Эрчим хүчний салбарын 2019 оны онцлох 10 ажил
2020.01.17

Эрчим хүчний салбарын 2019 оны онцлох 10 ажил

Эрчим хүчний салбарын 2019 оны  онцлох 10 ажлыг нэрлэж байна.
  • Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах зорилгоор нэг жилийн хугацаанд сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийг барьж ашиглалтад оруулав.Тус үйлдвэр нь өнөөдрийн байдлаар 56,608.9 тн сайжруулсан шахмал түлш, 756,881 тн түүхий эд буюу мидлингийн нөөцтэй байгаа бөгөөд хоногт 2096 орчим тн сайжруулсан шахмал түлшийг үйлдвэрлэж байна.
  • Нийслэлийн 42000 айл өрхөд 4 квт-ын цахилгаан халаагуур ашиглах боломжийг бий болгож өгөв. Энэ нь нийслэлийн агаарын бохирдлыг эрс бууруулан Улаанбаатарын оршин суугчдыг аюулгүй орчинд амьдрах нөхцлийг бий болгож өгч байна.
  • Эрдэнэ-бүрэнгийн 90 МВт-ын Усан цахилгаан станц, нийслэлд 100 МВт-ын батарей хуримтлуурын станц барьж байгуулах ажлуудын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэлээ.
  • Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулинд  нэмэлт өөрчлөлт оруулах ажлыг зохион байгуулж, УИХ-аар батлуулснаар тусгай зөвшөөрлийн замбараагүй олголтод цэг тавьж,  хэрэглэгчдэд очих үнийн дарамтыг багасгах хууль, эрх зүйн боломжийг нээж өглөө.
  • ОХУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дулааны 4-р цахилгаан станцын №1-4-р турбингенераторыг шинэчлэх төслийн эхний ээлжийн хоёр турбингенераторыг шинэчлэн 43 МВт-аар хүчин чадлыг нь нэмэгдүүлэв.
  • Европын сэргээн босголт хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Дарханы дулааны цахилгаан станцын хүчин чадлыг 35 МВт-аар өргөтгөх ажлыг дуусган  ашиглалтад хүлээн авлаа.
  • БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Монгол Улсад анхны болох 330 кВ-ын Улаанбаатар-Мандалговийн цахилгаан дамжуулах агаарын шугамыг ашиглалтад оруулав.
  • Сэргээгдэх эрчим хүчний хүрээнд Сүмбэрийн 10 МВт-ын, Бөхөгийн 15 МВт-ын нарны станцууд баригдаж ашиглалтад орсон юм.
  • Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын өргөтгөлийн ажлыг эхлүүллээ. Өргөтгөл хийгдснээр станцын суурилагдсан хүчин чадлыг хоёр дахин нэмэгдүүлэх юм.
  • Эрчим хүчний системийн тогтворжилтыг хянах, түүнийг хангахад чиглэсэн WAMS системийг салбартаа нэвтрүүлэв.