Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш
2019.12.05

Ж.Энхбаяр: ЖДҮ авсан болохоос авлига авч, хулгай хийж, улсын мөнгө ашигласан биш

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

“ЖДҮ-гийн хэрэг” яагаад үүссэн, энэ хэргийн талаар эрх баригч МАН-ынхан юу гэж үзэж байгаа нь олон нийтэд сонин байгаа юм.

“Зууны мэдээ” сонин үүнд хариулт өгөхүйц нэгэн мэдээллийг өмнө нь цувралаар хүргэсэн. Тэр бол УИХ дахь МАН-ын бүлгийн хурал дээр гишүүд юу гэж ярьсан талаарх мэдээлэл байв.
Энэ удаад дахин нэг хуралдааны талаарх МАН-ын бүлгийн “ЖДҮ-гийн протокол-2”-ыг дэлгэж байна. УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны нэгдүгээр сарын 10-нд Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд хуралджээ. Хуралдааныг МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн даргалж, Бүлгийн Ажлын албаны дарга Н.Энхтайван, зөвлөх Б.Санжмятав, Н.Хажидсүрэн, Ц.Энхжаргал, А.Батзаяа, Б.Жамбал, Л.Эрдэнэбаяр, ахлах референт Б.Ариунзаяа, Г.Ихбаяр, референт Б.Цэцэгдэлгэр нар оролцжээ.
МАН-ын бүлгийн 64 гишүүний 44 нь энэ хуралд суусан байна. Харин УИХ-ын Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, Г.Мөнхцэцэг нар өвчтэй, Б.Саранчимэг, О.Содбилэг, Д.Тэрбишдагва нар гадаадад, Н.Номтойбаяр томилолттой, Ж.Эрдэнэбат чөлөөтэй, Сү.Батболд , Ж.Бат-Эрдэнэ, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Ц.Гарамжав, Б.Дэлгэрсайхан, Л.Мөнхбаатар, Г.Тэмүүлэн, А.Ундраа, Д.Цогтбаатар, Л.Энх-Амгалан, М.Энхболд нар шалтгаангүйгээр хуралдаа суугаагүй байна.
Энэ хурлаар “ЖДҮ-гийн хэрэг”-т холбогдсон Б.Ундармаа, Л.Энхболд, Д.Дамба-Очир, Г.Солтан нарыг УИХ-ын гишүүнээс түдгэлзүүлэх Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангийн саналыг хэлэлцжээ. 

Өмнөх нь Ж.Энхбаяр: Манай 40-өөд гишүүн ирэх сонгуульд маш хүнд тамгатай орох байх 

…Үргэлжлүүлээд УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “…Тэгээд одоо яах вэ, нэгэнт ийм асуудал үүсчихээд цагдаа шалгаж тогтоогоод, прокурорын үндэслэлтэй шахаж байгаа гэдэг чинь их эвгүй байхгүй юу. Алга таших юм биш шүү дээ. Тэгэхээр Батзориг сайд аа, бодит үнэнийг хэлээч. Нөгөө талаас ЖДҮ-ийг дэмжинэ гэдэг чинь юу юм бэ. Олон түмэнд тараагаад өгчих юм яриад байгаа. Боломжгүй улсуудад тарааж өгөх төсөл байсан гээд байгаа. Ер нь үйлдвэрлэл хөгжүүлэх ямар бодлого байдаг юм бэ. Үүнийгээ та нар ярь л даа. Ярих юм алга. Нэгэнт энэ дотроосоо хэдэн нөхдөө шоронд явуул гэдэг улс төр хийсэн шүү дээ. Тэрийгээ Мөнхбат хэлж л байна. Бодит үнэнийг хэл. Юу болсон юм бэ. 

Миний хувьд ЖДҮ-гийн зээл авсан хүн. Дүрэм журмын дагуу сонгон шалгаруулалтад ороод ирсэн. Зориулалтын дагуу ашигласан. Шалгасан. Дууссан. Нуугаад, хаагаад байх юм байхгүй. Ил тод шүү дээ. Энэ ямар авлига авсан биш, хулгай хийсэн биш, улсын мөнгө ашигласан биш. Салбарыг нь зарласан. Төсөл хөтөлбөрт нээлттэй сонгон шалгаруулалтад оролцоод авсан. 

Ийм л улсууд байж байгаа. Мэдээж, улс төрийн байгууллага хурдан шуурхай ажиллаж, харж байгаа шүү дээ. Тийм том том асуудлууд, том том хулгайн асуудал байхад л орохгүй хаяж үлддэг мөртлөө энэ ЖДҮ-гийн асуудлыг ямар хурдан оруулж, энэ жагсаал цуглаантай холбоотой дөрвөн гишүүний асуудлыг яаж хурдан оруулж ирж байна вэ. Их л хурдан шуурхай ажилладаг юм байна. Тэгэхээр Батзориг сайдын үгийг сонсмоор байна. Та үнэнийг хэлээч” гэсэн байр суурийг илэрхийлэв.
Үргэлжлэл бий…