Ч.Улаан сайд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юү-тэй уулзлаа
2020.01.21

Ч.Улаан сайд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юү-тэй уулзлаа

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улаан "Дэлхийн хүнс, хөдөө аж ахуйн чуулга уулзалт 2020"-д оролцох зорилгоор ХБНГУ-ын Берлин хотноо ажлын айлчлалаар яваа билээ. Айлчлалынхаа үеэр сайд Ч.Улаан  Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Чю Донг Юү-тэй уулзлаа.

Уулзалтын үеэр Сайд Ч.Улааны зүгээс хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт 2019 онд хийсэн ажлаа товч танилцуулж, 2020 онд хийхээр төлөвлөж буй гол ажлуудаа танилцуулж, санал солилцлоо. Мөн Засгийн газрын зүгээс хөдөө аж ахуйн экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар танилцуулсан.

Тухайлбал, БНХАУ руу улаан буудай, хөх буудайн гурил, сүүн бүтээгдэхүүн, дулааны аргаар боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн болон малын дайвар бүтээгдэхүүнийг экспортлох хууль, эрх зүйн орчныг бий болгож байгаа талаар, мөн ОХУ, Вьетнам, Казахстан, Киргиз, Узбек, Иран, Турк зэрэг орнуудад мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай бүтээгдэхүүн экспортлож эхлэх яриа хэлэлцээг өрнүүлж, эрх зүйн орчныг бүрдүүлж байгаа талаар дуулгалаа. Мөн тус салбарын өрсөлдөх чадвар, үр ашгийг нэмэгдүүлэх зорилгоор салбарыг цахимжуулах бодлогоо танилцуулж, цахим хөдөө аж ахуйн стратегийн баримт бичгээ боловсруулж дуусаад байгааг мэдээллээ.

Үүний хариуд НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Ерөнхий захирал Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлж буй бодлогыг сайшааж, тус салбарыг цахимжуулахын ач холбогдолтой санал нийлж байгаагаа мэдэгдэв. Хөдөө аж ахуйн салбарыг цахимжуулах, орчин үеийн дэвшилтэт цахим шийдлийг нэвтрүүлэхэд тус байгууллагаас дэмжиж ажиллахад бэлэн байгаагаа мэдэгдээд Монгол Улсын хувьд экспортоо нэмэгдүүлэхийн тулд худалдааны нээлттэй бодлого хэрэгжүүлэх нь зүйтэй талаар цохон тэмдэглэв. Үүний хүрээнд олон улсын хурал зөвөлгөөнд орж бодлогоо танилцуулж, хэлэлцээ тогтмол өрнүүлдэг байх, мөн олон улсын үзэсгэлэн худалдаанд тогтмол оролцож улс орон, бүтээгдэхүүнээ танилцуулан сурталчилж байхын ач холбогдлыг мөн цохон тэмдэглэлээ.