Санхүүгийн зохицуулах хорооны даргыг үүрэгт ажлаас чөлөөлөхийг дэмжив
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.11.05) хуралдаан 52.6 хувийн ирцтэйгээр 10 цаг 40 минутад эхэлж хоёр асуудал хэлэлцэв.
Хуралдаанаар эхлээд Санхүүгийн зохицуулах хорооны даргыг чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж, энэ талаар Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар танилцууллаа.
Тус хорооны дарга С.Даваасүрэн нь өөрийн хүсэлтээр үүрэгт ажлаас чөлөөлөгдөх өргөдөл ирүүлсэн тул Санхүүгийн зохицуулах хорооны эрх зүйн байдлын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3 дахь заалтыг үндэслэн уг асуудлыг хэлэлцүүлж буйгаа тэрбээр танилцууллаа.
Танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн С.Чинзориг: Хариуцлага тооцож байна уу эсвэл өөрийнх хүсэлтээр ажлаас нь чөлөөлж байна уу? гэдгийг тодруулж, хариулт авсан.
Ингээд санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх Содномдаржаагийн Даваасүрэнг Санхүүгийн зохицуулах хорооны даргын үүрэгт ажлаас чөлөөлөх саналыг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.