаглалтай байх уу эсвэл Ерөнхийлөгчийн засаглалтай байх уу гэдгийг мөн ард нийтээс асуух шаардлагатай гээд тогтоолын төсөл өргөн барилаа. Энэ нь хууль эрхзүйн хүрээнд хэр боломжтой юм бэ?
-Засаглалтай холбоотой асуудлыг нийт ард иргэдийн хэмжээнд асууж шийдвэрлэх асуудал мөн үү гэвэл мөн. Гэтэл Ерөнхийлөгчийн тавьсан асуулт Үндсэн хуулийн өөрчлөлтөд огт хөндөгдөөгүй асуудал.