Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр хамтран ажиллана
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын хуралд оролцож буй УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунгт өчигдөр бараалхав.
БНСВУ-ын Шадар сайд Чинь Динь Зунг Монгол, Вьетнамын ард түмэн хүнд хэцүү үед харилцан бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтайг онцлов. Тэрээр хоёр орны улс төрийн бат бэх харилцаанд суурилан цаашид худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, соёл, боловсрол, шинжлэх ухаан, техникийн зэрэг өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх боломжтойг тэмдэглэв.
Монгол, Вьетнамын Засгийн газар хоорондын Комиссын Монголын хэсгийн дарга, сайд Ч.Улаан энэ удаагийн комиссын хурлын хүрээнд хамтын ажиллагаанд бодит ахиц гаргах чиглэлээр хоёр тал нухацтай ярилцаж, тодорхой асуудлаар тохиролцоонд хүрсэнд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв. Хоёр улсын худалдааг тэлж, ойрын үед 100 сая ам.долларт хүргэхээр тохиролцож, Монголоос мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос, ноолуур, эрчим хүчний болон коксжих нүүрс зэрэг ХАА, уул уурхайн бүтээгдэхүүнийг Вьетнамын зах зээлд нийлүүлэх боломжтойг тэмдэглэв.
Хоёр улсын агаарын харилцаа, төмөр зам, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шууд болон захиалгат нислэг үйлдэх, Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр тодорхой санал солилцов.
Мөн Вьетнам улсаас цагаан будаа, кофе, далайн бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ зэрэг бүтээгдэхүүн авах сонирхолтой байгаагаа илэрхийлэв. Мал эмнэлэг, хорио цээрийн хянан магадлагааны ажлын хэсгийг ирэх нэгдүгээр сард солилцохоор тохирсон нь энэ удаагийн ЗГХК-ын бодит үр дүн болсныг мөн онцоллоо.
Талууд хоёр талын бизнес эрхлэгчдийн хамтын ажиллагааг дэмжих, хөрөнгө оруулагчдад шаардлагатай мэдээллийг цаг тухайд нь өгч байхаар ярилцав. Монголын тал “Дарханы арьс шир боловсруулах цогцолбор” төслийг танилцуулж, Вьетнамын хөрөнгө оруулагчдыг уг төсөлд оролцохыг урьснаа тэмдэглэхэд энэ чиглэлд Вьетнам улсын талаас ихээхэн сонирхол байгааг Шадар сайд Чинь Динь Зунг хариу мэдэгдэв.
Тэрээр, хоёр улсын агаарын харилцаа, төмөр зам, далайн тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлж, шууд болон захиалгат нислэг үйлдэх, Вьетнамын далайн боомтод терминал ашиглах чиглэлээр хурлын үеэр тодорхой санал солилцсоныг сайшааж, энэ чиглэлд идэвхтэй хамтран ажиллахыг холбогдох яамандаа үүрэг болгохоо илэрхийлэв гэж ГХЯ-наас мэдээллээ.