ЗТХ-ийн сайд Б.Энх-Амгалан "Оросын төмөр замууд"НХН-ийн ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзав
Монгол-Оросын хувь нийлүүлсэн Улаанбаатар төмөр зам нийгэмлэгийн Монголын талын хувь нийлүүлэгч/акционер/, Монгол Улсын Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан ОХУ-ын Москва хотноо 2019 оны 10 дугаар сарын 28-ын өдөр “Оросын төмөр замууд” НХН-ийн Ерөнхий захирал бөгөөд Ерөнхий хорооны дарга, УБТЗ ХНН-ийн Оросын талын хувь нийлүүлэгч /акционер/ О.В.Белозёровтой хоёр талын уулзалт хийлээ.
Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгч, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв коридорын зарим хэсгийг шинэчлэх ажил дээр “Оросын төмөр замууд” НХН-тэй хамтарч ажиллах, техникийн дэмжлэг үзүүлэх зэрэг асуудлын талаар санал солилцов.
Мөн талууд УБТЗ ХНН-ийг 2030 он хүртэл хөгжүүлэх хөтөлбөрийн хүрээнд тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, техникийн шинэчлэлт хийх тал дээр онцгой анхаарал хандуулан ажиллахаар тогтов.
Түүнчлэн шинэ төмөр замын төслүүд дээр хамтарч ажиллахаар ярилцан, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн шинэчлэл, хөгжил, хамтын ажиллагааны өргөн хүрээтэй асуудлын талаар санал солилцлоо.