Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд нартай уулзлаа
2019.12.24

Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд нартай уулзлаа

Монгол Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсаас гадаад улс орнуудад суух Элчин сайд нар болох Монгол Улсаас ОХУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Д.Даваа, БНПУ-д суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Б.Дорж, Шведийн Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар, Тайландын Хаант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Төмөр, Монгол Улсаас НҮБ-ын дэргэд суух Байнгын төлөөлөгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд В.Энхболд нарыг хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан Монгол Улсаас гадаад орнуудад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар томилогдсонд баяр хүргээд, томилогдсон улс орнуудынхаа Монгол Улстай харилцах гадаад харилцааг шинэ шатаар ахиулж, Монгол Улсынхаа нэр хүндийг өндөрт өргөж, улсынхаа хөгжилд өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж ажиллахыг хүслээ. Мөн тэрбээр Монгол Улсын Зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн талаар мэдээлэл өгч, Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нарын томилогдон суугаа улс орнуудтай зам, тээврийн салбарын хүрээнд хэрэгжүүлэх, хамтрах, анхаарах шаардлагатай ажлуудын талаар ярилцаж, санал солилцов.

Б.Энх-Амгалан сайд Монгол Улсын Засгийн газар болон дээрх улс орнуудын Засгийн газар хооронд хийсэн Автотээвэр, Агаарын тээврийн хэлэлцээрүүдийг шинэчлэн байгуулах, зорчигч эргэлтийг нэмэгдүүлэх, нислэгийн код хуваах, эдгээр улсуудад зам, тээврийн салбарын, тэр дундаа далайн тээврийн боловсон хүчнийг сургах, дадлагажуулах, богино хугацааны сургалтад хамруулах, шинэ дэвшилтэт техник технологийг эх орондоо нэвтрүүлэх, хоёр талт болон олон талт хамтын ажиллагааг хөгжүүлэх тал дээр онцгой анхаарал хандуулж ажиллахын чухлыг онцлоод, хилийн чанадад эх орноо төлөөлөн суух их үйлсэд нь амжилт хүслээ.