Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх олон талт хамтын ажиллагаа сэдэвт уулзалт боллоо
“ОСОЛ, ГЭМТЛЭЭС СЭРГИЙЛЭХ-ОЛОН ТАЛТ ХАМТЫН АЖИЛЛАГАА” сэдэвт уулзалт боллоо.
Уг арга хэмжээнд Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Төв болон Номхон далайн баруун бүсийн асуудал хариуцсан зөвлөхүүд, Монгол Улс дахь ДЭМБ-ын Суурин төлөөлөгчийн газар, Эрүүл мэндийн яам, холбогдох яам, байгууллагуудын албаны дарга, мэргэжилтнүүд оролцлоо.
Монгол улс дахь осол, гэмтлийн өнөөгийн байдал, хууль эрх зүйн орчин, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, Нийслэлд осол гэмтлээс сэргийлэх чиглэлээр хийсэн арга хэмжээ, хамтын ажиллагааны танилцуулга, Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээрх олон салбарын хамтын ажиллагаа сэдвээр оролцогчид илтгэл тавьж санал бодлоо солилцлоо.
Эрүүл мэндийн Сайд Д.Сарангэрэл хэлэхдээ Осол, гэмтлийн шалтгаан, эрсдэлт хүчин зүйлийг бууруулах, аюулгүй нөхцөлийг бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, уялдаа холбоо маш чухал юм.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын Женев дэх Эрүүл мэндийн нийгмийн үзүүлэлтүүдийн асуудал хариуцсан захирал Этиенн Круг-ээр ахлуулсан зөвлөх баг Монгол Улсад 2019 оны 09 дүгээр сарын 16-20-ны өдрүүдэд аосол гэмтлээс сэргийлэхэд салбар хоорондын хамтын ажиллагаа, ажил үүргийн хуваарилалт болон нэгдсэн зохицуулалтын талаар мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэхээр ирсэн.
Доктор Этиенн Круг зөвлөх бол Дэлхийн олон улс оронд осол, гэмтлийг бууруулахад амжилттай ажиллаж байгаа, олон орны салбар хоорондын хамтын ажиллагааг үр дүнтэй зохион байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан туршлагатай хүн гэдгийг онцлов.
2018 онд Гэмтэл согог судлалын үндэсний төвд зөвхөн түлэгдлийн улмаас хэвтэн эмчлүүлсэн 868 хүүхдийн эмчилгээний зардалд 2 тэрбум орчим төгрөг, нас барсан 9 хүүхдэд 469 сая төгрөг буюу 1 хүүхдэд ойролцоогоор 50 гаруй сая төгрөг зарцуулсан тооцоолол байна. Хэрэв энэхүү зардлыг осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх, аюулгүй байдлыг хангахад зарцуулсан бол ирээдүйд гарах эрсдэлт нөхцөлд амьдарч буй 90 гаруй мянган хүүхдийг осол, гэмтлийн эрсдэлээс хамгаалах боломжтой.